Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Хятад улсад айлчлал хийхдээ 30 мянган хонь хандивласан билээ. Хандивын 30 мянган хонины махыг боловсруулан, цар тахал хамгийн түрүүнд гарсан Хубэй муж, Ухань хотын эмнэлгийн ажилтнуудад хүргэсэн .
Монгол Улсаас БНХАУ-ын ард түмэнд хандивласан 30 мянган толгой хонь Ухань хотод хүрсэн талаар саяхнаас мэдээлж эхэлсэн. Хүнд хэцүү цаг үед тусалсан Монголын ард түмэнд талархсан сэтгэгдлээ Хятадын ард түмэн цахим орчинд илэрхийлсээр байна. Монгол Улсын хандивласан 30 мянган толгой хонийг нэгэн цагт цар тахлын голомт болж байсан Ухань хотын эмч, эмнэлгийн ажилтнууд болон хүнд цаг үед Хятадын өнцөг булан бүрээс тус хотод ирж ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудад олгох шийдвэрийг тус улсын Засгийн газар гаргасан.
Хятадын ард түмэн Монголын ард түмэнд талархлаа илэрхийлж буй энэ цаг үед Хубэй мужийн Засгийн газар Монгол Улсад хариу талархал илэрхийлж, цар тахалтай тэмцэхэд зориулсан эмнэлгийн тоног төхөөрөмж болон бусад бараа материалын тусламжийг үзүүлэв.
Тодруулбал, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал энэ сарын 8-ны өдөр Ухань хотноо Хубэй мужийн дэд дарга Сяо Жүйхуатай уулзаж, хандив гардуулах ёслолд оролцлоо. Энэ үеэр Хубэй мужаас Монголын ард түмэнд хандивлаж буй 3 ширхэг PCR шинжилгээний тоног төхөөрөмж, 30 мянган хүнд хэрэглэх нуклейн хүчлийн урвалж, 20 мянган ширхэг шахмал цай, 2000 ширхэг улаан цай зэргийг батламжийн хамт гардуулж өгөв.
Энэхүү хандивыг Хятадын ард түмэн баяртайгаар хүлээн авсан. Хятадын төв телевизэд энэ талаар гарсан албан мэдээний хандалт 28.98 саяд хүрч, 969 мянган хүн лайк дарж, 36 мянган хүн сэтгэгдэл үлдээж, 13 мянган хүн хуваалцжээ. Хятадад хандивын хонины талаар дурсгалын марк гаргаж, баримтат кино хүртэл хийсэн билээ.