УИХ дахь АН-ын бүлгийн хурал өнөөдөр /2020.12.21/ хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Бүлгийн хурлаар нийт есөн асуудал хэлэлцсэн. Вакцин худалдан авах ажлын хэсгийг ахалж байгаа Сангийн сайдаас мэдээлэл авахаар дуудсан боловч ажилтай байн гэдэг шалтгаанаар ирсэнгүй. Вакцины ажлын хэсгийг Сангийн сайд ахлах нь тохиромжгүй. Бусад бүх улс оронд Эрүүл мэндийн сайд нь эсвэл Ерөнхий сайд нь энэ ажлыг хариуцаж түргэн шуурхай ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл мэдээлэл хангалтгүй байгаа учраас ирэх долоо хоногт энэ асуудлаар дахин мэдээлэл авна. Засгийн газраас цахилгаан, дулаан, хог, усны мөнгийг төрөөс даах болсонтой холбоотойгоор Эрчим хүчний сайдаас мэдээлэл авлаа. Тооцоо судалгаагүй шийдвэр гаргаж, дараа нь иргэдийг буруутгадаг байдал газар авлаа. Эргээд буруу шийдвэртээ ард иргэдийг буруутгадаг боллоо. Энэ жил хүйтэн өвөл болж байгаа учраас цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн. Гэтэл үүнд иргэдийг буруутгаж байгаатай АН санал нийлэхгүй. Иргэд нохойны үүрээ халааж байна гэж байна. Ийм зүйл байхгүй. Ахуйн хэрэглээ маш бага байхад ард иргэдээ буруутгаж байгаа нь тун зохисгүй. Эрчим хүчний сайдын өгсөн мэдээллээр цаашид дулаан, цахилгаан доголдохгүй гэж хэллээ. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний асуудал Үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн. Зөв зохистой ажил энэ чиглэлд авч хэрэгжүүлсэнгүй. Өнгөрсөн амралтын өдөр Ардчилсан Нам, ардчиллыг дэмждэг хүн бүрт анхаарууштай үйл явдал боллоо. АН-ын X их хурал амжилттай болж Ази улсдаа анх удаа томхон хурлыг цахимаар зохион байгууллаа” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Туваан “Ардчилсан намын Их хурал өнгөрөгч Баасан гаригт цахимаар болсон. Хэлэлцэх асуудлаа бүрэн хэлэлцэж дууслаа. АН-ын 10 дугаар Их хурлыг хуралдуулах шийдвэр өмнө гарсан ч түр хойшилж сая хуралдсан. Энэ хурлаар АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, баталсан. Дүрмийн нэмэлт, өөрчлөлтөө Улсын Дээд шүүхэд бүртгүүлснэээр албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Их хуралд залуучууд, ахмад гээд нас насны төлөөллүүд оролцсон. Арванхоёрдугаар сарын 06-нд АН-ын ой болж өнгөрсөн. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед ойнууд тохиосон болохоор томоохон хэмжээнд тэмдэглээгүй. Харин эсрэгээрээ цар тахлын үед орлого багатай, амьжиргааны түвшин доогуур иргэдэд туслахаар болсон. “Хотынхондоо хониор туслая” аяныг зохион байгуулсан. Нийт 55 гаруй сая төгрөг, 7000 гаруй бог мал хандивласан байна. Үүнийг намынхаа бүтцийн байгууллагуудаар дамжуулан цуглуулж, Улаанбаатарт авч ирж махны үйлдвэрт эрүүл ахуйн шаардлага хангуулж тав, таван кг-аар нь савлаж, нийслэлийн орлого багатай иргэдэд хүлээлгэж өгнө” гэлээ.