Улсын Онцгой комиссын саналыг үндэслэн Засгийн газраас Улаанбаатар хотод даваа гаригаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулах шийдвэр гаргалаа.
Засгийн газраас Улсын Онцгой комисст дараах үүрэг чиглэл өгч буйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.
1. Эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөцийн судалгааг дахин нягтлах. Ялангуяа эмч, эмнэлгийн ажилтнуудын судалгааг гаргаж, чадваржуулах, бэлтгэл сургуулилалт хийн, бэлэн байдлыг хангах
2. PCR шинжилгээний хариуг гаргах хүчин чадлыг нэг өдөрт 100 мянгад хүргэх, лабораторийн нөөц, урвалжийн нөөцийг 2-3 сараар бэлтгэх ажлыг ойрын хугацаанд сайтар зохион байгуулах
3. Улс, нийслэл аймгийн Онцгой комисс, яам, газрууд гаргасан шийдвэрийнхээ гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийх. Гаргасан шийдвэр зайлшгүй хэрэгжиж байх учиртай. Дунд, анхан шатанд өөрчлөгддөг, янз бүрийн нугалаа ордог, ойлгомжгүй үйл ажиллагаа зохион байгуулдгаас ард иргэдийг бухимдуулж байна. Үүнийг таслан зогсоох ёстой.
4. ХӨСҮТ, хил, гааль, төмөр зам, боомтуудад хяналтыг онцгой сайжруулах.
5. Цар тахлын талаар бодит, үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх. Мөн иргэдийн хариуцлагыг сануулсан, урьдчилан сэргийлэх тухай мэдээллийн давтамжийг нэмэгдүүлэх
6. Бүх шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын сахилга бат, ажлын хариуцлагыг сайжруулах шаардлагатай. Ажил ацаглаж болохгүй, ард иргэдэд бухимдал үүсгэж болохгүй, гаргасан шийдвэрүүд хэрэгжих ёстой. Бүгд бухимдалтай байгаа. Хорио цээрийн дэглэм бол хүндрэлтэй зүйл. Олон хүний ажил амьдралтай холбоотой, уур уцаар хүргэсэн, зарим тохиолдолд хүний эрх чөлөөг хязгаарласан шийдвэрүүд хэрэгжиж байгаад ард иргэд бухимдаж байгаа. Дэлхий тэр даяараа бухимдалтай байна. Гэхдээ бид үүнийг давах ёстой” гэлээ.