Categories
мэдээ нийгэм

МХЕГ: Элемент медикал эмнэлэг ил задгай хогоо хаясан

Улаанчулуут хогийн цэгт Covid-19 илрүүлэхэд ашигласан түргэвчилсэн болон PCR шинжилгээний оношлуурууд, амны хаалт, халдвар хамгааллын хувцас хэрэглэлүүд ил задгай байгаа талаар мэдээлэл гарсан. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас өчигдөр (2020.12.17) шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Улаанчулуут хогийн цэгт эмнэлгийн аюултай хог хаягдал устгадаг “Элемент медикал” компанийн устгалын талбай байдаг ч “Манай компанитай гэрээтэй эмнэлгүүдийн хог биш байна” гэсэн шалтгаанаар дээрх эмнэлгийн хэрэгслүүдийг устгалд оруулаагүй байна. Тиймээс эхний ээлжинд ямар эмнэлэг аюултай хог хаягдлаа ил задгай авчирч асгасныг олж тогтоосон талаар өнөөдөр (2020.12.18) МХЕГ-аас мэдээллээ.

Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.БААТАР “Улаанчулуутын хогийн цэг дээр эмнэлгийн аюултай, халдвартай байж болзошгүй хог хаягдалд өчигдөр шалгалт хийсэн. Уг хог хаягдал дунд олон тооны шинжилгээ авдаг хуруу шил байсан. Хурууны шилэн дээрх тэмдэглэгээ код, дугааруудаар хөөж шалгаж үзэхэд “Элемент медикал” компанид 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр улсын Мал, эмнэлгийн ариун цэврийн төв лабораториос хүлээлгэн өгсөн 196.3 кг эмнэлгийн хог хаягдал байсан. Тодруулбал, тухайн байгууллагын жолооч уг хог хаягдлыг арванхоёрдугаар сарын 9-ний өглөө ариутгал хийлгүүлэлгүй ил задгай хаясныг тогтоосон. МХЕГ-аас Covid-19-тэй холбоогүй хог хаягдал болохыг тогтоосон бөгөөд мөрийн баримтан дээрээс нь харахад 2013-2014 онуудад говийн аймгуудаар шинжилгээнд ашиглаж байсан сорьц дээжүүд байсан. Дээрх хэрэгт цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Өчигдөр газар дээр нь үзлэг хийж, ажилтнуудаас нь мэдүүлэг авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Тухайн ажилтан нь хог хаягдлыг зохих стандартын дагуу хаяагүй бол хүлээлгэх хариуцлагыг прокурорт хянуулаад шийднэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *