Categories
мэдээ нийгэм

З.Мэндсайхан: Бид нөөцийн мах зарах цэгийг нэмэхээр судалж байна

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын шийдвэр танилцуулах үеэр хэлэхдээ, махны нөөц хангалттай байгаа тул борлуулах цэгт бөөгнөрөл үүсгэж халдвар хамгааллын дэглэм зөрчихгүй байхыг анхаарууллаа.

Улаанбаатар хотод ердийн үед өдөрт дунджаар 110-130 орчим тонн мах нийлүүлдэг. Тэгвэл хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой өдөрт 350-470 орчим тонн мах нийслэлд нийлүүлж буйг тэрээр онцлов. Тэрбээр, “Иргэддээ хандаж хэлэхэд, мах, хүнсний нөөц хангалттай байгаа. Бүх супермаркет, худалдааны төв ажиллаж байна.

Нөөцийн мах зарах цэгийг нэмэхээр судалж байна. Иймд иргэдээ битгий сандарч үймээчээ гэж хүсмээр байна. Нөөцийн хувьд хөл хорио тогтоосон 14 хоногт мах, хүнс хангалттай хэмжээнд бий” хэмээв. Мөн тэрээр, хот хоорондын тээвэрт явж байгаа хүнсний машинд иргэд дайгдаж буйг тодотгоод, ийм эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг уриаллаа.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумьяабазар, “Махны хомсдол үүсэх гээд байна гэсэн ташаа мэдээлэл их байна. Нөөц хангалттай. Тиймээс иргэд хүн хоорондын зайгаа барьж, бөөгнөрөл үүсгэхгүй, халвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй. Одоогоор мах борлуулах цэгүүдийг дэглэмд оруулж хүн хоорондын зайг 1.5-2 метр бариулж байна” хэмээсэн юм.

Ташрамд дурдахад нийслэлд өнөөдөр эхэлсэн махны өргөтгөсөн худалдаагаар эхний ээлжинд 15 цэгт 200 тонн махыг гулуузаар болон жижиглэнгээр борлуулж байна. Нэг кг хонины махыг 6700 төгрөгөөр, үхрийн махыг 7700 төгрөгөөр худалдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *