Categories
мэдээ нийгэм цаг-үе

А.Нандин-Эрдэнэ: Монгол шуудан компанийн ачаалал ердийн үеэс хоёр дахин нэмэгдсэн

Монгол Шуудан ХК- ийн Дотоод шуудангийн хэлтсийн дарга А.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хөл хорионы үеэр ажиллаж байгаа цөөхөн байгууллагын нэг нь “Монгол шуудан” шүү дээ. Танайх монголчууддаа ямар шинэ онцлог үйлчилгээг санал болгож байна вэ?

-Одоогийн байдлаар Монгол шуудан ХК нь бүх аймагт долоо хоногт нэгээс гурван удаа шуудан хүргэж байна. Хөл хорио тогтоосоноос хойш манай хэрэглэгчдийн зүгээс шуудангаар өвлийн идшээ хүргүүлэх нь нэмэгдсэн. Тийм учраас бид хэрэглэгчиддээ зориулаад илгээмжийнхээ тарифыг хямдруулаад, орон нутгаас Улаанбаатар хотод иргэдийн өвлийн идэшийг тээвэрлэн хүргэж байна.

-Өвлийн идшээ хамгийн хол нь хаанаас зөөлгөж байгаа вэ, үнэ тариф нь дунджаар хэд болж байгаа вэ?

-Хамгийн хол нь Баян-Өлгийгөөс идшээ авчруулсан. 1кг нь 1000 төгрөг байдаг. Өмнөговь аймгаас хонь, ямааны гулууз авчирахад 15000 төгрөгөөр тээвэрлэж байна.

Долоо хоногт орон нутгаас 40-50 тн идэшний мах тээвэрлэн хүргэж байна. Тарифын хувьд хол ойроос шалтгаалаад өөр өөр байгаа. Дунджаар 1кг нь 300-1000 төгрөг байдаг. Тарифын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.mongolpost.mn цахим хуудас болон фэйсбүүк хуудас, шуудангийн лавлах 1800-1613 утсаар холбогдон мэдээлэл авч болно. Өвлийн идшээ гэртээ хүргүүлэх бол бид хүргэлтийн тариф нэмж авдаг.

Мөн бид e-mongolia.mn-ээр захиалсан иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхийг хэрэглэгчиддээ хүргэж байгаа. Одоогийн байдлаар 2500 гаруй жолооны үнэмлэхийг ард иргэддээ үнэ төлбөргүй хүргэсэн байна. Энэ бол нийгмийн хариуцлагын хүрээнд бидний хэрэглэгчиддээ үзүүлж байгаа урамшуулал, дэмжлэг юм.

-Монгол шуудан хөл хорионы үед зарим хүмүүсээ амраасан уу, хэр хүчээр ажиллаж байгаа вэ?

-Манай мянга гаруй ажилтан бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа.

-Ажлын цаг, нөхцлийн хувьд ямар байгаа вэ?

-Өмнө нь манайх 7.30 минутаас 21 цаг хүртэл ажилладаг байсан бол одоо арай богиносгосон цагаар салбарууд 8-18 цагийн хооронд ажиллаж байна. Ялган боловсруулах төвүүд 24 цагаар ажилладаг.

-Халдвар хамгааллын дэглэм, ариутгалыг хэрхэн хийж байгаа вэ?

-Халдвар хамгааллын дэглэм сайн сахиж байгаа. Орон нутгаас ирсэн болон бүх шууданг ариутгалын компаниар ариутгуулж байгаа. Хүнтэй харьцаж ажилладаг шуудан хүргэгч нараа гадуур өмсөх комбинзон, маск, бээлий, нүүрний хаалтаар бүрэн хангасан. Цар тахлын үед хүмүүс шүүхийн бичиг, торгуулийн хуудас авах дургүй байгаа учраас тэр үйлчилгээнүүдээ түр зогсоосон байгаа. Харин хүүхдийн мөнгө, халамжийн мөнгөтэй холбоотойгоор бүх банкны картуудыг Монгол шуудангаар хүргэж байна. Шуудан гардуулах түр журам нэвтрүүлээд, аль болох зай барьж хүмүүст шуудан гардуулж байгаа. Шуудангийн үйлчилгээний салбар, ялган боловсруулах төвүүдэд өдөр бүр ариутгал хийгддэг. Хаалганы бариул, хүн их хүрдэг газруудыг цаг тутам арчиж ариутгадаг.

-Ажилтануудаа шинжилгээнд хамруулдаг уу?

-Орон нутагт явж байгаа жолооч нараа шинжилгээнд хамруулдаг.

Монгол шуудан компанийн ачаалал ердийн үеэс хоёр дахин нэмэгдсэн. Манайх 100 хувь хүчин чадлаараа, ачаалалтай ажиллаж байгаа.

-Монгол шуудан бас өдөр тутмын сонингуудыг хүргэдэг. Тогтмол хэвлэл хүргэх ажил хэвийн явж байгаа юу?

-Сонины хүргэлт хэвийн явж байгаа. Хэвлэлийн цех маань 13 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Өглөө эрт хүргэлт авъя гэсэн 500 гаруй байгууллагын хэвлэлийг өглөөний 05-10 цагийн хооронд хүргэдэг. Байгууллагууд сонингоо хэвийн авч байгаа. Хэвлэл захиалга хэвийн явж байгаа. Уншигчид сонингоо авдгаараа авч байна.

-Одоо хүмүүс захидал хэр бичдэг вэ, захидал бичдэг хүмүүс байдаг уу?

-Цахим хөгжсөн учраас хүмүүс өмнөх шигээ захидал бичих нь багассан. Гэсэн ч интернэт худалдаа хөгжиж байгаа учраас бусад шуудангийн хүргэлт нэмэгдсэн. Шүүхийн бичиг, банкны картууд, иргэний үнэмлэх жолооны үнэмлэх хүргэх ажил нэмэгдсэн. Монгол шуудан уламжлалт захидал бичих соёлыг хадгалахын тулд шинэ жил, мартын 8, хүүхдийн баяраар захидлын уралдаан зарладаг. Хүүхдүүдэд захидал бичих нь ийм утга учиртай, дурсгалтай гээд сургалт хийгээд, уралдаан зарладаг юм.

-Шинэ жил дөхөж байна. “Монгол шуудан” энэ үеэр ямар үйлчилгээ санал болгох вэ?

-Шинэ жилээр бид Өвлийн өвгөнд захидал бичих уралдаан зарладаг. Түрүүлсэн хүүхдүүдийг шагнадаг. Албан байгууллагуудын бэлэг хүргэлтийг манайх хийдэг. Мөн бид шинэ жилийн төрөл бүрийн мэндчилгээ худалдаалдаг. Энэ үйлчилгээнүүд маань эхлэх гэж байна.

Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *