Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Мөнхбаяр: Балжиннямыг улсаасаа албадан гаргавал түүнд тэмцэл өдүүлсэн хэрэг тулгаж, цаазаар авахыг ч үгүйсгэхгүй

Өмнөд Монголын тэмцэгч Балжинням манай улсад саатуулагдсан талаар мэдээлэл цахим орчинд түгсэн. Түүнийг 44 хоног саатуулагдсаны эцэст хоёр хоногийн өмнө батлан даалтаар гаргаж авсан Өмнөд Монголын соёлын холбоо ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяртай ярилцлаа.


Хоёр хоногийн өмнө Өмнөд Монголын тэмцэгч Балжиннямыг батлан даалтаар гаргаж авсан гэдгээ цахим орчинд илэрхийлсэн. Тухайн иргэн ямар хэзээ Монгол Улсад ямар шалтгааны улмаас саатуулагдсан юм бол?

-Өмнөд Монголын Балжиннямын хувьд есдүгээр сард өрнөсөн эх хэл соёлоо хамгаалахын төлөө тэмцсэн өмнөд монголчуудын тэмцэлд Монгол Улсаас оролцож, дуу хоолойгоо илэрхийлсэн юм. Түүний хувьд монголд байгаа өмнөд монголчууд уг тэмцлийг дуугүй хараад сууж болохгүй юм байна гээд жагсаал цуглаан зохион байгуулахад идэвхтэй оролцсон. Түүгээр зогсохгүй бусад улс орнуудад болж байгаа жагсаал цуглааныг дэмжсэн. Мөн манай улсын иргэдтэй уулзалт хийж, эвлэлдэн нэгдэх гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулж байсан. Тухайн үед тэмцэлд оролцсон өмнөд монголчуудыг албадан гаргах талаар сураг дуулдсан. Түүнчлэн жагсаалд оролцсон өмнөд монголчууд руу манай улсын байгууллагуудаас холбогдож, иргэн харьяатын газарт дуудаж байгаа чимээ байсан.

Тиймээс Өмнөд Монголын зарим иргэн тэмцэл хөдөлгөөнд оролцохоос болгоомжлох, нуугдах явдлууд болж байсан.Энэ үеэр өмнөд монголчуудыг эх орноосоо гаргах юм бол олон улсад дуулиан гарч магадгүй гэж болгоомжилсон уу яасан энэ асуудал хэсэгтээ намжчихсан. Балжиннямын хувьд Монголд ажлын шугамаар ирсэн байснаа коронавирусийн улмаас хөл хорионд орж манай улсад оршин суух хугацаагаа сунгасан. Гэтэл жагсаал цуглаанд оролцсоны дараа та манай улсад оршин суух хугацаагаа удаа дараа сунгасан гэдэг үндэслэлээр саатуулаад 44 хоног болсны дараа сая батлан даалтад гаргаад байна.

-Түүнийг саатуулагдахаас өмнө та харилцаатай байсан юм уу. Жагсаал цуглаанд оролцсон нь түүнийг саатуулах үндэслэл биш байсан юм уу?

-Тэрээр баривчлагдахаасаа өмнө над руу хэд хэдэн удаа намайг албадан гаргах юм шиг байна хэмээн санаа зовнин ярьж байсан. Түүнийг жагсаалд оролцсон гэж шууд буруутган саатуулаагүй л дээ. Анх манай улсад ирсэн хугацаанаасаа удаан хугацаагаар оршин суусан гэдэг үндэслэлээр зөрчил гаргасан гэж үзсэн юм билээ. Түүний хувьд давагдашгүй хүчин зүйлийн улмаас гацсан шүү дээ. Манай улсын олон мянган иргэн гадаадын улс орнуудад гацсан шүү дээ. Тухайн улс орнууд шууд албадан гаргаж, визэн дээр нь шууд хар тамга дардаггүй биз дээ.Хамгийн гол нь энэ хүн жагсаал цуглаанд оролцоогүй байхдаа манай улсад суугаад болоод л байсан. Жагсаал цуглаан зохион байгуулсны дараа л өмнөд монголчуудын асуудал хурцаар яригдах болсон. Миний хардаж байгаагаар БНХАУ-ын талаас “Танай улсад жагсаал, цуглаан өрнөөд байна. Жагсаал цуглаан зохион байгуулсан манай улсын иргэдийг нааш нь явуул” гэсэн болов уу. Түүний хувьд Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны өмнө болсон жагсаалд идэвхтэй оролцож шаардах бичгийг нь уншиж сонордуулсан нь манай улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болон гадаадын хэвлэлүүдэд ч гарсан.

-Хэрэв түүнийг албадан гаргавал ямар эрсдэлтэй байна вэ?

-Яг ийм үйлдэлтэй хүнийг БНХАУ-д хатуу арга хэмжээ авдаг. Балжинням эх хэлээ хамгаалаад Монгол Улсад тэмцэл хөдөлгөөнд идэвхтэй оролцсон. Өнөөдөр Өмнөд Монголд эх хэлнийхээ төлөө тэмцсэн 10 мянган хүнийг бариад хорьчихсон, Хүүхдүүдийг аав ээжээс нь хүчээр булаан олзлоод төмөр тор, хана хэрмийн цаана хүссэн сургалтаа явуулчихсан, гадаадынхан орж болохгүй хаалттай бүс болгочихсон, хамаг чөлөөт мэдээллийг хаачихсан, II Шинжаан болгох магадлалтай байгаа. 7-9 дүгээр саруудад Өмнөд Монголд өрнөсөн тэмцлийг “Гадаад дотоодын харгис хүч өдөөсөн, тэднийг олж хатуу цээрлүүлнэ” гэж мэдэгддэж байсан Тэд дотооддоо өрнөсөн тэмцлийг өдүүлсэн иргэдийг барьчихсан. Харин гадаадад тэмцэл өрнүүлсэн иргэдийг барьж чадаагүй. Хэрэв Балжиннямыг улсаасаа албадан гаргавал гадаадад тэмцэлд оролцсон гэж шийтгэхээс гадна, “гадаадаас өдөөсөн харгис хүчний томоохон этгээдийг барилаа” гэж дуулиан шуугиан дэгдээн хилсдүүлэх магадлал өндөр байна. Түүн дээр улсыг хагацаасан гэдэг ч юм уу хэрэг тулгаж, цаазаар авахыг ч үгүйсгэхгүй.

-Тэгвэл түүнд манай улсад орогнох боломж байгаа юу?

-Эрхэмлэн дээдлэгддэг үзлийн улмаас хавчигдан гадуурхагдаж ирсэн гадаадын иргэнийг Монгол Улсад орогнуулж, цаагаачлуулж болно гэж Иргэн харьяатын хуульд заасан байдаг. Тиймээс цаашид ийм асуудалд орсон, учир явдлаа хэлж байгаа өмнөд Монголын ахан дүүсээ Гадаадын иргэн харьяатын газар харж үзээд, НҮБ-аас энэ асуудлыг шийддэг юм гэдэг зөвлөмжийг нь өгөөд, НҮБ-д хандаад шийдвэр гаргах хүртэл визний хугацааг нь шийдээд өгье гэх мэтээр уян хатан ханадмаар байна. Шууд л албадан гаргаснаар тухайн иргэний амь нас ч эрсдэх аюултай байхад хүйтэн цэвдэг сэтгэлээр ханддаг арга барилаа өөрчилж хүмүүнлэг, энэрэнгүй байгууллага болох ёстой. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллага учраас монгол үндэстэндээ ээлтэй байгууллага байгаасай гэж бодож байна.

-Батлан даалтаар гаргана гэхээр ямар нэгэн хугацаа заасан уу?

-Ямар нэгэн хугацаа заагаагүй. Бид энэ асуудлаар олон байгууллагад хандсан. Сүүлдээ аргаа бараад олон нийтэд хандсан. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ асуудлыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хөндөж “ГИХ-ын газар цаашид хүмүүнлэг ажиллах, монгол туургатандаа ээлтэй хандах хэрэгтэй. Энэ асуудлаар хариу өгөхийг шаардаж байна” гэсэн агуулга бүхий пост бичсэн нь шуугиан тарьсан. Ингээд түүний маргааш нь Балжиннямын найзад нь “Батлан даах нэг хүн аваад ир” гэсэн юм билээ. Ингээд асуудал шуурхай шийдэгдсэн.

Миний хувьд Балжиннямыг ойлгож хүлээж авсанд талархаж байна. Гэхдээ энэ асуудлыг ингэж шуугиан тарилгүй, түүнийг 44 хоног саатуулахгүйгээр шийдвэрлэх боломж байсан гэж бодож байгаа. Ийм хугацаанд саатуулагдаж, хоригдоно гэдэг тийм таатай асуудал биш шүү дээ. Цаашид батлан даалтад хугацаа заагаагүй болохоор эргээд хорих, албадан гаргах магадлалтай. Тиймээс олон нийт энэ асуудалд анхаарал тавьж л байхгүй бол сиймхийгээр нь гаргах магадлалтай. Арванхоёрдугаар сарын 4-нд БНХАУ-ын иргэдийг гаргана гэсэн мэдээлэл байна. Тэдгээр иргэдийн дотор Балжинням шиг тэмцэгч иргэн байгаа эсэхэд асуулга тавья гэж бодож байна. Зөрчил илрүүлсэн, албадан гаргасан гэдэг иргэдийн дотор өмнөд монголчуудын эзлэх хувь нь өндөр байдаг. Саяхан Монгол Улсын Засгийн газраас хууль бусаар оршин сууж байсан БНХАУ-ын 33 иргэнийг албадан гаргалаа л гэсэн. Гэтэл түүнээс зургаан хүнийг албадан гаргах үндэслэлгүй юм байна гээд хил дээр үлдээсэн гэж байна.

Ингээд 27 хүнийг гаргасны тав нь өмнөд монгол хүн байх жишээтэй. Хуулийн дагуу албадан гаргах сануулга бичиг заавал өгдөг. Ингээд албадан гаргах ямар зөрчил гаргасан түүнийгээ арилгах 14 хоногийн хугацаа өгөх ёстой. Гэтэл шууд барьж аваад гаргах ёс хаана ч байдаггүй. Гэтэл эдгээр өмнөд монголчуудад өөрийгөө хамгаалах, зөрчилөө арилгах болгомж олголгүй гаргасан. Түүнээс гадна худал хэлж дуудаж аваачаад очингуут нь барьчихсан юм билээ. Ингээд хэд хоног хориод шууд гаргачихсан .

П.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *