Categories
мэдээ нийгэм

С.Баяр нарт олбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

С.Баяр хорих 409 дүгээр ангид хоригдож байна

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал болно. Тэдэнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 12-ны өдөр товлогдсон ч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааныг түр хойшлуулаад байсан юм. Өнгөрсөн хугацаанд шүүхээр зайлшгүй орох шаардлагатай буюу цагдан хорих, зөрчлийн яаралтай хурлууд орж байсан бол Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлуудыг цахимаар үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулахад, Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 22-ноос 23-нд хянан хэлэлцээд, Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноосон билээ. Мөн С.Баяраас таван тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас таван тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгө хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ. С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох Оюутолгой төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр таван жилийн хорих ял оноосон.

Харин Ч.Даваанямыг Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *