Хэнтий аймгийн онцгой комиссын хуралдаан өчигдөр 23:00 цагт болжээ.
Хуралдааны эхэнд өчигдөр үүссэн нөхцөл байдлыг 11 дүгээр сарын 16-ны 22:00 цагт хяналтдаа бүрэн авсныг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдэгдэж, хоёр тохиолдлыг PCR шинжилгээ хийлгэхээр 01:20 цагт ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн, хариу өнөөдөр орой гарна гэдгийг мэдэгдсэн байна.
Аймгийн онцгой комиссын хуралдаанаар дараах шийдвэрүүд гарчээ.
1. Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацааг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 12-р дугаар сарын нэгний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.
2. Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн ам олноор цугларах газрууд болох барааны зах, худалдааны төв, сүм хийд, бар, зоогийн газар, ресторан, караокены үйл ажиллагааг 11 дүгээр сарын 17-ны 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний 06:00 хүртэлх хугацаанд зогсоож, архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг мөн хугацаагаар хориглов.
3. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баян-Овоо, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумдын аймаг, сум, баг, хот хоорондох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж, мөн сумдын хүнсний дэлгүүрийг 09:00-19:00 цаг, эмийн сан, шатахуун түгээх станц, усан санг ердийн цагийн хуваариар ажиллуулах, Чингис хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон Эвт худалдааны төвийн түлээ нүүрсний худалдаанаас бусад худалдааг тодорхойгүй хугацаагаар хязгаарлав.
4. Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд, хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг ажлын тусгай горимд шилжүүллээ.
5. Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд /ганц бие эцэг/ байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгохыг байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болголоо.
6. Төрийн байгууллагын ажиллах цагийн хуваарийг 09:00-12:00, 14:00-16:00 хүнсний дэлгүүр, хүнсний захын ажиллах цагийн хуваарийг 09:00-19:00 цагаар тогтоож, шатахуун түгээх станц, эмийн сан, усан санг ердийн цагийн хуваарийн дагуу халдвар хамгаалалтын дэглэмийг чанд мөрдүүлж ажиллуулсугай.
7. Үзвэр, үйлчилгээний газрууд болон олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтоосон хугацаагаар хязгаарласугай.
8. Бүх нийтийн бэлэн байдлын үед бараа, үйлчилгээний үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч, хүнсний худалдаа эрхлэгч нарт үүрэг болгосугай.
9. Хүнсний хэрэгцээт бараа худалдан авах, эмийн болон эмнэлгийн үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг нийт иргэдэд анхааруулсугай.
10. 10. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан аймаг, сумдын шуурхай штаб, шалган нэвтрүүлэх цэгийн томилгоог 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 16:00 цагийн дотор хийж баталгаажуулахыг Шуурхай штабын дарга /дэд хурандаа Ж.Эрдэнэбат/, сумдын Засаг дарга нарт тус тус даалгалаа.
11. Сумын Засаг даргын нөөц хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үүссэн цагийн байдалд уялдуулан зарцуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
12. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Ц.Чогсомжав/, Шуурхай штабын дарга /дэд хурандаа Ж.Эрдэнэбат/ нарт тус тус даалгалаа.
Уг хуралд сумдын Шуурхай штабууд цахимаар оролцсон байна.