Улсын онцгой комисс үнэхээр онцгүй ажиллаад байна. Нийтийн халуун устай “Энхсаран” сувилалд иргэдийг тусгаарласнаас эхлээд л тэд хариуцлагын алдаа гаргасан. Тусгаарлалтаас гарах дөхсөн хүмүүс дээр шинээр тусгаарлалтад ирсэн хүнийг нэмсэн нь ч тэдний хэнэггүйнх байлаа. За тэгээд коронавирусийг дотооддоо алдсан энэ цаг үед ч тэд сандарч, тэвдэж, будилж, яах учраа нэг л олж өгөхгүй байна. Энэ нь Улсын онцгой комиссын коронавирусийг дотоодод алдаж эхэлснээс хойшхи бүхий л шийдвэрээс төвөггүй харагдана.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоосон нь өнгөн дээрээ зөв зүйтэй шийдвэр мэт харагдаж байгаа. Улсын онцгой комисс “Иргэд машинаараа зорчихгүй байна, бид хөл хориог дээд зэргээр тогтоож чадлаа” гэж бардамнаж байгаа нь ч үнэн. Гэхдээ энэ шийдвэрийн цаана автобусаар зорчигчдын дунд коронавирусийг алдах, өвчтэй хүмүүс шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээгээ авч чадахгүйд хүрч байна. Нэгэн эмэгтэй диализийн аппаратад ордог аавыгаа эмнэлэгт хүргэж чадахгүй байгаа, цагдаа нарт учирласан ч тусыг эс олсон тухайгаа цахим орчинд бичсэн байна билээ. Мөн нэгэнт хувийн машинаараа зорчих эрхгүй болсон иргэд өглөө, оройн автобусанд багтах гэж багшралдан өөрсдийгөө болон бусдыг эрсдэлд оруулж байгаа юм.
Ингэснээрээ Улсын онцгой комисс халдвар хамгааллын дүрмээ өөрсдөө зөрчиж байна. Тэд шийдвэрүүд гаргаж ажил хийгээд байгаа мэт харагдавч хачир дээрээ хэт болхи, нүд хуурсан, монголчилсон шийдвэрүүд гаргаж байна. Ийм байхад тэднийг сайн ажиллаж байна гэж дүгнэхэд хэтэрхий эрт бас хэтэрхий хэтийдсэн дүгнэлт болно.
О.Цэцэг