АНУ-ын сонгогчдын коллегийн гишүүд Ардчилсан намаас нэр дэвшин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Жо Байдены ялалтыг баталгаажуулсан талаар NBC агентлаг өчигдөр мэдээлсэн. Тус улсын үндсэн хуульд зааснаар тэрээр ирэх нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөнө. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоход 50 муж улсаас доод тал нь 270 төлөөлөгчийн санал авсан байх ёстой. Тэрээр 306 төлөөлөгчийн санал авч ялалт байгуулжээ. Одоогоор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байгаа Д.Трамп 538 сонгогчийн 232 саналыг авсан байна. Д.Трампын хувьд өнгөрсөн сард болж өндөрлөсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль будлиантай болсон гэж мэдэгдэн шүүхэд хандсан удаатай. Харин ялалт байгуулсан Жо Байден Делавэр муж улсын Уилмингтон хотноо өнгөрсөн даваа гаригт дэмжигчдийнхээ өмнө үг хэлжээ. Энэ үеэр засаг захиргааныхаа тэргүүн бодлогыг танилцуулсан байна. Тэрээр юуны өмнө цар тахалд цэг тавьж, иргэн бүрээ дархлаажуулалтад хамруулж, үндэсний эдийн засгийг сэргээхэд түлхүү анхаарах болно гэв. Тэр дундаа шаардлагатай иргэдэд хамгийн түрүүнд санхүүгийн тусламж үзүүлэхээ амласан байна. Үүний л дараа эдийн засгаа сайжруулах асуудалд анхаарлаа төлөвлөрүүлэх тухай онцолжээ. Мөн тэрбээр Д.Трампад хандан сонгуулийн дүнг хүндэтгэхийг уриалсан байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР