УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь толилуулж байна.
УИХ-аас баталсан “Апсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Эдийн засгийн өсөлтийг хангахуйц, тээврийн ухаалаг системд суурилсан үндэсний тээвэр, логистикийн сүлжээг байгуулах” зорилтын хүрээнд зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.
Нэг.Авто замын салбарын бүтээн байгуулалтын ажлын талаар:
Монгол Улс нь нийт 112,414.2 км авто замын сүлжээтэйгээс 14918.7 км нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаардаг бөгөөд үүний 48.5 хувь буюу нийт 7227.5 км нь хатуу хучилттай зам байна.
2020 оны 10 дугаар сард Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдлоо.
Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 75.4 хувыай байна. Энэхүү авто замыг 2021 онд ашиглалтад оруулснаар бүх аймгийн төв Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно.
Авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 2020 онд нийт 123 чиглэлийн 1,902.7 км авто зам болон 27 байршилд 1376.6 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж байна.
2020 онд 703.21 км авто зам, 1000 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж, одоогийн байдлаар 185 км авто зам, 668 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулаад байна.
Авто замын салбарт 2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим ажлын гүйцэтгэл дараах хувьтай байна. Үүнээс:
-улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт авто зам, гүүрийн барилга угсралтын ажил 90 хувь;
-гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт авто замын барилгын ажил 62 хувь;
-төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт авто замын барилгын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэ онд ашиглалтад оруулах томоохон төсөл, арга хэмжээнээс дурдвал:
-Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто зам, Ховдын Булган-Үенч чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам, Орхон-Хишиг-Өндөр сум чиглэлийн 12.82 км, Баян-Өлгийн аймгийн төвийн 10.4 км хатуу хучилттай авто зам, Туул гол дээрх 205.1 у/м,
-Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын голын 62 у/м, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Онон голын 150 у/м, Хэнтий аймгийн Дадал сумын 238.9 у/м төмөр бетон гүүр;
-Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Баруун босоо тэнхлэгийн авто замаас Мөст сум хүртэлх 20.3 км хатуу хучилттай авто зам.
Монгол Улс 2004 онд “Азийн авто замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэгдэн орж, уг хэлэлцээрээр хүлээсэн үүргээ үе шаттай биелүүлж байгаа боловч олон улсын авто тээврийн харилцааг хөгжүүлэх дэд бүтцийг бий болгох ажил удаашралтай байна.
Тухайлбал, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт хамрагдаж буй авто замын сүлжээний ашиглалтын байдлыг авч үзэхэд Азийн авто замын сүлжээний ангилалаар БНХАУ-ын авто замын сүлжээ нь бүхэлдээ нэгдүгээр зэргийн, ОХУ-ын авто замын сүлжээ нь хоёрдугаар зэрэгт хамаарагдаж байна.
Харин манай улсын авто замын сүлжээ нь дээрх ангиллын 2-3 дугаар, зарим хэсэгтээ гуравдугаар зэрэгт ч хүрэхгүй байгаа нь коридороор үр ашигтай, аюулгүй тээвэрлэлт явуулахад сөргөөр нөлөөлөхөөр байна. Иймд авто замын сүлжээний ашиглалтын байдал, чанар, стандартыг сайжруулах, хөрш орнуудын жишигт хүргэх зайлшгүй шаардлагатай.
Энэ хүрээнд олон улсын авто замын сүлжээг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн хөгжүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй, үр ашигтай, тогтвортой үйлчилгээг бий болгох зорилгоор Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Улаанбайшинт- Ховд-Ярант чиглэлийн нийт 756 км авто замын сүлжээг 2021 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Мөн Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замын хамгийн ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хоёр урсгалтай- дөрвөн эгнээ бүхий нэгдүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж, шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэхүү бүтээн байгуулалтын ажлын эхний ээлжийн ажил болох хоёр эгнээ авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажлыг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр таван багц хэсгээр эхлүүлсэн. Гэрээний дагуу барилгын ажлыг 2020 оны 6 дугаар сард багтаан дуусгах байсан боловч КОВИД-19 халдварын цар тахлын улмаас гадаад ажиллах хүч Монгол Улсад төлөвлөсөн хугацаанд орж ирж чадаагүй тул гурван багц хэсгийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан.
Харин Багц-2, Багц-4 хэсгийн гүйцэтгэгч гэрээ цуцлах хүсэлтээ 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн тул гэрээ цуцлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хоёр багц хэсгийн нийт 90.58 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үлдэгдэл ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг энэ онд багтаан зохион байгуулж, ажлыг 2021 оны 3 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Одоогоор Багц-1 хэогийн ажлын гүйцэтгэл 85.43 хувь, Багц-3 хэсгийн ажлын гүйцэтгэл 69.75 хувь, Багц-5 хэсгийн ажлын гүйцэтгэл 70.46 хувьтай байгаа бөгөөд авто замын үндсэн трассаар 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээгээд байна. Нийт 204.11 км авто замын 135.19 км-т хатуу хучилттай авто замаар /үүнээс 65.03 км шинээр баригдсан, 70.16 км хуучин хучилтаар/, 68.92 км-т цементээр бэхжүүлсэн буталсан чулуун сууриар нээсэн болно.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих, байгаль орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км, Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 477 км, Тавантолгой-Цагаандэл-Уул хилийн боомт чиглэлийн 270 км тусгай зориулалтын авто замын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, концессын “зураг төсөл боловсруулах-барих- ашиглах-шилжүүлэх” гэрээ байгуулан хэрэгжүүлж байна.
Сүүлийн жилүүдэд авто замын салбарт зам барилгын ажил богино хугацаанд хурдтай хийгдэж, авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын урт нэмэгдэж байгаа боловч авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах, засвар арчлалтын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд анхаарах шаардлагатай байна.
Энэ хүрээнд олон улсын болон улсын чанартай авто замын урсгал засвар арчлалтын ажилд 2020 оны улсын төсөвт батлагдсан 52.0 тэрбум төгрөгийн санхүүжилтэд багтаан авто замын засвар арчлалтын 32 байгууллага авто замын бэлэн байдлыг хангаж, засвар арчлалтыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд нийт ажлын гүйцэтгэл 97.8 хувьтай байна.
2020 онд олон удаагийн давтамжтай орсон аадар борооны улмаас үер бууж, нийт 18 аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 46 байршилд улсын чанартай авто зам, замын байгууламжид гэнэтийн эвдрэл, гэмтэл үүссэн. Иймд 2020 оны төсвийн тодотголын хүрээнд нийт 5.8 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж, үерийн улмаас звдэрсэн авто зам, замын байгууламжийг засварлахад шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улсын чанартай авто замуудын засварын ажлыг бүрэн гүйцэтгүүлэх, халтиргаа, гулгаанаас хамгаалах хуурай элс, дайрга, давс, бодис нөөцлөх, машин механизм, хүн хүч бэлтгэх ажлыг хангуулж байна. Мөн өвлийн улиралд зам, даваа цасанд хаагдаж боогдох, халтиргаа гулгаа үүсэх үед шуурхай арга хэмжээ авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний саадгүй нэвтрүүлэх, авто замын байнгын бэлэн байдлыг хангах зорилгоор улсын хэмжээнд нийт 43 цэгт шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байна.
Авто зам, гүүрийн арчлалт, урсгал засварын ажлын зардлын хэмжээг суурь нормын дагуу тооцож үзэхэд олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээний ашиглалтын түвшинг бууруулахгүйгээр байнгын бэлэн байдлыг хангаж ажиллахад урсгал засвар, арчлалтад жилд 113.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд цаашид хөрөнгө оруулалтыг үе шаттай нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Нөгөө талаар нийт хатуу хучилттай авто замын сүлжээний 55 хувь нь нормативт хугацаагаар ээлжит болон их засвар зайлшгүй хийгдэх шаардлагатай байгаа бөгөөд ээлжит засварын шаардлагатай хөрөнгө оруулалт жил бүр хангалттай хэмжээнд төлөвлөгддөггүйгээс дараагийн шатны буюу өртөг их шаарддаг их засвар, шинэчлэлтийн ажлыг хийх шаардлага бий болж байгааг анхаарах шаардлагатай байна.