Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​DNN-Тодруулга: Иргэд тог цахилгаандаа аль болох хэмнэлттэй хандаж байгаа гэв


Засгийн газраас цахилгаан, ус, дулаан, хог ачилтын төлбөрийг ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл тэглэсэн шийдвэрийн талаар иргэд ямар байр суурьтай байгааг DNN-Тодруулга” буландаа онцоллоо.

Хан-Уул дүүргийн IX дүгээр хорооны иргэн Б.Ц: Манайх нам даралтын халаагуур ашиглаж гэрээ халаадаг. Хэд хоногийн өмнө Засгийн газрын шийдвэрээр тог цахилгаан, усны төлбөрийг төрөөс даахаар болсон. Мөн сайжруулсан түлшний үнийг 75 хувь хүртэл бууруулсан. Ер нь Эрдэнэт үйлдвэрийнхэндээ л баярлах хэрэгтэй болов уу. Манай тогны мөнгө сард 340 мянга гаруй гардаг. Харин тогны мөнгө тэглэснээр энэхүү мөнгөө өөр хэрэгтэй зүйлдээ зарцуулах, хадгалах боломж нээгдсэнд баяртай байгаа. Цахилгааны төлбөр тэглэсэн гээд хэрэглээгээ хэтрүүлэхгүй аль болох багасгахыг хичээж байгаа.Заримдүүрэгт тогны хэт их хэрэглээнээс болоод станц ачааллаа дийлэхээ байгаад шатсан гэсэн мэдээлэл явах болсон. Манай монголчууд чинь юм үзээгүй хүмүүс шиг л хэцүү байдаг шүү дээ. Архи пиво зарахгүй гээд байхад л шагийн юм олоод уучихна, 14-нд хөл хорио сулруулахад тэр олон хүн эрүүлжүүлэгдсэн байна билээ.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Ш.М: Өчигдөр манай аймагт тогны хязгаарлалт хийсэн. Ерөнхийдөө аймаг сумдад цахилгаан эрчим хүчний эрсдэлээс сэргийлэх үүднээс ингэж хягзаарлалт хийж байгаа гэж ойлгож байна. Энэ ньч зөв. Тэгэхгүй бол иргэд бэлэнчлэх сэтгэлгээтэй, халамжид хэт автсан зоргоороо улс шүү дээ. Манайх байранд амьдардаг болохоор 11 дүгээр сарын тог, усныхаа мөнгийг уржигдар төлчихсөн одоо ирэх жилийн долдугаар сар хүртэл хэрэглээгээ хянана. Тог ч яахав хөргөгч, халуун тогоо, телевиз л залгадаг болохоор харьцангуй тог бага гардаг.

Хан-Уул дүүргийн IX дүгээр хорооны иргэн Д.С: Манайх гэр хороололд хувийн сууцанд амьдардаг. Халаалтгүй болохоор төслийн зууханд гал түлдэг. Ард иргэддээ дэм болж байгаа Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой компанидаа илүү талархаж байна. Манайд нүүрсээ авахдаа нэг ээлжинд зургаан шуудайг авдаг. Өдрийн гурав галладаг болохоор нүүрс их орчих гээд байдаг. Түлшний үнийг 75 хувь хүртэл бууруулсанд их баярлаж байгаа. Саяхан түлш авахаар очиход зарим иргэд их хэмжээгээр авч байгаа харагдсан. Энэ нь маш буруу үйлдэл байх. Хэдий үнийг бууруулсан гээд өдөрт их галлавал, угаартахаас авахуулаад асуудал үүсэх л байх даа. Юманд хэмжээ хязгаар гэж бий шүү дээ.

Чингэлтэй дүүргийн иргэн Ш.Б: Улсаас тог, цахилгаан, ус, дулаан халаалтыг тэглэж ард иргэдээ хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлж байгаад бүгд талархах ёстой. Гэвч би, та бид бүхэн цахилгаан, усны төлбөр төлөхгүй гээд зардлаа хянахгүйгээр өсгөх нь эргээд бидний эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Цахилгааны үнэ тэглэх нь хамгийн буруу шийдвэр байжээ. Хоёрхон өдрийн дотор зарим нэг гэр хорооллын трансформатор ачааллаа дийлэхгүй гал гарч буудсан гэсэн. Энэ мэтчилэн доголдол үүсвэл хүйтний улиралд хэцүү. Бүх зүйл цахилгаанаас хамааралтай шүү дээ. Цахилгаангүй бол бүх зүйл зогсоно, ертөнцөөс таслагдана. Үнэгүй юмны төлөөсийг үнэтэй төлдөг жам юм даа.

Баянзүрх дүүргийн иргэн С.Н: Төрөөс авч байгаа арга хэмжээ үнэхээр нүдээ олсон шийдвэр байлаа. Цаг үеэ мэдэрч ард түмний эрх ашигт нийцсэн том шийдвэр гаргасан. Бид нүүрсээ үнэгүй түлж тогоо тэглүүлж хогоо үнэгүй ачуулж байна. Төр засагтаа баярлаж сууна даа. Одоо иргэн бүр ухамсарлаж цар тахлыг даван туулах, иргэнийхээ үүргийг гүйцэтгэх л үлдэж байна.

СХД-ийн иргэн П.О: Засгийн газраас ийм шийдвэр гаргахад эхэндээ баярласан. Гэхдээ мөнгөө төлж байснаасаа дор байдалд орчихоод байна. Мэдэгдэл ирээд тог тасраад байдаг байсан. Одоо юун мэдэгдэх битгий хэл лавлах утасны оператор утсаа авахгүй болтлоо тог тасраад хэцүүдэж байна. Тэглэчихлээ гээд ард иргэд баярлаад хөөрөөд байдаг. Нэг хэсэг нь гэр хорооллын иргэд ачаалал ихэсгээд, бүх юмаа шатаагаад баллах нь гэж үзэн ядах шиг. Ад үзээд байгаа гэр хорооллын иргэд чинь асуудалгүй тог цахилгааныхаа мөнгөө төлдөг юм. Хүмүүсийн хэрэглээ ихэссэндээ биш хууль тогтоомж амьдрал дээр хэрэгжих гэж арга ядах юм аа.

СХД-ийн иргэн Г.Н: Манайх тогоор байшингийнхаа халаалтыг шийдсэн. Яаж ийгээд цахилгааны төлбөрөө төлдөг. Харин цахилгааны үнийг тэглэлээ гэдгийг дуулаад баярлаж байсан ч айлууд нохойны үүр, гадаа хучлагатай байгаа машиныхаа дор халаагуур тавьж байгаа гэдгийг уншаад тэдний өмнөөс ичлээ. Тогны мөнгөө асуудалгүй төлөөд явдаг манайх шиг айлд Засгийн газрын шийдвэр таатай байгаа ч хэрвээ хэт ачааллаас болж нийтээрээ тоггүй суувал харамсалтай юм.

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Б: Хамаг бурууг гэр хорооллын айлууд руу чихэж болохгүй. Үнэндээ гэрт амьдрахад зутруу л байдаг. Шөнө унтахдаа түлсэн нүүрс үүрээр асаж унтраад өглөөгүүр аятай ус хөлддөг. Харин тогийг Засгийн газраас шийдэж өгсөнөөс хойш хэд хоног сайхан дулаахан гэрт сэрлээ. Нүхтийн баячууд хүртэл халаагуур залгаж байна гэсэн биз дээ. Хэт нэг талыг барьж, хэсэг бүлэг хүмүүс рүү дайрч болохгүй. Манайх сард цахилгаандаа 30-40 мянган төгрөг төлдөг. Энэ мөнгөө манай хүүхдүүд цуглуулаад зун зурагтаа томсгоно гэсэн. Зарим айлууд тогноос хэмнэж буй мөнгөөрөө хэрэгтэй юм авна, хоол хүнсэндээ нэмэрлэнэ гээд сэтгэл өөдрөг сууж байгаа.

Д.ОТГОНТУЯА

Д.БАТТОГТОХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *