Хатуу хөл хорионы дэглэмд гэртээ суухдаа та юу хийхээ мэдэхгүй байна уу?Энэ үеийгболомж болгож ашигламаар байвч нэг л болж өгөхгүй байвал эхлээд өөрт сонирхолтой зүйлсийг туршиж үзэх замаар карантиныг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Ингээд хөл хорионы үеэр гэртээ туршиж болох хэдэн санаа өгье.
1.БЛОГ БИЧИЖ ЭХЛЭХ.
Хэрвээ та бичих дуртай бол коронавирус, цаг үеийн халуун сэдвүүд эсвэл өөрийн сайн мэддэг салбарынхаа тухай Medium дээр хувийн блог бичиж болох юм.
2. ШИНЭ ХЭЛ СУРАХ.
Англи хэлнээс гадна бусад өргөн хэрэглэгддэг гадаад хэлнүүдийг бие даан суралцахад Dualingo болон энэ төрлийн аппликейшнууд танд тусална.
3.ҮЗЭЖ ЧАДААГҮЙ БҮХ КИНОГОО ҮЗЭХ.
Тэр тусмаа хүн бүрийн үзсэн байх ёстой гэгддэг сонгодог кинонууд болон Оскарын шагналт бүтээлүүдээс эхлээрэй.
4. НҮҮРЭНДЭЭ МАСК ТАВЬЖ, АРЬСАА ЧИЙГШҮҮЛЭХ.
Ажилтай ихтэй үед арьсаа арчлах хангалттай цаг гаргаж чаддаггүй байсан бол одооноос 10 шатлалт арьс арчилгааг өөртөө хийж, арьсаа амраагаарай.
5. РУБИК ШОО ЭВЛҮҮЛЭХ.
Рубик шоог эвлүүлэхэд баруун, зүүн тархи зэрэг ачаалладаг учраас оюун ухаанд хамгийн хэрэгтэй дасгал болно.
6. КАЛЛИГРАФААР БИЧИЖ СУРАХ.
Бичгийн хэвэндээ сэтгэл дундуур эсвэл уран гоёоор бичиж сурахыг хүсдэг бол Youtube танд туслах болно.
7. БЯСАЛГАЛ ХИЙХ.
Газар хэвтээд нүдээ аниад, юу ч бодолгүйгээр зөвхөн амьсгалахдаа төвлөр. Эсвэл 20 минут завилж суугаад ой ухаанаа төвлөрүүлэхийг хичээгээрэй.
8. МИНИМАЛИСТ ГОРИМД ШИЛЖИХ.
Хувцасны шүүгээ болон номын тавиур, гал тогооны шүүгээгээ эмхэлж, хэрэггүй зүйлсийг ялга. Илүү дутуу эд зүйлсээ хаях нь таны оюун санааг ч мөн цэгцэлнэ.
9. БЯЛУУ, НАРИЙН БООВ ХИЙЖ ИДЭХ.
Бялуу, кекс, нарийн боов хийх монгол тайлбартай жор бичлэгүүд интернетээр дүүрэн бий. Тэдгээрийг яагаад туршиж болохгүй гэж.
10. ХОЛ БАЙГАА НАЙЗТАЙГАА ОНЛАЙНААР ХОЛБОГДОХ.
Skype, FaceTime, Facebook Messenger ашиглан гадаадад байгаа удаан холбоо бариагүй найзтайгаа тухтайхан буу халаарай.
11. ЮМ НЭХЭХ ЭСВЭЛ ХАТГАМАЛ ХИЙХ.
Өвлийн дулаан өмд цамц эсвэл даалингийн бэлдэц аваад цагаан сараар хүнд бэлэглэх даалин оёж сураарай.
12. ГЭРТЭЭ ИОГ ХИЙХ.
Фитнесс аппликейшн болон дасгалын үеэр хийх дуунууд утсандаа татаж аваад бие даан иог, аеробек хийх.
13. ХАЛУУН ВАННД СУУХ.
Усандаа ванны бөмбөлөг хийгээд дуртай дуугаа тавиад хэвтээд үзээрэй. Суут санаанууд усанд орж байхад буюу төвлөрч тайвширсан үед төрдөг.
14. ЗОРИЛГО, МӨРӨӨДЛӨӨ ТӨЛӨВЛӨХ.
Өнгөрсөн жилийн зорилгууддаа хүрч чадсан байна уу гэдгээ эргэцүүлээд шинэ оны зорилгуудаа төлөвлөөрэй.
15. БУДДАГ НОМ
Насанд хүрэгчдийг буддаг ном будуулахад стресс багасдаг гэсэн судалгаа бий. Тиймээс зөвхөн хүүхдүүдэд зориулагдаагүй байх нь.
16. ХУУЧИРСАН БУДАГНУУДАА ХАЯХ.
Гоо сайхны бүтээгдэхүүнүүд хадгалах хугацаа богино байдаг учраас хугацаа нь дуусах дөхөж байгаа хуучирч муудсан будагнуудаа хаях.
17. ӨВӨӨ, ЭМЭЭТЭЙГЭЭ ЯРИЛЦЛАГА ХИЙГЭЭД АУДИОГООР ХАДГАЛ.
Өвөө, эмээ болон ураг удмынхаа ахмад настантай ярилцаж, аудио хэлбэрт оруулан хадгалаарай. Хэзээ ч олдохгүй архив шүү.
18. ТАЛАРХЛЫН ЖАГСААЛТ ГАРГАХ.
Байгаа зүйлдээ талархах нь байхгүй зүйлдээ шаналахгүй байхад тусалдаг.
19. ХУВИЙН САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ.
Нэмэлт орлого яаж олох, хэрхэн зээлээ эрт төлж, тогтмол хуримтлал хийх талаар дэлгэрэнгүй төлөвлө. Бизнесийн номнууд танд тусална.
20. ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ХАМТРАН АДАЛ ЯВДАЛТ НОМ БИЧИХ.
Гэр бүлээрээ нэг нэг дүр хувааж аваад тус тусын адал явдлыг бичиж нэгтгээд сонирхолтой ном болгоод үзээрэй.
21. ГЭРИЙН НӨХЦӨЛД САВАН, ШАМПУНЬ, ЛАА ХИЙЖ СУРАХ.
Гарын доорх материал ашиглан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гэртээ хийж, хэрэглэх боломжтой шүү.
22. КАРАНТИНЫ ДАРАА ОЧИХЫГ ХҮСЧ БУЙ ГАЗРУУДАА ЖАГСАА.
Хөл хорионы дараа буцаад бүх зүйл хэвэндээ ороход юу хийхийг хүсч байна? тэдгээр хүслийн жагсаалтаа гаргаарай.
23. ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮМҮҮСТ ХООЛ ХҮНС ХАНДИВЛАХ.
Хөл хорио танд амралт мэт санагдаж байж болох ч зарим өрхүүдэд илүү хүндээр тусч байгааг санаарай. Тиймээс эргэн тойронд чинь тусламж хэрэгтэй хүн байвал гар сунгаарай.
24. МЭДЭЭЖ УНШИЖ ЧАДААГҮЙ БҮХ НОМНУУДАА УНШ.
Хөл хорины үеэр ном унших магадгүй хамгийн эхэнд байх ёстой үр дүнтэй зүйлсийн нэгд зүй ёсоор орно. Уншиж амжаагүй номнуудаа одоо л уншдаг цаг.
25. САЙН УНТАЖ АМРАХ.
Карантин гээд шөнөжин унтахгүй утсаа оролдож, сериал кино үзээд байгаа юм биш биз? Эрүүл зөв амьдралын хэв маягаар тогтмол цагт унтаж, амарч, эрүүл мэндээ бодоорой.
Ч.БИНДЭРЪЯА