Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ: Хүнсний бүх төрлийн будаа, ургамлын тос, малын өвс, тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.27) нэгдсэн хуралдаан 10.00 цагт хуралдааны “Их хуралдай” танхимд Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 11 гишүүн хүрэлцэн ирсэн, мөн Улсын Их Хурлын 33 гишүүн интернетэд холбогдсон гар утас, зөөврийн компьютер, iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан байгаа газраасаа ZOOM-ээр хуралдааны ирцэд бүртгүүлснээр цахим хуралдаан эхлэв.

Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шинэчлэн найруулж баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал зарласан, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн, энэ хуульд заасан зарчмыг баримтлан асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдааны дэгээр хэлэлцэж болно” хэмээн заагаад хуулийн 7 дугаар зүйлд “Цахим хуралдаан” гэсэн шинэ зохицуулалтыг тусгай бүлэг болгож оруулсан. Энэ үндсэн дээр чуулганы хуралдааныг цахим хуралдааны программ ашиглан зохион байгуулах бөгөөд цахим хуралдааны программ нь Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсгийн гишүүд байршлаасаа үл хамааран дүрсээ харан нэгэн зэрэг сонсох болон ярих, санал өгөх боломжтой байхаар зохицуулсан. Энэ үндсэн дээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан улс орон даяар бүх нийтийн бэлэн байдал тогтоосонтой холбогдуулан Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан цахимаар болж, гишүүд “Их хуралдай” танхим болон байгаа газраасаа интернетэд холбогдсон гар утас, зөөврийн компьютер, iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан ZOOM-ээр нэгдсэн хуралдаанд оролцож байгаа юм.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хуульчийн эрх үйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр тогтов. Эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс тав хоногийн хугацаатай завсарлага авсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, хуулийн төслүүдийн талаарх хууль санаачлагчийн илтгэлээ танилцуулж байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, миний өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцсэн мэт байдлаар буцаах болсонтой холбогдуулан Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдрийн чуулганы хуралдаанд өөрийн биеэр оролцож, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ гээд юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэх ёстой шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал хэт улстөржсөн, иргэд олон нийтийг илэрхий төөрөгдүүлсэн, үндэсний эв нэгдлийг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн, монгол төрийн уламжлалд үл зохицох арга байдлаар явагдах болсонд харамсаж байгаагаа илэрхийлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдээ татан авч буйгаа мэдэгдэв.

Тэрбээр шүүхийн асуудал бол хэдхэн шүүгчийн асуудал биш, шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулахад голлох нөлөөтэй, ард иргэдийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэх онцгой үр дагавартай шийдвэрүүд гаргадгаараа нийт иргэн, аж ахуйн нэгжүүдэд зүй ёсоор хамаарах өргөн хүрээний асуудал мөн гэдгийг онцлоод Монгол төрийн тэргүүний хувьд өмнөх Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн шүүхийн тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ.

Учир нь энэ хуулийн төсөл нь одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хуулан нэгтгэсэн, эдгээр хуульд байгаа ололт, дэвшилттэй зарим зохицуулалтуудыг хассан, хүчингүй болоод удаж байгаа 2002 оны Шүүхийн тухай хуулиас ашиг сонирхолдоо нийцсэн зарим зүйл, заалт, зохицуулалтыг сэргээн тусгаж, нэг ёсондоо ухралт хийсэн, шүүхийн хүрээний асуудал, шаардлагыг ул суурьтайгаар судлан дүгнээгүй, олон нийт, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдээр огт хэлэлцүүлээгүй алдаа дутагдалтай, шударга ёс, өөрчлөлт, шинэчлэлтийг хүсэн хүлээж байгаа иргэд, олон нийтийн итгэл найдварыг бүр мөсөн бөхөөх хэмжээний нэн хариуцлагагүй төсөл болсон гэж дүгнэж байна. Монгол түмний хүсэн хүлээж байгаа шударга ёс, шүүх эрх мэдлийн шинэчлэлийг ийм хэмжээнд харж хийх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үнэгүйдүүлж, ач холбогдлыг нь бүрэн алдагдуулж байгаа юм. Үүнийг ганц би биш хууль зүйн салбарын чамгүй олон эрдэмтэн судлаачид, хуульчид хэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нийгмийн хөгжил, нийтийн эрх ашигт нийцүүлэн засаж сайжруулах шаардлагатай гэсэн байр суурийг давамгай илэрхийлж байгаагаас бүрэн харж болно гэлээ.

Эцэст нь тэрбээр Монгол төрийн тэргүүний хувиар шүүхийн багц хуулийн шинэчлэлд анхаарч тусгах, Засгийн газрын төсөлд зохих ёсоор нь засаж залруулах шаардлагатай бодлого, зарчмын зөрүүтэй асуудлуудын талаар гишүүдэд тодорхой тайлбар өгч, өргөн мэдүүлсэн төслүүдийнхээ хүрээнд Улсын Их Хуралд саналаа илэрхийлсэн юм. Нэгд, шүүх эрх мэдэлд өнөөгийн улс төрийн намуудын арга барил, замналыг тулгаж огт болохгүй, хоёрт, шударга бусын хонгилыг төрийн бодлогоор сэргээж, хуульчлан баталгаажуулж болохгүй, гуравт, шүүх зөвхөн шүүн таслах ажлаа эрхэлбэл зохих бөгөөд шүүгчид бас ямар нэг байдлаар давхар дээл нөмрүүлэх гээд байх шаардлагагүй, дөрөвт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үнэгүйдүүлж, ач холбогдлыг нь алдагдуулж огт болохгүй, тавд, шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй, зургаад, Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын дагуу ард түмэнд, түүний төлөөлөлд өгсөн эрхийг аархан булааж болохгүй. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хоорондоо харилцан тэнцвэртэй, хяналттай байх нь хэн ч үл зөрчих Монголын их цааз, Үндсэн хуулийн шаардлага юм гэдгийг онцлов.

Мөн шүүгч хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ багцаалддаг бус шударга мэдлэгээр хууль ёсыг тогтоодог байх шаардлагатай, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт иргэний хяналт хэрэгтэй, шүүхийн шийдвэр албан захидлын хэмжээнд байгаад байж болохгүй, шүүхийг босоо удирдлагатай болгож болохгүй бөгөөд шүүгч шүүгчээсээ ч хараат бус байх ёстой, шүүх эрх мэдэл хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн эрхшээлд байж болохгүй гэж үзэж, энэхүү байр сууриа хуулийн төсөлдөө нэн тодорхой тусгасан тухайгаа онцлон дурдав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд санаачилсан хууль, тогтоолын төслөө татан авч болно” гэж заасан. Мөн уг хуульд заасны дагуу хууль, тогтоолын төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авах үндэслэлээ тусгасан албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авсанд тооцохоор зохицуулсан. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн шүүхийн тухай багц хуулийн төслөө татан авч буйгаа мэдэгдсэн тул эдгээр хуулийн төслийг татан авсанд тооцсоныг хуралдаан даргалагч мэдэгдлээ.

Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байв. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Харин Улсын Их Хурлаас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан энэ үеэр илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт 2021 оны улсын төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан учраас төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг батлах нь зохимжгүй юм. Иймээс тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцин худалдаж авах, мөн төсвийн зардлыг хэмнэх, бууруулах, орлогыг нэмэгдүүлэхтэй холбогдсон заалтыг тогтоолын төсөлд нэмж тусгах шаардлагатай байгааг хэллээ.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, С.Бямбацогт нарын горимын саналаар “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал хураалгахад цахим хуралдаанд оролцсон 64 гишүүний 42 нь буюу 65.6 хувь нь дэмжив. Иймээс 2021 оны улсын төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ирэх долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцэх үед тогтоолын төслийг дахин нягталж хэлэлцэхээр боллоо.

Хүнсний бүх төрлийн будаа, ургамлын тос, малын өвс, тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас энэ яаралтай дэгээр хэлэлцүүүлэхээр энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх, мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 7.1.15-д “цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авахад шаардлагатай хүнсний болон бусад нөөцтэй байх ба нөөцийн жагсаалтыг баталж, түүнийг бүрдүүлэхтэй холбоотой зардлыг шийдвэрлэх” гэж заасан.

Гэвч коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын тархалт урьдчилан тодорхойлох боломжгүй нөхцөлд байгаа нь хүнсний хангамжийн тогтвортой байдлаа хангахын чухлыг улс орнуудад анхааруулж байна. Түүнчлэн цар тахлын болон байгаль цаг уурын таагүй нөлөөнөөс шалтгаалж зарим улс орнуудад ажиллах хүч дутагдах, ургац алдах, ачаа тээврийн хөдөлгөөн саатах, экспортлогч орны зах зээлийг хувааж байна. Мөн дэлхийн зах зээлд цагаан будаа, ургамлын тосны нийлүүлэлт багасаж, үнийн индекс өсөж байна. Энэ нь дэлхийн зах зээлд оролцогч томоохон улс орнуудын экспортын бодлого, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдал, шинэ эрэлт, нийлүүлэлттэй холбоотой.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ цар тахлын 2 дахь давалгаа эхэлж, үргэлжлэх хугацаа, үр дагаврын хувьд нөхцөл байдлыг урьдчилан таамаглах боломжгүй байгааг мэдэгдсээр байна. Иймээс халдварын тархалт нэмэгдсэн улс орнууд хөл хорио тогтоох, хилээ хаах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээг шат дараалан авсаар байна. Иймд байгаль, цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарч байна.

2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн нийт нутгаар тооцоолж гаргасан. Түүнчлэн зүүн бүсээс бусад аймагт хадлангийн гарц муудсан тул өвөлжилт, хаваржилтад шаардагдах өвсийг зүүн аймгуудад бэлтгэж байсан. Гэвч 8 дугаар сарын сүүлээр зүүн аймгуудын нийт нутгаар их хэмжээний бороо орсны улмаас хадлан бэлтгэл оройтож, өвс, тэжээлийн нийлүүлэлтийн хомсдол үүсэх, үнэ өсөх нөхцөлийг бий болгож байгаа аж.

Иймээс КОВИД-19 халдварт цар тахлын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тосыг, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлж, уг хуулийн төслийг батлагдсан өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлэхээр эдгээр хуулийн төслийг боловсруулжээ.

Эдгээр бодлого зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, импортын хамааралтай хүнсний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг өнтэй даван туулахад дэмжлэг болно гэж Засгийн газар үзэж буйг салбарын сайд илтгэлдээ дурдав.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Булгантуяа нар цахим хуралдаанд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан “Их хуралдай” танхимаас Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Туваан, Л.Энх-Амгалан, Д.Ганбат, Н.Алтанхуяг, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Х.Булгантуяа нар, цахимаар Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Н.Ганибал, Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, Э.Бат-Амгалан, Б.Баярсайхан, Г.Мөнхцэцэг, Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.

Мөн Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан гишүүдийн зарим асуултад нэмэлт тайлбар өгсөн бол Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож хуулийн төсөлд тусгагдсан хүнсний бүх төрлийн будаа, ургамлын тос, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тос, өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах малын өвс, тэжээл, тэжээлийн үрийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлснөөр төсвийн орлого 39 тэрбум төгрөгөөр буурахаар байгааг хэллээ.

Ургацын урьдчилсан балансаар энэ жил 487 мянган тонн улаанбуудай хурааж авах дүн мэдээтэй байсан ч аравдугаар сард нэлээд талбайн ургац цасанд даруулсан, үүнээс болж ургац алдсан. Дотоодын бүх тариаланчид хурааж авсан улаанбуудайгаа гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн. Тиймээс гурван сарын нөөц бүрдүүлэх шаардлагын үүднээс 150 мянган тонн улаанбуудай авах тооцоо судалгаа гаргасан гэдгээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хэлэв. Түүнчлэн энэ жил зарим аймгийн нутгаар хур бороо бага орж зуншлага тааруу болсон тул малын хадлан, тэжэээл хүрэлцэхгүй байгаа учраас 80 орчим мянган тонн өвс, тэжээлийг импортоор авахаар тооцсон гэдгийг салбарын сайд дурдав.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн ихэнх нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд тусгагдсан тодорхой нэрийн хүнсний бүтээгдэхүүн, малын өвс, тэжээлийг импортлоход үзүүлж буй 16.5 хувийн хөнгөлөлт нь эцсийн дүндээ иргэд, аж ахуйн нэгжийн амьдрал, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа учраас энэ талаарх хяналтыг сайжруулж зөв зохион байгуулах, хомсдол үүсгэхгүй, үнэ өсгөхгүй байхад онцгой анхаарах шаардлагатайг онцолж байв.

Ингээд Байнгын хорооны саналаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.6 хувь нь, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 58.5 хувь нь тус тус дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *