ЛОНДОН. /Reuters/. Их Британид зул сарын баярын үеэр “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг сулруулах Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэж буй хүний тоо дэмжиж байгаа хүмүүсийн тоог давжээ.
“Kantar” судалгааны байгууллагаас явуулсан санал асуулгад оролцогчдын 50 хувь нь хязгаарлалтуудыг сулруулах шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бол 40 хувь нь дэмжсэн байна.
Мөн зул сарын баярын таван хоногт гурван өрх нэг дор цугларахыг зөвшөөрөх шийдвэрээ Засгийн газар эргэн харах хэрэгтэй гэж анагаахын шинжлэх ухааны томоохон хоёр сэтгүүл үзжээ.
Их Британид өнөөдрийн байдлаар халдварын улмаас 64 мянга гаруй хүн нас барсан нь Европтоо хоёрдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм.
“Kantar” санал асуулгад оролцогчдоосоо вакцинжуулалтад хамрагдах хүсэлтэй байгаа эсэхийг мөн тодруулжээ. Энэхүү асуултад тэдний 65 хувь нь вакцин хийлгэнэ гэж хариулсан бол 23 хувь нь үгүй гэж хариулжээ.