Categories
мэдээ улс-төр

Х.Ганхуяг: Цар тахлаас шалтгаалж төсвийн тэлсэн бодлого явуулахаас өөр аргагүй

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-2021 оны төсөв хоёр их наядын алдагдалтай батлагдахаар болж байх шиг байна. Ирэх оны төсөвт Орон нутгийн төсвийг нэмэгдүүлнэ гэж байгаа. Гэтэл орон нутагт тусгагдсан төсвийг харахаар алагчилж олгочихсон талаар шүүмжлэл нэлээд ажиглагдаж байна л даа. Таны хувьд төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд ирэх оны төсөвт сэтгэл дундуур байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилдог болсноор нэгдсэн зорилготой төсөвтэй байх боломжийг олгож байна. Тойрог, тойрог руу мөнгө хуваарилдаг байдлаас илүү Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагаа, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого руугаа чиглэсэн бодлогын чанартай зүйлсээ хийгээд явах ёстой байсан. Гэхдээ огт хийгээгүй ч юм биш. Төсөвт бодлогын чанартай тусгагдсан зүйл нь эрүүл мэндийн багц хууль, эрүүл мэндийн шимтгэлүүд байлаа. Эрүүл мэндийн даатгал, анхан шатны оношилгооны төсвийг нэмэгдүүлсэн. Боловсролын хуулийн шинэчлэлтэй холбоотой зүйлс ч багтсан. Боловсролыг цахим болгох багц хуулийн шинэчлэл дээр үндэсний хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх зэргийг онцолж болно. Шүүмжлэлтэй хандах зүйл нь Засаг маань барьцаанаасаа гарч чадсангүй. Гэхдээ өмнөхөө бодвол гишүүд дураараа төсвийг ийш тийш нь татдаг, нэмдэг байдал үгүй болсон учраас ахицтай. Дэлхий дахинд үүсээд байгаа цар тахлаас шалтгаалж төсвийн тэлсэн бодлого явуулахаас өөр аргагүй. Хүүхдийн мөнгө, халамжийг багасгая гэхээр ажилгүй, орлогогүй байгаа иргэдийн асуудал үүснэ. Тиймээс нийгмийн халамжийн бодлого явахаас өөр аргагүй болчихоод байна. Дэлхий дахинд ирэх жилийн эдийн засаг ойлгомжгүй, тодорхойгүй байна. Эдийн засаг өсөлттэй болно гэсэн таамаг бий. Тиймээс 2022 оны төсөв илүү чамбай гарах байх.

-Цар тахлын үед жижиг, дунд үйлдвэрлэлээ илүү дэмжих ёстой биш үү. 2021 оны төсвийн төсөлд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд төсөв суулгаагүй байна лээ.

-Сангийн яамны тооцож буйгаар 500 гаруй тэрбум төгрөг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд эргэлдэж байна.

Нийт 200 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэнэ. Түүгээр нь буцаан зээл олгоно гэж Сангийн яамнаас тооцсон байна лээ. Ор тас олгохоо больчихсон юм биш л дээ. Жижиг, дунд үйлдвэрлэгчийг дэмжье гээд том зургаар нь харвал зах зээлийг нь бий болгож өгөх ёстой.

Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороог байгуулсан шалтгаан нь ядаж хоёр хөрштэйгөө худалдааны хэлцэлд хүрэхийг зорино. Тэгж байж манай бүтээгдэхүүнүүд бусад улсад татварын өндөр босгогүйгээр алхах боломж бий болно. Ноос, ноолуур гэхэд Орос руу 38 хувийн татвартай. Хүн өөртөө ашигтай байдлаар л бизнес хийдэг биз дээ. Бид Оросоос их хэмжээний нефть, эрчим хүч импортолж байна. Үүн дээрээ дөрөөлж өөрсдийн бүтээгдэхүүний экспортын давуу талаа олж авах, татварыг багасгах зэрэг ажлыг хийх ёстой. Хоёрдугаарт, Хятад улс руу манай түүхий эд 4 хувь хүртэл татвартай. Бэлэн бүтээгдэхүүн 25 хувиас дээш хувийн татвартай. Бид Элчин сайдын яамдаа зөвхөн улс төрийн харилцаагаар ашигладаг. Одоо эдийн засагжуулах шаардлагатай. Жишээ нь, Куб улс 100 гаруй оронд Элчин сайдын яамтай. Элчин сайдын яамтай байна гэдэг гоё сайхан өрөөтэй байхыг хэлж байгаа юм биш. Элчин сайдын ажлыг стратегийн ач холбогдол бүхий орнуудтай эдийн засгийн харилцаа бий болгох, хоёр орны хоорондох худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт татаж чадсан байдлаар дүгнэдэг. Манай улс энэ тал руугаа алхахгүй бол болохгүй нь ээ. Бид Куб улс шиг бодлого явуулж байж жижиг, дунд гэлтгүй томоохон үйлдвэрлэгчдээ ч зах зээлтэй болно. ЖДҮ-ийн зээл өглөө гээд ЖДҮ хөгжихгүй. ЖДҮ хөгжүүлэх нэг л хэсэг нь. Бидэнд зах зээл л хэрэгтэй. Зах зээл нь байвал арилжааны зээл аваад ч хамаагүй бизнесийнхэн хөгжинө. Тиймээс зах зээлийг бий болгох нь төрийн үүрэг. Төрийн оролцоо энд л байх ёстой. Түүнчлэн гадаадад сууж байгаа Элчин сайдуудыг өндөр хариуцлагажуулах, эдийн засгийн харилцааг илүү идэвхжүүлж ажиллах нь төрийн үүрэг. Өнөөдөр цахим хурдтай хөгжиж байгаа ч хуучинсаг үзэлтэй бизнесүүд дэлхий даяар дүүрэн бий.

-Манай улсын худалдааны хэлэлцээрүүд яагаад шат ахидаггүй юм бол?

-Манай улс хоёр, гурван улстай чөлөөт худалдааны хэлэлцээртэй. Яагаад амжилтгүй байгаагаа бид харах ёстой. Жишээ нь, АНУ, Канадад чөлөөт худалдааны гэрээ хийхэд маш тодорхой байдаг. Чөлөөт худалдааны гэрээ хийснээр манай улсын экспорт, импорт, ажлын байр тийм хувиар нэмэгдэнэ гэдэг. Гэтэл манайд үүнийг тооцдог мэргэжилтэн алга. Хариуцдаг агентлаг нь ч алга. Гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалтыг яагаад хамтад нь яриад байна гэхээр экспортоо л дэмжих зорилготой. Бид гадаад хэрэглэгчийн хүсч байгаа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхээс гадна стандартыг нь хангах ёстой. Хамгийн хурдан ноу-хауг нь шилжүүлж авах боломж бол гадаадын хөрөнгө оруулалт. Бид өнөөдөр үүнийг ярихаа больчихсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг зөвхөн уул уурхайг ухах гэж орж ирдэг гэх бодолтой. Гэхдээ уул уурхай ч ялгаагүй шинэ ноу-хау, шинэ технологийг оруулж ирдэг. Оюу толгой гэхэд аюулгүй байдал талаасаа дэлхийн хэмжээний уурхай болчихлоо. Бид стандартын тухай хуультай мөртлөө түүнийгээ хэр сайн биелүүлж чаддагт асуудал бий. Бизнесийг хийхэд хөнгөвчлөх ажлуудыг хийх ёстой. Тиймээс зах зээлийг нь бий болгох, хууль эрх зүйн орчинг сайжруулах, агентлаг бий болгож хариуцдаг мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатай.

-Гадны хөрөнгө оруулагчид манайд хөрөнгө оруулалт хийхэд ямар хүндрэлтэй асуудлыг дурдаж байх юм?

-Монголд аль хэдийнэ хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа ААН-үүдийг оролцуулсан форум зохион байгуулсан. Нэн түрүүнд хөрөнгө оруулалт татах боломжтой субьект бол Монголд хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулагч. Бид дэлхий даяар хөрөнгө оруулагч хайж явах биш. Эдгээр хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжиж, хоёр дах хөрөнгө оруулалтыг хийлгэхийн тулд яах ёстой вэ гэх бодлогоо гаргах ёстой. Хүндрэлтэй тал олон байна. Нэгдүгээрт, гадаад хөрөнгө оруулалтын тухай хуулиа уул уурхайн компаниудад зориулаад биччихсэн. Босго нь өндөр. Хувьцаа эзэмшигч бүр 100 мянган ам.доллар төлөх ёстой. Монгол хүн хамтарсан компани байгуулах боломжгүй болчихож байгаа юм. Уул уурхайгаас өөр салбарт хөрөнгө оруулалт хийхийг хаачихаж байгаа юм. Мөнгөн дүнгээр босго тавьчихаар хөрөнгө оруулагчдад хүнд байна. Тэр тусмаа цахим инноваци гэж ярьж байх үед дотоодын ААН-тэй адил байх ёстой. Хяналт шалгалт, зөвшөөрөл олгох процесс дээр хоёр гурван стандарт үйлчлээд байна. Төрийн өмчит байгууллага, хувийн ААН-д өөр, гадаадын хөрөнгө оруулагчид гэхээр бүр өөр ханддаг. Шүүхээр явахад асуудал удаан, шударга бус шийддэг гэж ярьж байна. Гадаадын ААН мөнгөө байршуулчихаад зөвшөөрөл гартал хүлээдэг. Тэр нь сар орчим болдог. Хүн мөнгөө байршуулчихаад хүлээгээд суух нь хэр зөв бэ. Үүнийг шийдэх ёстой. Бизнесийн үйл ажиллагаа хугацаатай байж болно. Нэг төсөл хийгээд больж болно. Манайд үйлдвэрээ хаая гэхээр шүүхээр заавал ордог. Тэр үйл ажиллагаа нь 2-3 жил үргэлжилдэг. Тэгэхээр нөгөө хүн компаниа хаахгүй, орхиод явчихдаг. Компани хаагдахгүй байхаар манай дотоодын төрийн зардал гараад байна гэсэн үг. Шууд хурдан хаах боломжийг бүрдүүлэхгүй болохоор татвар төлөхгүй явчихдаг. Хохирогч нь бид л байдаг.

-Гадаад хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсэх нь ээ?

-Тийм. Энэ хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Уул уурхайн компани орж болно, өөр компани орж болохгүй л гэсэн хууль. Жижиг, дунд бизнесийнхэн гадныхантай хамтрах боломжийг нь хаачихсан. Удахгүй Зөвшөөрлийн тухай хууль өргөн баригдах гэж байна. Манайд нийтдээ 500 гаруй зөвшөөрөл байдаг. Зөвшөөрлийн тоог 200-д авчиръя гэж байгаа юм. Нэмж зөвшөөрөл авахаар болвол хуульд өөрчлөлт оруулж байж гаргадаг зүйл заалт тусгах болов уу. Зөвшөөрлийн тоо буурахаар авлигал буурна. Түүнчлэн төрийн хяналт шалгалтын тухай хуульд ч өөрчлөлт оруулж нэгдсэн нэг стандарттай болох зэрэг өөрчлөлтийг хийх ёстой.

-Гадны хөрөнгө оруулагчид уул уурхайгаас гадна ямар чиглэлийг сонирхож байна вэ?

-ХХА-г Хятад, Оростой хөнгөлөлттэй тарифтай болсон цагт сонирхоно. Манай бүтээгдэхүүн үнээрээ өрсөлдөх чадвартай болсон цагт ХХА-г сонирхож орж ирнэ. Одоо бол цахим талын хөрөнгө оруулалтыг их сонирхож байгаа. Дата сервер байгуулах боломжийг нэлээд судалж байна. Манайх эрчим хүчээр хангах боломж хомс. Дата сервер их хэмжээний тог хэрэглэдэг. Улаанбаатар, Дарханд инновацитай холбоотой чөлөөт бүс байгуулах ажлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулчихсан. Тэр бүсүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүдийг татваргүй ажиллах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хатуу дэд бүтэц шаардахгүйгээр хөрөнгө оруулалтыг татах боломж үүснэ. Уул уурхай дээр хайгуулын лицензүүдээ олгохоо больчихсон байснаа одоо шат дараатай олгож эхэлсэн. Хайгуулын лиценз хөрөнгө оруулалтыг хурдтайгаар татаж болдог. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулиа шинэчилж, орон нутгийн иргэд, ААН, төр нэгдсэн нэг ойлголтод хүрэх ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *