Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өчигдрөөс эхлэн 30 цэг дээр “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар иргэдээс тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулж эхэлсэн. Шинжилгээг энэ сарын 11-н хүртэл 70 мянган иргэнээс авах юм.
Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын ажилтан “Иргэдийг шинжилгээнд хамруулахдаа дүүргийн онцгой комиссоос хороо, өрхийн эмнэлэгтэй хамтран халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхүүдээс нэг хүн сонгох хэлбэрээр жагсаалтаа гаргасан. Өөрөөр хэлбэл, олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон шинжилгээнд хамруулна. Улмаар жагсаалтад багтсан иргэдэд шинжилгээ өгөх цаг болон байршлыг мэдэгдэнэ. Хэрэв шинжилгээний хариу сэжигтэй гарвал PCR шинжилгээгээр баталгаажуулна. Түүнээс биш нийслэлийн айл өрх бүрээс шинжилгээ авахгүй. Нэмж хэлэхэд шинжилгээнд орохын өмнөх хоёр цагийн турш бохь зажлахгүй, тамхи татахгүй, юм идэж уухгүй байх хэрэгтэй. Мөн шинжилгээ өгөхийн өмнө хамрын хөндийгөө цэвэрлэх хэрэгтэй. Хэрэв хамар нь мурий эсхүл, хамарны хагалгаанд орж байсан бол эмчдээ хэлж сануулбал шинжилгээ авахдаа илүү болгоомжтой хандана. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо болон бусад дүн мэдээллийг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас танилцуулна” гэлээ. Өчигдрийн байдлаар “Covid-19”-ын халдвар Баянгол дүүрэгт 26, Баянзүрх дүүрэгт 24, Сүхбаатар дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 14, Хан-Уул дүүрэгт 16, Чингэлтэй дүүрэгт 1,Багануур дүүрэгт 1 тохиолдол тус, тус бүртгэгдээд байна. Шинжилгээ өгөх цэг Баянгол дүүрэг дээр 6 цэг, Баянзүрх дүүрэгт 6 цэг, Сонгинохайрхан дүүрэгт 4 цэг, Сүхбаатар дүүрэгт 3 цэг, Хан-Уул дүүрэгт 4 цэг, Чингэлтэй дүүрэгт 2 цэг, Багануур дүүрэгт 2 цэг, Налайх дүүрэгт 2 цэг, Багахангай дүүрэгт 1 цэг байна.
“Ковид-19” вирус илрүүлэх хамар залгиурын арчдас авах шинжилгээ өгөх хүмүүс шинжилгээ өгөхөөс 2 цагийн өмнө:
– Хоол идэхгүй
– Юм уухгүй
– Бохь зажлахгүй
– Хамраа зайлахгүй байх
– Шүдээ угаахгүй байх
– Эм уухгүй
– Тамхи татахгүй ба татаагүй байх шаардлагатай.