Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УГТЭ-ийн эмч нар хэвлийн гол судасны цүлхэнд “графт стент” тавих мэс заслыг амжилттай хийлээ​

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Улсын гуравдугаар төв эмнэлэг тохиолдлын удирдлагын тогтолцооны өндөржүүлсэн бэлэн байдалд эмнэлзүйн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг тасралтгүй ханган ажиллаж байгаа билээ.

2020 оны арванхоёрдугаар сарын 04-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх, Монгол улсын Хүний гавьяат эмч АУ-ны доктор, профессор З.Лхагвасүрэн, Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн эрхлэгч Ц.Дамдинсүрэн, Зүрх судлалын тасгийн Хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзий, Зүрх судасны мэс заслын тасгийн эрхлэгч Д.Бат-Ундрал, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн их эмч Ш.Батцэцэг, ангиографийн болон мэс заслын сувилагч, мэдээгүйжүүлгийн сувилагч, ангиографийн инженер, техникч нарын хамтарсан баг хоёр талын ташааны тараагуур судсыг хамарсан хэвлийн гол судасны хүнд хэлбэрийн цүлхэний эмгэгт Монгол улсад хоёрдох удаагаа бие даан судсан дотуурх мэс заслын аргаар “стент графт” буюу өмсгөлтэй стент суулгах мэс заслыг амжилттай хийлээ.

Хоёр ташааны тараагуур судас хамарсан хэвлийн гол судасны цүлхэн оноштойгоор тус эмнэлгийн Зүрх судасны мэс заслын эмч нарын хяналтад байсан 63 настай эмчлүүлэгчид ерөнхий унтуулгын дор хоёр гуяны тараагуур судсаар дамжуулан хэвлийн гол судасны хүнд хэлбэрийн цүлхэнд нэхмэл полиэстр материал бүхий өмсгөлтэй стент графтийг байрлуулж, цүлхэн хагарч цус алдах хүндрэл болон улмаар амь нас эрсдэх аюулаас сэргийлж чадлаа.

Монгол улсад хараахан хийгдэх боломжгүйн үүднээс зайлшгүй гадаад улсад явж эмчлүүлэх өвчний жагсаалтад багтсан уг өвчин энэ удаа дэлхий нийтийн хэмжээнд тархаад байгаа цартахлын улмаас үйлчлүүлэгчийн хувьд гадаад улсад явах ямар ч боломжгүй болоод байсан билээ. Энэ хүнд хэцүү цаг үед нарийн технологи, өндөр ур чадвар шаардсан энэхүү мэс заслыг тус эмнэлгийн эмч нар өөрсдөө бие даан хоёр дахь удаагаа амжилттай гүйцэтгэн, эмчлүүлэгчийг эрүүл мэндийн шалтгаант санхүүгийн эрсдэлээс хамгаалахын сацуу өндөр түвшний чанартай тусламжийг ямар ч чирэгдэлгүйгээр эх орондоо авах боломжоор хангаж ажиллаа.

Тус эмнэлгийн зочин профессор болох Бээжингийн Их сургуулийн эмнэлгийн судасны мэс заслын зөвлөх эмч, профессор Ли Ёонг Жун энэ удаа мөн онлайнаар холбогдон алсын зайнаас шууд зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *