Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Дарга нарын ядрах бидэнд ямар ч хамаагүй ээ!!

Коронавирусийн цар тахал Монголд аюултайгаар тархаж байна. Ковидоор өвчлөгсдийн тоо өдөрт арав хориороо нэмэгдэн тахлын голомт хаа сайгүй илэрч сэтгэл сэртхийлгэнэ. Ард түмэн айдас түгшүүртэй байна. Хөл хорины хатуу дэглэмийн энэ өдрүүдэд иргэдийн итгэл найдвар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нуруун дээр байгаа. Монголын ард түмэн үхэх сэхээхээ үзэхдээ тулсан энэ аюулт цагт төр засагтаа итгэхээс өөр хэнд итгэж, амь амьдралаа даатгах билээ. Нэгэнт нүүрлээд ирсэн тахлыг даваад гарах хатуу үүрэгтэй Улсын онцгой комисс ямархан дэг журамтай, стратеги төлөвлөгөөтэй, гуйвашгүй нугарашгүй шийдвэртэй, урам зориг, эрч хүчтэй ажиллахаас улс орны хувь заяа шийдэгдэнэ. Түүнээ дагаад олон нийтийн итгэл, урам зориг сэргэнэ. Гэтэл Улсын онцгой комисс нэг л үлбэгэр, хийморь лундаа, зориг золбоогүй, сул дорой харагдаад байх юм. Бүр сүүлдээ дарга нар маань та хэдийн өмнөөс нойр хоолоо хасч ажиллаж байна хэмээн ялархаж тунирхан, юун олны итгэл сэтгэлийг бадрааж, хүч тэнхээ өгөх вэ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр галын шугам дээр ажиллаж байгаа дарга нар ийм унхиагүй байхад ард иргэд бид чинь яахсан билээ.

Дарга нар ядарлаа гээд ялархаад байх юм. Та нар өөрсдөө л бидний дарга болох гэж, ард түмнээ удирдах гэж УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдсөн биз дээ. Ухаандаа, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар та УИХ-ын гишүүний суудлаа орхиод өөрөө л хотын дарга болно гээд явсан бус уу. “Хотыг удирдаж чадна, би ажил хийх гэж шантаршгүй зүтгэх гэж хотын дарга болохоор шийдсэн” гээд л яриа хөөрөө өгөөд, томроод байгаагүй билүү. Тэгтэл ядарч зүдрэхээр юм болоогүй байтал, хүмүүсийн хэлээд байгаа шиг шинжлэх ухааны нээлт хий, шинээр вакцин гарга гээд өдөр шөнөгүй суулгачихсан биш юундаа ядрахав гэгчээр ингэж гоншигнодог чинь ямар учиртай юм бэ. Ёстой нөгөө уул үзээгүй байж хормой шууж, ус үзээгүй байж гутал тайлав гэгч болж байх чинь. Наад зах нь үндэсний бөхийн улсын аварга цолтой хүн айлын эрх нялцгай хүүхэд шиг гонгинохыг харах үнэндээ ичмээр байлаа.
Онцгой комиссын хурал дээр нийслэлийн Засаг дарга, нийслэлийн онцгой комиссын дарга юу гэж хэлснийг гэрийн хорионд байгаа ард түмэн бүгд харсан. Тэрээр “Ариутгалын ажилд 100-гаад хүнийг ажиллуулж байна, Улаанбаатар хотын хэмжээнд 2677 төрийн албан хаагч нэг сая таван зуун мянган иргэдийн аюулгүй байдлын төлөө ажиллаж байна” гээд л хоолой нь цахиртаад ирсэн. Мөн цааш нь 225 хогны машин жолоочтой нь гаргалаа, 1018 ачигч, золбин нохой муур устгагч найман хүн гаргалаа гээд нийслэлийн иргэдийн өмнөөс хог ачиж, золбин нохой муур устгаж байгаа хүн шиг муухай царай гаргаж, хөмсгөө зангидан биеийнхээ хэлэмжээр айхавтар эсэргүүцэл үзүүлж ярих нь тэр. Ингээд зогсохгүй хотын дарга маань “Ард иргэдийн төлөө нойр хоолоо хасаад зүтгэж байна” гэдэг юм. Үүнийг юу гэж ойлгох вэ. Ажил хийнэ гэж, нийслэлийн иргэдийн төлөө зүтгэнэ гэж өөрийн дуранд оччихоод ажил хийх болохоор “нойр хоолоо хасаад зүтгэж байна” гэж бөөн ялархал тунирхал байдаг. Ер нь Сумъяабазар гэлтгүй манай дарга, сайдууд ийм шантрамтгай, няцамтгай, тендер хусч, ждү хулгайлах болохоороо нүд нь сэргээд ирдэг, хоёр гуравхан өдөр дарааллаад ажиллачихаараа үхлээ хатлаа, би ганцаараа зүтгэж, нойр хоолгүй явж байна гээд гоншигнож гонгиноод, уйлаан майлаан болох нь холгүй. Аварга амьдрал гэдэг юмнаас мөн ч хол харагдах юм. Цаашдаа яана даа, ямар сайндаа л нохой муур нядлагчыг ноён хүн мэт шүтэж байх вэ дээ. Мэргэжлийг нь доош хийх гэсэнгүй, яг энэ тахлын үед үүнээс өөр ард олонд тустай мөн ч олон ажил мэргэжил байгаа шүү дээ. Сумъяабазар та төрийн наадмын түрүү хүртэж байсан хүн. Эрхбиш нэг мэхэнд хоёр унахгүй хичээж сурсан байх. Тэгэхгүй бол ард иргэд тэг зогсолтын үед оновчтой шийдвэр гаргаж, ард иргэдтэйгээ тулж ажиллаж байгаа Дарханы Засаг дарга Азжаргалыг Сумъяабазараар сольё гэх яриа хүртэл гарсан шүү.
Улсын онцгой комиссын дарга Шадар сайд Я.Содбаатар та бас л “Би дарга болно, Их хурлын гишүүн болно” гэж сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Шадар сайд ч болсон. Ерөнхий сайд та хоёрын зам мөрийг, хоорондын харилцаа, найз нөхдийн шугамыг ард түмэн сайн мэдэх учир юу хэлэх билээ. Нэгэнт л Шадар сайд болж Улсын онцгой комиссыг даргалж буйн хувьд өөртөө итгэлтэй, асуудлыг томоор харсан, эргэлт буцалтгүй зоримог шийдвэр гаргаж ажиллах цаг ирсэн. Эхэн үед таныг ард түмэн шүүмжилж, дэндүү сул, үлбэгэр байна, огтхон ч шийдвэр гаргахгүй, юу ярьж байгаагаа зарим үед мэдэхгүй байна гэцгээж байсан. Буруу зөрүү мэдээлэл өгч, алдаа оноо байсан л байх. Харин сүүлийн үеийн Шуурхай штабын хурлыг шийдвэртэй өөр арга барилаар явуулж байгаа нь харагдаж байна. Багахан шиг гонгинож, хэрүүлийн чанартай зүйлтэй бага орооцолдож, шуурхай шийдвэртэй, ажиллах хэрэгтэй.
Онцгой дэглэмийн энэ үед галын шугам дээр ажиллаж байгаа Онцгой байдлын даргаа хараад өрөвдөх юм. Генерал хүн байж ямар сул дорой, шийдвэргүй юм бэ гэх харуусалт бодол төрсөн. Онцгой штабын шуурхай хурал дээр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуянг ямар байдалтай байгааг хүмүүс хэдийнэ мэдэрчихсэн байгаа. Онцгойн дарга, генерал маань үг хэлэх гэж инээдэм. Таны ярьсан яриаг ард түмэн ойлгохгүй байна. Дэндүү оновчгүй, ямар ч эмх цэгцгүй, юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй, цаас харж уншин, түг таг, эг маг гэж ээрч муурч байх юм. Дээрээс нь ямар ч шийдвэргүй. Тухайлбал, баахан юм ээрч муурч хэлснийхээ төгсгөлд “Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, улсын онцгой комиссоос энэ талаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Одоогоор судалж байгаа” гэх хариулт аваад ард түмэн шууд урам нь хугарч байна. Ерөнхий сайдын цэргийн ангийн хүүхэд учир онцгойн дарга боллоо гэж яригдаж байсан. Ангийн найзынхаа нэрийг баасталгүй, хамгийн хариуцлагатай онцгой албанд хамгийн хариуцлагатай хүнд бэрх цаг үед өөрийгөө зоригжуулж олигтойхон зүтгэх хэрэгтэй.

Гэрийн хорионд байгаа ард иргэд Онцгой комиссын шуурхай мэдээг л цаг түгшин хүлээж байгаа. Хэвлэлийн хурлын үеэр дарга сайдуудын гомдож гонгинохын завсраар өгч буй мэдээллийг сонсох гэж ард түмэн үйлээ барж сууна. Нэг хэсэг нь ядарч зүдэрч буйгаа ялархаж тунирхан хэлж байгаа бол зарим нөхөд сошиалын хэрүүл заргад тайлбар өгсөөр байгаад мэдээллээ дуусгах юм. Цахим хэрүүл гэдэг угтаа ямар ч хэрэггүй, үр нөлөөгүй, гэрийн хорионд хэвтэж байгаа нөхдийн зугаагаа гаргаж байгаа зүйл шүү дээ. Түүнийг нь шуурхай штаб, төр засаг, Ерөнхий сайд нь хүртэл ажил болгоод, асуудал болгоод сошиалд ингэсэн гэж гомдоллоод, хэрэгтэй мэдээлэл өгөхөөсөө хэрүүл хийгээд таарч байна. Зам тээврийн сайд Л.Халтар “Төмөр замчдын дунд өвчин гарсан гараагүй гэх маргаан сошиал ертөнцөөр баахан явлаа” гээд шувтан хэрүүл хийж, хий хоосон юм яриад, сошиалынханд өширхөн хорссон байдалтай үг хэлээд дуусч байх жишээний. Бусад сайдууд ч ийм дүр төрхтэй байгаа. Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл дээр хүртэл ОБЕГ-ын дэд хурандаа Б.Ууганбаяр “Олон нийтийн сүлжээнд цэргийн төв эмнэлэгтэй холбоотой, бяцхан хүүхэд өлсөж байгаа бичлэг тавигдсан” гээд л ойж буусан. Хүүхдийн өдрийн хоолны менюг нь дэлгэж ирээд л сошиал гэх хий хоосон нөхөдтэй хэрэлдээд унасан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариулж байгаа нь гэж гурван цаг илтгэл тавьсныхаа төгсгөлд гэв гэнэтхэн “Гадаадын ажиллах хүчтэй холбоотой асуудлаар сошиал дээр янз бүрийн юм явдаг Монгол Улсын дархан хилээр ямар хүн орж гарч байгааг бид бүхэлдээ хянаж чадаж байгаа. Ямар нэгэн байдлаар гадны ажилчдыг хулгайгаар шөнө дөлөөр, хилээр нэвтрүүлж байгаа зүйл огт байхгүй. Зарим нэг хүмүүс эх орондоо хайртай юм бол улс үндэстнүүдийн хоорондын харилцаанд сэв суулгасан зүйл битгий бичээрэй. Эргээд гай болно шүү” гээд далийгаад явчихсан. Энэ мэтчилэн дарга сайдууд мэдээлэл өгөхдөө сошиал гэж элийрч балайралгүй үндсэн ажлаа ярих хэрэгтэй байна. Сошиалын хэрүүл улс орны хөгжил, цаг үеийн нөхцөл байдалд огтхон ч хамаагүй, ажилгүй нөхдийн хувийн зугаа гэдгийг дахин сануулъя. Ингээд эцэст нь хэлэхэд, дарга сайдууд минь төрийн түшээ шиг төрийн дархан түшмэл шиг байж, болохыг нь болж байна, болохгүйг нь болохгүй байна гэж зоригтой хэлж сураач ээ. Монголын төр ядарч ялархах юм бол Монголд өөр хэн ядарч ялархахгүй байх юм бэ. Ядарсан төртэй байвал яаж энэ тахлыг ялж гарах юм бэ, бид нар. Иймээс улс орныг удирдаж, галын шугаманд ажиллаж буй нөхөд эр зоригтой, тэсвэр тэвчээртэй, няцаж шантралгүй Монгол Улсынхаа хувь заяаны төлөө зүтгэх хэрэгтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *