Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 2016 онд хэрэгжүүлсэн “Улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1.5Т өндөр хүчин чадалтай MRI аппарат нийлүүлсэн.
Уг MRI аппарат нь 2016 оны аравдугаар сараас оношилгоонд ашиглаж эхэлсэн ч хөргөлтийн “Helium” бодисын ууршилттай холбоотой гэмтэл гарч, гурван удаагийн засвар үйлчилгээ хийж, долоон сарын хугацаанд ашигласан байна. Нэг эвдрэл гэмтэл давтан гарч байгаа асуудлыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны удирдлагуудын хамтарсан баг төслийг хэрэгжүүлэгч “Вамед инженеринг” компанид удаа дараа хүсэлт гаргаж, аппаратын толгой буюу үндсэн хэсгийг цогцоор нь солиулах зөвшилцөлд хүрснээр дэвшилтэт технологийг улсын эмнэлэгт ашиглах боломжийг нэмэгдүүлсэн байна.
MRI аппаратын гол цөм хэсэг болох толгойн хэсгийг бүхлээр нь солиход өндөр зардал, угсрах суурилуулах ажилд багагүй хугацаа зарцуулагдаж, 2019 оны аравдугаар сараас эхэлсэн ажил өнөөдөр дуусжээ.
Энэхүү өндөр хүчин чадал бүхий MRI аппарат ашиглалтад орсноор ард иргэдэд хүргэх мэдрэл, яс тулгуур эрхтэн, хэвлий болон бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн оношилгооны ач холбогдол, чанар, хүртээмж сайжрах юм.