Улсын Их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд зам, тээврийн салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаарх Ерөнхий сайдын мэдээллээс хүргэж байна.
Булган, Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дорнгод аймгийн нутгаар дамжин өнгөрдөг. Монгол Улс нийт 1,949.4 км төмөр замын сүлжээтэй. Төмөр замын салбарт ачааны 7,830, зорчигчийн 334 вагон, зүтгүүр 205, өртөө, зөрлөг 86, нийт 16,547 ажилтан ажиллаж байна.
2020 онд төмөр замын салбарт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км төмөр замын төслийн барилгын ажлыг эхлүүлсэн бол газрын тосны үйлдвэрийн 27 км төмөр замын барилгын ажлыг дуусган ашиглалтад хүлээн авлаа. Мөн Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт бүс нутгийн логистикийн төвийг барьж, үйл ажиллагааг эхлүүлээд байна.
-Томоохон төслүүдийн гүйцэтгэлийн явцын талаар танилцуулбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд одоогийн байдлаар 27 аж ахуйн нэгж, 1,751 хүн, 771 машин механизм ажиллаж байна. Уг чиглэлийн төмөр зам нь Тавантолгой өртөөнөөс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг дайран хилийн Гашуунсухайт боомтод хүрэх бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг 2022 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Өмнөх гүйцэтгэсэн ажлуудыг оруулан тооцвол газар шорооны ажил 97.7 хувь, хоолойн ажил 98.3 хувь, гүүрийн ажил 76.11 хувь, замын дээд бүтэц 52.88 хувьтай үргэлжилж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьснаар жилд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн экспортлох боломжтой болно.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 146 аж ахуйн нэгж, 6,153 хүн, 2,871 механизм ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд дуусгахаар төлөвлөсөн бөгөөд газар шороо болон хоолойн ажлыг 100 хувь, гүүрийн ажил 88.21 хувь, замын дээд бүтцийн ажил 22 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг төслийг хэрэгжүүлснээр Тавантолгойн ордын коксжих нүүрсийг гуравдагч орны зах зээлд хүргэх ач холбогдолтой.