Нью Йоркод амьдардаг нэгэн гэр бүл байшиндаа засвар хийж байгаад санаанд оромгүй зүйл олжээ. Ник Драммонд, Патрик Баккер нар амьдардаг байшинг нь анх хууль бус наймаачин барьж, амьдарч байсан гэх цуу яриа сонсч байсан аж. Тэд олсон зүйлсээ ихэд гайхан сонирхож, виски гэдгийг нь олж мэдмэгцээ цахим орчинд болсон явдлын талаар хуваалцжээ. Мөн түүнээс гадна тэд байшингийнхаа шалан доороос нууц зоорь олсон бөгөөд тэндээс ч нямбайлан цаасанд боосон вискинүүд олджээ.
Тэдний гэр бүл байшингийнхаа гадна талын хананы модыг солихоор хуулж авч байгаад ханан дотроосоо согтууруулах ундаа, хориотой үеийн 66 шил виски олжээ. Байшин 1915 онд буюу АНУ орон даяар согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, тээвэрлэлтийг хориглохоос ердөө таван жилийн өмнө баригдсан гэнэ. Мөн Нью Йорк хотоос гурван цаг явах зайд Амес гэх газарт байдаг бөгөөд хосууд тэнд гурван жил амьдарч, хоёр сарын өмнөөс засвар хийж эхэлжээ. Вискинүүд бүгд Old Smuggler Gaelic Whiskey хэмээх бичиг бүхий шошготой аж. Шотланд улсад ийм нэртэй виски өдгөө ч үйлдвэрлэгддэг гэнэ.
Байшинг анх барьсан гэх хууль бус наймаачин нь Кунт Адоф Хампнер хэмээх герман эр байжээ. Тэрбээр Амес тосгонд олон домог яриатай, цуутай нэгэн аж. Ник түүний түүхийг судалж үзээд дарсан бүх бараагаа нууж орхиод 1932 онд учир битүүлгээр нас барсан гэдгийг нь олж мэджээ.
Кунт тухайн үед уугуул америкчуудтай хамтран ажилладаг байсан гэх цуу байдаг гэнэ. Мөн тэрээр тосгонд нэг банк, нэг сургууль, 23 үл хөдлөх хөрөнгөтэй байжээ. Түүнийг үхсэний дараа зарим байшин, машинаас нь хэд хэдэн нууц бичиг баримт олсон ч хууль бус наймаачин байсныг нь албан ёсоор баталж чадаагүй гэдэг. Никийн гэрийн зооринд вискинээс гадна мөн гадаад, дотоод гүйлгээний олон баримт олджээ. Гайхалтай “олдвор” олсон хос вискиний хоосон шилнүүдийг гэртээ дурсгал болгон үлдээгээд, бүтэн вискинүүдээ зарахаар шийджээ. Тэдний хэлснээр нэг шил виски 1000 орчим ам.долларын үнэ хүрэх аж. Гэхдээ өөрсдөө ууж үзэхийн тулд нэг шилийг нь авч үлдэх гэнэ.