Засгийн газар ээлжит бусаар 17:00 цагаас эхлэн хуралдаж хатуу хөл хорионы дэглэмийг сунгах эсэх асуудлаар хуралдлаа.
Уг хурлаар хөл хорионы дэглэмийг хэсэгчилэн 10 хоног сунгахаар болсон байна. Цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг арванхоёрдугаар сарын 01-11-ны өдрийн 06 цаг хүртэл хэсэгчилсэн бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэхээр болсон аж.
Мөн олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, цуглаан жагсаал, спорт, урлаг, үзвэр үйлчилгээг хориглож засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн болон хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэхээр болсон байна.
Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгаас бусад бүх аймгуудад нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж ажиллахаар засгийн газраас шийдвэрлэжээ.