-НҮҮРС ТЭЭВЭР НЭМЭГДЭЖ ЭХЭЛСЭН-
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай ярилцлаа.
-Ярилцлагаа цар тахлын нөхцөл байдлаас эхэлье. Төмөр замын тээврийг дагасан вирусийн халдвар тархсан. Мөн оросууд төмөр замын баярт ирж оролцсон гэдэг асуудал яригдаж байгаа?
-Цар тахлын үед Монгол Улс дотооддоо вирусийн халдвар алдсанаас үүдэлтэйгээр манай салбарын хэмжээнд хэвийн үйл ажиллагаатай байсан хилийн боомтууд, төмөр зам хоёрт нэлээд хүндрэл учирлаа. Төмөр зам дагасан, Дарханд гарсан халдварын голомтод Оросоос хүмүүс ирсэн, ирээгүй тухай асуудал яригдсан. Цагдаагийн байгууллага, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт манайхаас албан ёсоор хандаж, Оросууд орж ирсэн асуудал байна уу, шалгаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Мэргэжлийн байгууллагууд нь шалгаад гадна, дотноос хүн ирээгүй байна гэдгийг баталгаажуулсан. Оросууд орж ирсэн тухай асуудал худлаа болохыг албан ёсоор энд хэлэх нь зүйтэй байх. УОК-ын дарга Я.Содбаатар ч мөн энэ тухай ярилцлагандаа тодорхой тайлбарласан. Яагаад ер нь уралдаан тэмцээн, наадам хийх болсон бэ, хөл хорио хаана байна гэж хүмүүс яриад байна.
УОК-оос хөл хориог цуцалж, уралдаан тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах үйл ажиллагаа тухайн үед нээлттэй болсон байсан. Тиймээс энэ хүрээнд Дархан өртөөний 70 жилийн ойгоор өртөөний ажилчин, албан хаагчид тэмцээн зохион байгуулсан.
-Төмөр зам дагасан халдварын үед авсан арга хэмжээнүүд, одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Төмөр зам дагасан халдвар гарсантай холбоотойгоор Улсын онцгой комисс, Шадар сайдын тушаалаар надаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг төмөр зам дээр ажиллалаа. Яг өнөөдрийн байдлаар санасныг бодоход хумиад авчихлаа гэж үзээд байна. Өртөө зөрлөг дээр 2000 гаруй хүнийг тусгаарлалтад авсан. Бүх төмөр замчдаа PCR, түргэвчилсэн шинжилгээнд хамруулж амжсан. Ажилтнуудыг тусгаарлалтад оруулсан энэ үед өртөө зөрлөгүүд дээр машинч, өртөөний жижүүр, тооцооны төвийн ажилтнууд гээд ажиллах хүч дутагдах зүйл гарлаа. Манай төмөр замынхан дотоод зохион байгуулалтаа сайн хийж, тэтгэвэрт гарсан ахмадуудаа дайчилж ажиллалаа.Одоо тусгаарлалтад байгаа хүмүүс эхнээсээ гарч, ажил жигдэрч байна. Сүхбаатар, Чойр өртөө, Замын-Үүд гээд тусгаарлалтад олноор орсон ажилчид эхнээсээ бууж байна. Нэг үеэ бодвол төмөр замын асуудал шийдэгдэж, хэвийн байдалдаа орлоо. Төмөр замын ачаа тээвэр хэвийн үргэлжилж байна. Харин зорчигчийн галт тэргийг арванхоёрдугаар сарын 25 хүртэл явуулахгүй байх шийдвэрийг УОК гаргасан. Цөөнгүй иргэд зорчигчийн галт тэрэг хэзээ явах вэ гэж асууж байна. Одоогоор тодорхойгүй байна.1.5 метрийн зай, байнгын агаар сэлгэлт гэдэг бүх зүйл зөрчигдөх гээд байгаа учраас тухайн үедээ нөхцөл байдлыг танилцуулаад дараагийн шийдвэр гарна. Хот хоорондын тээвэр зогссон байгаа. Улаанбаатар хотоос гарч байгаа орон нутгийн иргэд, оюутнуудыг тээвэрлэх ажил үндсэндээ төгсгөл шатандаа орж байна. Агаарын тээвэр мөн адил зогссон. Гадаадаас монгол иргэдийг татах ажилд оролцож байна. Арванхоёрдугаар сард дөрвөн удаагийн нислэгтэй.
-Хилийн боомтуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юү. Нүүрс тээвэр багассан тухай асуудал яригдаж байгаа?
-Хамгийн гол асуудал хилийн боомтуудын асуудал байна. Ялангуяа байнгын үйл ажиллагаатай Алтанбулаг, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт, Ховдын Булган, Говь-Алтайн Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтуудын асуудал байна. Гол анхаарал татаж байгаа Гашуунсухайт, Замын-Үүдийн боомтод хүндрэл гарч байна. Шивээхүрэнгийн боомтын нүүрсний гаралт нэмэгдэж эхэлсэн. Гашуунсухайт дээр явуулын лабораторийг Эрүүл мэндийн яамтай ярьж аваачсан боловч, Хятадын талаас яг өөрийнхөө тал дээр шинжилгээ хийнэ гэдэг шаардлага тавьсан. Өнгөрсөн даваа гаригаас эхлээд Хятадын тал руу монгол жолооч нарыг бөөнөөр нь гаргаж автобусаар зөөж PCR шинжилгээнд оруулж байна. Өнөөдрийн байдлаар мянга 59 жолооч орчихсон, өдөрт 300 орчим жолоочийг шинжилгээнд оруулж байна. Үргэлжлүүлээд Хятадын тал илүү олон тоогоор монгол жолооч нарыг шинжилгээнд хамруулна гэдэг санал тавьсан байна. Цаашдаа Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэр нэмэгдэх байх гэсэн бодолтой байна. Сүүлийн хоёр гурав хоногт нүүрс тээвэр харьцангуй нэмэгдлээ. Дотооддоо халдвар гарснаас хойш өдөрт 50, 60 машин гардаг өдөр байлаа шүү дээ. Өчигдөр 300 орчим машин нүүрс гараад явж байна. Цаашдаа нэмэгдчих байх гэж бодож байна.
-Замын-Үүдийн боомт ачаа бараа гацсан хүлээлт үүсч, хүндрэл гарч байна гэсэн үү?
-Замын-Үүдийн боомт дээр урдаас барилгын материал, хүнсний ачаа, уул уурхайн тоног төхөөрөмж гээд маш их ачаанууд орж ирдэг. Замын-Үүд маань өөрөө халдвар тархсан бүс болчихсон учраас хятадууд маш болгоомжтой хандаж байна. Үүнийг нь бид бас хүндэтгэж хүлээж авах ёстой. Буруутгаад хэрэггүй. ОХУ-д вирус тархалт өндөр байх үед манайх Алтанбулаг боомтоо хааж байсан. Үүнтэй л адил, Замын -Үүдэд халдварын голомт их байгаа учраас Хятадын тал болгоомжлох нь зөв. Уржигдар 71 машин оруулж ирсэн, маргааш хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж яваа 60 орчим машиныг татаж авна. Эрээн дээр манай 18 жолооч байнга ажиллаж байна. Эрээн дээр байрлаж байгаа жолооч Замын-Үүд, Эрээний дундын бүсэд ачааг авчирдаг. Тэндээс нь монгол жолооч нар ачаагаа татаж авдаг ийм технологит шилжээд ажиллаж байна. Өнөөдрөөс эхлэн Монголын талаас 32 жолоочийг Хятад руу оруулж байна. Энэ жолооч нарыг 14 хоног тусгаарлаад цаашаа оруулсон. Хилийн цаана мөн 14 хоног тусгаарлагдаад тээвэрт явна. Олон төрлийн ачаа нь хүлээгдэж, иргэд бухимдалтай байгааг ойлгож байна. Энэ нөхцөл байдалд суугаад байх юм уу гэж иргэд асуугаад байна. Манайхаас Хятадын төмөр замын Бээжин дэх төв компанитай ярилцаад темпратурын горим шаардахгүй ачааг, автомашинаас монгол воганд ачуулна гэдэг санал тавьсан. Хятадын тал зөвшөөрлөө өглөө. Тэгэхээр одоо барилгын материал, тоног төхөөрөмж гэх зэрэг ачаануудаа Эрээн өртөөн дээрээс монгол вагонд ачуулах боломж бүрдэж байна.
-Ярилцлагын сэдвийг салбарын хэмжээнд ирэх он жилүүдэд хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүд рүү чиглүүлье. Ялангуяа авто замын чиглэлээр ямар том ажлууд хийгдэх вэ?
-Салбарын хэмжээнд ирэх дөрвөн жилд зургаан зүйлд гол хүчээ өгч, анхаарч ажиллана. Эхнийх нь, эдийн засгийн коридорыг бэхжүүлэх, сайжруулах хүрээнд олон улсын чанартай авто замын ажил байна. Баян-Өлгий, Ховд аймгийг дамжин өнгөрөх олон улсын бүртгэлтэй АН-4 зам байна. Цагаан нуурын боомтыг энэхүү хатуу хучилттай замтай холбох 25.5 км замын ажил 2022 онд дуусна. Дээр нь Өлгий хотыг тойрсон 18.8 км зам, Ховд гол дээгүүр гарах 200 метр урттай гүүр бий. Эдгээрийг бариад дуусчихвал Олон улсад бүртгэлтэй АН-4 стандартын авто замаа бүрэн хатуу хучилттай болгочихно. Энэ зам баригдсан нь ямар ач холбогдолтой юм бэ гэж. Хятад, Оросын хооронд автотээвэрийн эрчимжилт нэмэгдэнэ. Ингэснээр, улс хооронд хийх тээвэр манайхаар дамжин өнгөрөхдөө замдаа зогсож дугуйгаа засна, цэнэглэнэ, хоол иднэ гээд дагалдах үйлчилгээний ажлын байрууд нэмэгдэх ач холбогдолтой юм. Дараагийн чухал ажил бол Дархан, Улаанбаатарыг холбох 4 эгнээ замын ажил юм. 2022 оны арваннэгдүгээр сар гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна. Азийн хөгжлийн банкны зээл, Европын хөгжлийн банкны зээлээр хийгдэж байна. Цаашаа үргэлжлүүлээд Дархан, Алтанбулагийг холбосон 113км замыг мөн дөрвөн эгнээтэй болгоно. Налайхын зам дөрвөн эгнээтэй болсныг та бүхэн мэднэ. Одоо Налайхын Чойрын уулзвараас Баян сум хүртэлх замыг мөн дөрвөн эгнээтэй болгоё гэдэг ийм дөрвөн том замын ажилд хүчээ өгч ажиллана.
-Дарханы замын ажил олон шүүмжлэл дагуулсан. Ирэх жил Дарханы замын үлдсэн ажил шуурхай явж чадах болов уу?
-Дарханы зам дээр 2020 онд олигтой ажил хийж чадсангүй. Гуравдугаар сарын 15 гэхэд гүйцэтгэгч компаниуд талбай дээрээ гарах ёстой байсан. Гэтэл ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад нэг хэсэг нь баахан хятадуудыг оруулж ирэх гэж байна гэж шүүмжилсэн. Дараа нь гүйцэтгэгч компаниудын инженер, техникийн ажилтнууд долдугаар сарын 9-нд орж ирж 21 хоног кемп дээрээ тусгаарлагдаад, дахиад гэрийн тусгаарлалтад 14 хоног гээд нийтдээ 35 хоног алдсан. Наймдугаар сарын 16, 17- нд дөнгөж ноднин ажиллаж байсан тоног төхөөрөмжөө асаах бэлтгэл ажилдаа орж эхэлсэн. Дээр нь манайд найм, есдүгээр сарын сүүлээр баахан бороо орж, аравдугаар сард цас дараад авдаг ийм цаг уурын нөхцөл сүүлийн гурав, дөрвөн жил үргэлжилж байна. Монгол Улсад үндсэндээ замын ажил 4,5, 6, 7 сард явах богино хугацаа байна. Үүнийг бид шалтаг гэж байгаа юм биш. Өвлийн бэлтгэл ажлыг хангуулахаар одоо ажиллаж байна. Өвөл бэлтгэл ажлаа сайн хийвэл, хавар эрт эхлээд зуны дулаан жаахан цагт ахиу ажил амжуулахаар ажлаа төлөвлөөд явж байна.
-Хилийн боомтуудыг хатуу хучилттай болгох хэд хэдэн томоохон төсөл хэрэгжихээр яригдаж байсан. Энэ ажлуудын тухайд?
-Хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох нийтдээ есөн төсөл хэрэгжинэ. Завхан аймгийн Нөмрөг сумыг Артсур хилийн боомттой холбох 199 км авто зам 2024 онд хийж дуусгана. Дархан Сэлэнгийн авто замаас Шаамар Зүүнбүрэн, Цагаан нуур, Түшиг, Цэлтэрийн боомт хүртэл 120.85 км авто замыг концессоор барих ажил өнгөрсөн жил эхэлсэн. Энэ ажлаа дуусгана. Энэ замын ажил нь хилийн боомтуудаа хатуу хучилттай замаар холбох гэхээсээ илүү Цагаан нуурын чиглэлийн газар тариалангийн бүс нутгаас Дархан Сэлэнгийн гурилын үйлдвэрүүд рүү явах улаанбуудайн тээвэрт том ахиц гарах юм. Монгол Улс атар газар эзэмшээд 60 гаруй жил болж байна. Монгол Улсын улаанбуудайн 60 орчим хувийг Сэлэнгэ, Цагаан нуур орчмоос бэлддэг. Өнөөдрийг хүртэл энэ чиглэлийн зам хатуу хучилттай зам баригдаагүй ирсэн. Үүнийг хийж дуусгана. Мөн Хэнтий аймгийн Норвилон, Ульхан хүртэл 117км хатуу хучилттай замын ажил 2024 он гэхэд дуусна. Энэ зам Монгол Улсын Засгийн газрын хурал дээр олон удаа яригдсан. ОХУ-тай хиллэдэг Ульхан боомтыг хатуу хучилттай болгооч гэдэг саналыг Оросын талаас ч мөн цөөнгүй удаа тавьсан.
Дараагийн нэг том ажил бол Дорнод аймгийн Чойбалсан хотоос Хавиргын боомт хүртэлх 124 км авто замыг хатуу хучилттай болгоно. Энэ зам бол Манжуур руу автобусаар явдаг манай аялагчид, наймаачдын гол зам шүү дээ. Дээрээс нь Чойбалсан хотоос Баянхошуу хилийн боомт хүртэлх 160 км орчим замын ажил байна. Энэ замын ажлыг бүрэн дуусгана гэж хэлж чадахгүй, ямар ч байсан энэ дөрвөн жилд ажлыг нь эхлүүлнэ. Сүхбаатар аймгийн төв, Бичигтийн боомтын чиглэлд 277.3км замыг мөн энэ дөрвөн жилд ажлыг нь эхлүүлнэ. Эхлүүлнэ гээд байгаа нь үндсэндээ нөгөө хөрөнгө мөнгөтэй холбоотой. Мөн концессоор гурван замын ажил баригдана. Өмнөговь, Таван толгойн Цогт Цэцийгээс Манлай, Ханги боомтын чиглэлд 478км хатуу хучилттай авто зам концессоор баригдана. Мөн Таван толгойгоос “Гашуунсухайт” чиглэлийн автозамын ажил эхлээд явж байна. Мөн Таван толгойгоос “Цагаан дэл уул”-ын хилийн боомт хүртэлх 270 км хатуу хучилттай замыг мөн концессоор баригдаж байна. Энэ гурван концесс бол гурвуулаа барих, ашиглах, шилжүүлэх буюу төрөөс ямар нэгэн зардал гарахгүйгээр хийгдэх юм.
-Монголчууд бүгд аялагчид байдаг. Байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахад зам даваа бартаа ихтэй нэлээд хүндрэлтэй байдаг. Энэ чиглэлүүдийн авто замуудыг хатуу хучилттай болгох уу?
-Олон улсын болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулсан авто замуудыг барих 11 төсөл байна. Монголд дотоодын аялал жуулчлал илүү хөгжиж байна. Аялал жуулчлалын бүс нутаг, байгалийн үзэсгэлэнт газрууд руу явах чиглэлийн замуудыг хатуу хучилттай болгож барьж, шинэчлэх ажлууд эхлээд явж байна. Завхан аймаг, Тосон цэнгэл, Улайстай чиглэлийн зам, Баянхонгор аймгийн төвөөс Шаргалжуутын рашааны чиглэлийн зам, мөн Завхан аймгийн Доной нисэх буудлаас Улаагчин Хар нуур хүртэлх 74км авто зам, Дашинчилин, Орхон, Мөрөн тариалангийн чиглэлийн 110.2 зам, Багануур хотоос Мөнгөнморьт хүртэл 60 км, Хэнтий аймгийн Бор өндөр сумын 50км зам байна. Өвөрхангай аймгаас Хужирт сумаас Түвхэн хийд хүртэлх зам, гүүр гээд нэлээд хэдэн төслийн ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Нийтдээ 1154.5км авто зам барихаар төлөвлөж байгаагаас одоогоор 128.1 км замыг эхлүүлээд явж байна. Энэ зам барилгын ажлыг хийх явцад 1600 орчим түр ажлын байр гараад зам барьж, дууссаны дараа 200 орчим байнгын ажлын байр гарна гэсэн тооцоо байна.
-Нутгийн зам хөтөлбөр гэж яригдаж байгаад чимээгүй болчихсон?
-Нутгийн зам хөтөлбөр хэрэгжинэ. Хөдөлгөөний эрчимжилт өндөртэй, үйлдвэрлэл явагддаг, хүн ам шигүү суурьшсан сумдуудыг улсын болон олон улсын авто замтай холбох, аймгийн төвүүдтэй холбох авто замууд барих ийм ажил юм. Нийтдээ 45 орчим сумын төвийг аймгийн төв болон аймгийн төвүүдтэй холбоно. Мөн төмөр замын асуудал байна.
-Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж байгаа. Төмөр замын ажлын явцаас мэдээлэл өгөхгүй юү?
-Ирэх дөрвөн жилд төмөр замын найман том төслийг хэрэгжүүлж, дуусгана гэсэн зорилт тавьсан. Таван толгой Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг 2022 он гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна. Таван толгой Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг 2021 оны долдугаар сар гэхэд дуусгана. Барилгын ажил одоо үргэлжилж байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг Улаанбаатар төмөр замын оролцоотой барья гээд техник эдийн засгийн үндэслэл, тооцоолол хийгээд явж байна. Сайншанд Баруун-Хөөт чиглэлийг 430км төмөр замын төслийг энэ дөрвөн жилд эхлүүлнэ. Манайхан бол төмөр замаа бариад сурчихлаа. Богдхант төмөр зам гэж манайхан олон жил ярьсан. Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаагаар 1.5 сая доллараар Богдхант төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийн эхний шатны судалгааны ажлыг 2022 он гэхэд бүрэн дуусгана.
Таван толгойгоос Зүүнбаян, Сайншанд, Баруун урт гээд бусад чиглэлд төмөр зам барьж яах гээд байгаа юм бэ, ачаа байгаа юм уу гэж хүмүүс асуугаад байгаа. Цагаан суварга ордоос гадна, энэ дагуу чиглэлд байгаа бүх уул уурхайн орд газруудыг дэд бүтэц нь байхгүй учраас одоог хүртэл ашигладаггүй. Төмөр зам ашиглалтад орсноор энэ бүх орд газрууд эдийн засгийн эргэлтэд орох ийм өндөр ач холбогдолтой юм аа. Дээр нь нүүрсний экспортоо нэмэгдүүлэх боломж нээгдэнэ гээд олон талын өндөр ач холбогдолтой юм.