Categories
мэдээ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 7 гишүүний 6-г нь томиллоо

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг чөлөөлж, томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас Ж.Цэсэн, Г.Отгонбаяр, М.Уянга, Ч.Батцэнгэл, М.Наранбаатар, Б.Ганболд, Ц.Цоодол нарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм.

УИХ-ын гишүүн Т.Доржханд нэр дэвшигчдээс дараах асуултыг асуулаа. Тэрбээр, “МҮОНРТ хараат бусаар ажиллах үндсэн зарчимтай. Ерөнхийлөгч түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр мэргэжсэн хүнийг нэр дэвшүүлнэ гэж хуульд заасан байдаг. Ерөнхийлөгч Ж.Цэсэн гэдэг хүнийг нэр дэвшүүлж байгаа юм байна. Ж.Цэсэн та соёл урлагийн салбарт ямар ажил хийж байсан бэ? УИХ-аас эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр мэргэжсэн хүмүүсийг нэр дэвшүүлэх ёстой. Гэтэл УИХ-аас нэр дэвшүүлсэн хүмүүс дандаа сэтгүүл зүйн чиглэлийн хүмүүс байна.

Нэр дэвшигч Б.Ганболд хэвлэл мэдээллийн салбарын хүн. Ялангуяа эрх баригч намын кадрт, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд байсан хүн. Энэ хүн УИХ-ын гишүүн, МҮОНРТ-ийн дарга байсан. Нас нэлээн өндөр болчихсон энэ хүн дахиад яагаад нэр дэвшиж байгаа юм бэ. Б.Ганболд та настай хүн байж залуусдаа боломж олгодоггүй юм уу” гэсэн асуултыг нэр дэвшигчдээс асуулаа.

Т.Доржханд гишүүний асуултад нэр дэвшигч Ж.Цэсэн “Би утга зохиол судлалын магистрын зэрэгтэй. Одоогоор Үндэсний батлах хамгаалах их сургуулийн Үндэсний аюулгүй байдал судлалын докторантад суралцаж байна. Мэдээллийн аюулгүй байдал сэдвээр докторын ажлын судалгаа хийж байна” гэж хариуллаа.

Харин нэр дэвшигч Б.Ганболд “Би олон газар ажиллаж байсан. Хуулийн дагуу л бүх юм явагдсан. Олон нийтийн радио телевизийн тухай хуульд зааснаар Үндэсний зөвлөлийн гишүүнд насны хязгаар байдаггүй. Заавал хүн залуу хүн ажиллана гэсэн заалт байхгүй. Би 65 настай нь үнэн. Гэхдээ 65 настай гээд тэнд орохыг хориглоогүй. Би тэнд ажиллаж байсан туршлагатай учраас хамт олондоо тус болно гэж бодож байна” гэлээ.

Дээрх асуулт, хариултын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар нэр дэвшигч Ч.Батцэнгэлд нэрээ татахыг санал болгов. Тэрээр “МҮОНРТ-ийн хамт олноос тавьж байгаа шаардлагыг УИХ харгалзан үзэх ёстой. Тиймээс нэр дэвшигч Ч.Батцэнгэлээс ажиллаж байсан хамт олныхоо шаардлага болон УИХ-ын гишүүдийн саналыг харгалсан үзээд нэрээ татах саналыг дэвшүүлж байна” гэсэн юм.

УИХ-ын даргын энэхүү саналыг нэр дэвшигч Ч.Батцэнгэл хүлээн авч буйгаа илэрхийлснээр Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Ийнхүү МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Ж.Цэсэн, Г.Отгонбаяр, М.Уянга, Ч.Батцэнгэл, М.Наранбаатар, Ц.Цоодол нарын зургаан хүнийг томилохыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсон гишүүдийн товч намтар

  • Нэр дэвшигч Жигжидийн Цэсэн нь 39 настай, Сүхбаатар аймгийн 10 жилийн I сургуулийг 1998 онд, Улсын Багшийн Их Сургуулийг сэтгүүлч-орчуулагч мэргэжлээр 2003 онд тус тус төгссөн байна. Уран зохиолын магистр, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй. Тэрбээр 2000-2001 онд “Шар сонин” хэвлэлд сэтгүүлч, 2001-2002 онд Нийслэлийн Улаанбаатар радиод сэтгүүлч, 2002-2007 онд “Мянганы зууч” сонины албаны дарга, тоймчоор, 2007-2010 онд “Ардчилал сонин” хэвлэлийн албаны дарга, тоймчоор, 2008-2012 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны хэвлэлийн төлөөлөгчөөр, 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн төлөөлөгчөөр, 2017-2019 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн албаны даргаар, 2019-2020 онд “Сайн Пи ар” агентлагт зөвлөхөөр тус тус ажиллажээ.
  • Нэр дэвшигч Дамдин овогтой Цоодол нь 1967 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. 1985 онд 10 жилийн сургуулийг, 1989 онд Улсын багшийн дээд сургуулийг Кино драмын жүжигчин мэргэжлээр, 2017 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг сэтгүүл зүйн магистр мөн Оросын Холбооны Улсын Москва хотын Останкины мэргэжил дээшлүүлэх институтийг хөтлөгч, нэвтрүүлэгчийн уран чадвар мэргэжлээр тус тус төгссөн. Улсад 28 жил ажилласан бөгөөд үүнээс 1989-2016 онд Монгол Үндэсний Олон нийтийн телевизэд нэвтрүүлэгч, 2012-2016 онд Монгол Үндэсний Олон нийтийн телевизийн 5 дугаар нэгдлийн дарга, 2014-2016 онд Кино программын ерөнхий продюсер, 2016 оноос “Цэцэн энтертэймент” студийн Ерөнхий продюсероор ажиллаж байгаа юм байна.
  • Нэр дэвшигч Мянганбуу овогтой Наранбаатар нь 1974 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. 1991 онд Өвөрхангай аймгийн Есөн-зүйл сумын 10 жилийн сургуулийг, 1996 онд Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны дээд сургуулийг Гадаад албаны ажилтан, орос судлаач мэргэжлээр, 2002-2004 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистр зэргээр, 2016-2019 онд Шихихутаг Их сургуулийг Хууль зүйн магистраар тус тус төгссөн. 1996-2006 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизэд редактор, ахлах редактор, 2006-2015 онд Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн захирал, 2015-2018 онд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2019 оноос Энхтайван найрамдлын байгууллагын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм байна.
  • Нэр дэвшигч Баасанжав овогтой Ганболд 1955 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 1973 онд Ерөнхий боловсролын сургууль, 1979 онд Москвагийн Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 1989 онд Москва Нийгмийн Ухааны Академид Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 1979-1992 онд Үнэн сонинд сэтгүүлч, 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн, 1996-1999 онд “Ардын эрх” сонины орлогч эрхлэгч, 1999-2000 онд “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч, 2000-2006 Радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2007-2013 онд “Үндэсний шуудан” сонины эрхлэгч, 2014-2020 онд “Монголын Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байжээ.
  • Нэр дэвшигч Маруушийн Уянга 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 1998 онд Москвагийн Соёл урлагийн их сургууль төгссөн. Телевизийн цэнгээнт нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч найруулагч, менежер мэргэжилтэй. Соёл судлалын доктор. 2004-2015 онд “Тод толь” сангийн тэргүүн, 2005-2007 онд хүүхдийн “Өлзийт” зуслангийн захирал, 2002 оноос өнөөдрийг хүртэл “Саунд оф Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал, найруулагч, “Монголын Урлагийн ажилтны холбооны болон Олон улсын хүүхдийн зуслангуудын холбооны гишүүний сонгуульт ажилтай.
  • Нэр дэвшигч Гомбожавын Отгонбаяр 1973 онд Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн. 1991 онд нийслэлийн 16 дугаар дунд сургууль, 1996 онд Улаанбаатар төмөр замын дээд сургууль, 2011 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг төгссөн, инженер, сэтгүүлч мэргэжилтэй, Сэтгүүл зүйн магистр. 1996-1999 онд Улаанбаатар төгиөр замын Дархан өртөө, Зорчигчийн суудлын вагон депод, 1999 оны 7 дугаар сараас Өдрийн сонинд сэтгүүлч, 2000-2007 онд “Зууны мэдээ” сонинд албаны даргаар, 2007-2015 онд “Үндэсний шуудан” сониныг үүсгэн байгуулалцаж нийтлэлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч эрхлэгч, мөн ерөнхий эрхлэгчээр, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *