Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ жил тус өдрийг “Хөгжлийн бэрхшээл бүр нүдэнд харагддаггүй” гэсэн сэдвийн хүрээнд “Илүү сайнаар цогцлоох нь: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэгш хамруулсан, хүртээмжтэй, тогтвортой цар тахлын дараах дэлхийн төлөө” гэсэн уриан дор тэмдэглэж байна.
ДЭМБ-аас гаргадаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тайлангаас харахад дэлхийн нийтийн хүн амын 15 хувь буюу 1 тэрбум гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй байна. Манай улсын хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бөгөөд тэдний зарим тоон мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүргэж байна. Дээр дурдсанчлан манай улсын хүн амын 3.3 хувь буюу 107,075 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Эдгээр иргэнийг насаар нь ангилан үзвэл, 0-18 насны 12,476, 19-34 насны 22,753, 35-64 насны 65,487, 65-аас дээш насны 6,539 иргэн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй 6-аас дээш насны 104,200 иргэн байгаагаас 87,385 нь боловсрол эзэмшсэн. Боловсролын түвшингээр нь тодруулан танилцуулбал,
-бага 14,142,
-суурь 21,634,
-бүрэн дунд 30,335,
-техникийн болон мэргэжлийн 4,253
-тусгай мэргэжлийн дунд 5,465
-дипломын дээд 947
-бакалаврын дээд 10,004
-магистр 569
-доктор 36 байна.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй, 15-аас дээш насны 98,243 иргэний 31.6 хувь буюу 31,092 нь хөдөлмөр эрхэлж байгаа юм.