Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗУЛ САРЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД


Ирэх долоо хоногт Христийн мэндэлсэн өдөр буюу зул сарын баяр болох гэж байгаа билээ. Энэ баярыг барууны орнууд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай орны хувьд хэдийгээр арванхоёрдугаар сарын 25-нд зул сарыг тэмдэглэдэггүй боловч шинэ оныг гэр бүлийн баяр болгон тэмдэглэдэг. Тэгвэл баярын өдрүүд дөхсөн энэ үед зул сарын баярын тухай болон бусад улс орнууд хэрхэн тэмдэглэдэг талаарх мэдээллийг хүргэе.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр зул сарын баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Дэлхийн 140 гаруй оронд энэхүү баярыг албан ёсоор тэмдэглэдэг. Европт энэ баярт сарын өмнөөс бэлтгэж, гэрээ цэвэрлэж айл болгон гацуур модоо чимэглэдэг нь элбэг дэлбэг байж, мөнхийн амьдралыг билэгддэг гэдэг. Үүдэндээ гацуур модны мөчир буюу mistletoe-г чимэглэн өлгөсөн байдаг. “Merry Christmas” мэндчилгээний үг нь “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг ажээ.

ГАЦУУР МОД


Анх Францын Эльзаст 1605 онд гацуурыг чимэглэсэн аж. Түүхэн тэмдэглэлд дурдсанаар тэр үед цаасан сарнай, жигнэмэг, алим, ёотон, алтан мөнгөн саагаар чимэглэсэн гацуурыг баярт зориулан байрлуулдаг байсан гэнэ. Энэ гайхалтай санааг Европ дахин тэр дор нь шүүрэн авсан байна.

ШИНЭ ЖИЛИЙН БЭЛЭГ


Шашны зан үйлэнд хүмүүс бэлэг дурсгалын бяцхан зүйлс солилцдог аж. Харин 1800 оны үеэс гацуур мод чимэглэж, баярын зурагтай ил захидал илгээж, бэлэг солилцох болсон байна.

ОЙМС ӨЛГӨХ


Уг уламжлал нэгэн түүхээс үүсчээ. Уг түүхэнд өгүүлснээр гурван охинтой ядуу эр хуримын инж бэлдэх бололцоогүйгээс үүдэн охид нь хүнтэй гэрлэж чаддаггүй байж. Гэтэл нэг орой Гэгээн Николас яндангаар нь ууттай алт унагаасан нь зуухны дэргэд хатаахаар өлгөсөн оймсон дотор орсон байв. Ийнхүү том охин нь хуримаа хийсэн гэдэг.

САНТА КЛАУС


Анхны бодит Санта буюу чинээлэг айлын ганц хүү Николасын эцэг, эх нь тахалд нэрвэгдэж нас барахад бяцхан Николас сүмд өсч торнин 17 насандаа урьд байгаагүй хамгийн залуу санваартан болсон аж. Түүний өгөөмөр сэтгэл, өв хөрөнгөө хэрэгтэй нэгэнд нь тараадаг байсан тухай олон домог яриа байдаг. Сантагийн хувцас анх цагаан, цэнхэр, ногоон өнгөөс бүрддэг байсан бол одоогийн улаан хувцас нь 1930-аад онд Кока Колагийн сурталчилгаанд анх ашигладаг байв. Энэ зураг нь ил захидал, болон газарзүйн сэтгүүлүүдийг чимэглэснээр дэлхий нийтээр тарсан байна.

Зул сарын баярыг улс орнуудад хэрхэн тэмдэглэдэг талаар товчхон өгүүлье.

АВСТРАЛИ: Австралид зул сарын баярыг далайн эрэг дээр ихэвчлэн тэмдэглэдэг. Зул сарын баяр зуны улиралд Австралид зун тохиодог. Арванхоёрдугаар сар дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт зуны сар байдаг тул Австралийн ихэнх хэсэг баярын үеэр халуун уур амьсгалтай байдаг тул ихэвчлэн далайн эрэг дээр өнгөрүүлдэг. Найз нөхөд, гэр бүлийнхэн нь крикет тоглох эсвэл усанд орохын өмнө сам хорхой, хавч, чихэр идэхээр цуглардаг.

ГЕРМАН : Германд энэ баярын өмнөхөн хотуудын төв талбай дээр Зул сарын баярын зах гардаг уламжлалтай. Зах дээр цугларсан хүмүүс янз бүрийн амттан худалдаж авахаас гадна халуун дарс буюу глювайн заавал ууна. Баярын өмнөх өдөр буюу манайхаар битүүний өдөр нь хамгийн чухалд тооцдог. Хайлигеабенд хэмээн нэрлэдэг энэ өдрийн өглөө гацуур модоо чимэглэж орой нь гэр бүлээрээ цугларна. Энэ өдөр заавал сүмд очиж мөргөл үйлддэг уламжлалтай. Сүмээс ирэхэд нь хүүхдүүдийн бэлгийг гацуур модны доор тавьсан байдаг. Харин баярын ширээгээ шарсан галуу эвсэл нугас, уламжлалт аргаар бэлдсэн штолен хэмээх үзэмтэй нарийн боов тавьж чимэглэдэг.

ИСПАНИ : Орой нь найз нөхөд, гэр бүл, хамаатан садангуудтайгаа хамт баярын ширээндээ суудаг. Зарим нь дуртай зоогийн газартаа хооллодог гэнэ. Арванхоёрдугаар сарын 23-24-ний өдрүүдэд тус улсад “El Cordo” хэмээх сугалааг зохион байгуулдаг. 1818 оноос энэ сугалааг явуулдаг болсон бөгөөд 1996 онд түүнийг нь 30 сая хүн худалдан авсан гэсэн судалгаа байдаг. Испанийн төв нутгийнхан энэ өдөр шарсан тугал эсвэл тоорой, өмнөд нутгийнхан шарсан цацагт хяруулаар ширээгээ чимдэг.

ЭНЭТХЭГ: Аварга том цаасан дэнлүү өлгөх нь Энэтхэгт Зул сарын баярын нийтлэг уламжлал юм. Энэтхэгчүүд Хинди шашинтай хэдий ч тус улсад олон тооны Христэд итгэгчид байдаг тул зул сарыг мөн тэмдэглэдэг. Айлууд гэрийнхээ гадаа манго навч, од хэлбэртэй цаасан дэнлүү өлгөдөг уламжлалтай. Дотор нь зарим хүмүүс манго эсвэл гадил жимсний модыг хүртэл чимдэг. Энэтхэгт модны доор бэлэг үлдээхийн оронд зул сарын өглөө хайрцганд чихэр хийж хөршүүд, найз нөхөддөө хүргэж өгдөг.

ИТАЛИ: Италичууд зул сарыг хамгийн амттай баяр хэмээн нэрлэдэг. Италийн бараг бүх нутагт баярын ширээнд банштай шөл байдаг. Түүнээс гадна гахайн махаар хийсэн хиам, чихэрлэг талх иддэг аж. Италичууд Зул сарын баярын өдөр хуучин хувцсаа цонхоороо гаргаж хаядаг гэнэ. Ингэснээр өнгөрсөн онд болсон муу муухай бүхнийг зайлуулж байгаагийн илэрхийлэл юм. Харин Италийн хойд нутагт зул сарын зах гардаг аж.

АНУ : Америкт олон үндэстэн амьдардаг. Тиймээс их содон тэмдэглэн өнгөрүүлдэг гэхэд болох юм. Зарим нь шарсан цацагт хяруул, зарим нь шөл, байцаатай хоол зэргээр ширээгээ чимнэ. Баярын өглөө хүүхдүүдийг сэрэхэд бэлгийг нь гацуур модны дор тавьсан байдаг нь уламжлал болон иржээ. Ингэхдээ шөнө унтаж байхад Санта Клаус ирж бэлэг орхиод явсан хэмээн тайлбарладаг. Зул сарын баярын өглөөний цайн дээр заавал рулет идэж кофе ууна.

ИХ БРИТАНИ: Хатан хаан жил бүр Зул сарын баяраар ард иргэддээ хандан үг хэлдэг уламжлалтай. Баяраар гэр бүлээрээ цугларч, шарсан цацагт хяруул, цэлцэгнүүр идэж бие биедээ бэлэг өгнө. Баярын ширээнд уламжлалт аргаар бэлдсэн нарийн боов заавал тавьсан байх ёстой. Түүн дотроо зоос хийнэ. Зоос таарсан хүн нь тэр жилдээ азтай байна хэмээн ерөөдөг аж. Их Британийн гэр бүлүүд зул сарын оймсоо пийшингийн дээгүүр өлгөхөөс илүүтэй орныхоо хөлд байрлуулдаг.

ХЯТАД : Хятадад шинэ жилийн эхний өдрийг галын наадам, алиа салбадай болон дэнлүү, тэслэх цаасан пуужингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Галын наадмаараа айл бүр муу ёрын сүнсийг хөөн зайлуулж, аз жаргал, баяр баясгаланг гэртээ урин залдаг гэж үздэг. Хятадад “Синьянь жил” хэмээн нэрийддэг байжээ. Харин 1911 оны Синьханы хувьсгалын дараа энэхүү баяраа Европ дахины шинэ жилийн баяраас ялгаруулахын тулд шинэ хуанли зохиож, хаврын баяр буюу “Чуньцзе” хэмээн нэрийдэх болжээ.

НИДЕРЛАНД : Нидерландчууд шинэ жилийн баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл төгсгөлгүй, голдоо нүхтэй цагирган жигнэмэг төгс бүхнийг билгэддэг байна.

Ч.БИНДЭРЪЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *