Арванхоёрдугаар сарын эхний долоо хоногоос эхлэн ОХУ иргэдээ бүх нийтээр нь коронавирусийн эсрэг “Спутник V” вакцинд хамруулахаа зарласан. Москва хотод вакцинжуулалтыг арванхоёрдугаар сарын 5-ны бямба гараг буюу өнөөдрөөс эхлүүлээд байгаа бол бусад мужуудад ирэх долоо хоногоос вакцин хийж эхлэхээр болсон байна.
Эхний шатанд Москвад эмнэлгийн болон боловсролын байгууллагын ажилтнууд, нийтийн албаны алба хаагчид гээд төрийн болон хувийн хэвшлийн 18-60 насны иргэд вакцинд хамрагдах боломжтой аж. Мөн цэвэрлэгээ хийдэг хүмүүс өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг учраас эхний ээлжид хамрагдах гэнэ. Зарим мужуудад бусад бүлгийн иргэд, жишээ нь цагдаагийн алба хаагчид вакциныг эхний ээлжид хийлгэх юм байна. Москвад өчигдрөөс эхлэн боловсролын болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад хотын захиргааны мэдээллийн технологийн газраас вакцинд эхний ээлжид үнэгүй хамрагдах эрхтэй гэсэн утгатай зурвас илгээж эхэлсэн байна.
Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд Гамалеийн нэрэмжит “Спутник V” вакциныг эрсдэлтэй бүлгийн 100 мянга гаруй хүнд тарьсан тухай мэдээлжээ. Харин бүх нийтээр нь вакцинд хамруулах үйл ажиллагаа 2021 оны нэг, хоёрдугаар сард эхэлнэ гэж өнгөрсөн арваннэгдүгээр сард Гамалеийн төвийн тэргүүн Александр Гинцбург мэдэгдэж байв. Гэвч энэ сарын 2-ны өдөр Владимир Путин иргэдээ 5-ны өдрөөс вакцинд хамруулж эхлэх үүрэг өгсөн байна.
Дараах бүлгийн хүмүүс вакцинд хамрагдахгүй: Уг вакцин нь жирэмсэн болон хөхөөр хооллодог ээжүүд, архаг хууч өвчтэй хүнд /ямар өвчин болохыг тодорхой бичээгүй аж/ эсрэг заалттай болохыг тэмдэглэжээ. Мөн сүрьеэ, хепатит В, С вирустэй, тэмбүү, ХДХВ-тэй хүнд тарихгүй юм байна. Мөн дараагийн гурван сарын хугацаанд хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа эрчүүд, эмэгтэйчүүд вакцинд хамрагдахгүй байхыг зөвлөжээ.
Түүнчлэн амьсгалын замын цочмог вирус халдвараар хоёр долоо хоногийн өмнө эсвэл одоо өвдөж байгаа хүнд хийхгүй гэнэ. Сүүлийн нэг сарын хугацаанд өөр төрлийн вакцинд хамрагдсан, эсвэл одоо вакцины туршилтад хамрагдаж байгаа хүмүүс мөн хийлгэхгүй аж. Вакцин хийлгэснээс хойш 42 хоногийн хугацаанд дархлаа суудаг байна. Тиймээс энэ хугацаанд иргэд амны хаалт зүүж, олон хүнтэй газар очихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах ёстой аж.