Өнгөрсөн дөрөв хоногт Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 792 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 20 хүн гэмтэж бэртэн, гурван хүний амь нас хохирчээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.12.15-ны өдөр Дорноговь аймгийн, Сайншанд сум 2-р багийн нутаг 4 замын уулзвар дээр асфальтан замд Hyundai Starex маркийн автомашин явган зорчигч, 72 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон,
2020.12.16-ны өдөр Ховд аймаг, Дөргөн сум, Аргалант багийн Улаан-бураа гэх газар шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, зорчигч 27 настай эмэгтэй амиа алдсан,
2020.12.16-ны өдөр Дорнод аймаг, Чойбалсан сумын 2-р багийн 216 гэх газар шороон замд Toyota Mark-2 автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч 32 настай эрэгтэй амиа алджээ.
Мөн хугацаанд улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 121 зөрчил гарснаас 78 нь нийслэлд, 43 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой байхуйц бага хурдтай зорчих ёстой.
Гэвч цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсоны улмаас замын байгууламж мөргөх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Иймд жолооч нарыг тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.