Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Баатархүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 08.30 цагт товлогдсон боловч арванхоёрдугаар сарын 21-ний 08.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.
Нэр бүхий 10 шүүгдэгчээс Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолын дагуу Ховд, Сэлэнгэ, Дорноговь аймгуудад хөл хорионд орж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлжээ. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтийг хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.
Тэднийг хахууль өгөх, авах, мөнгө угаах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэм буруутайд тооцжээ. Тодруулбал нийслэлийн Прокурорын газраас:
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /хахууль өгөх/,
-22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /хахууль авах/, 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /мөнгө угаах/
-20.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг /зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгө завших, үрэгдүүлэх,
-24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/
-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль авах/-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.