Categories
мэдээ нийгэм

“Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Онцгой байдлын газар болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг Чингэлтэй дүүрэгт эхлүүллээ.

Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Агаарын бохирдлыг бууруулахын тулд төр засгаас олон ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна. Түүхий нүүрсийг хориглох Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлснээр өнгөрсөн онд бид агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулж чадсан. Одоо энэ амжилтаа цааш ахиулахын тулд холбогдох мэргэжлийн байгууллагууд бүх шатанд хичээн ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн та бүхний оролцоо маш чухал гэдгийг энд онцолж хэлмээр байна. Бид хамтдаа хичээж байж эрсдэлийг давж чадна. Иргэдийн оролцоогүйгээр бид агаарын бохирдлыг бууруулж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс сайжруулсан шахмал түлшээ зөв хэрэглэж, угаарын хий мэдрэгчээ зөв ашиглан, пийшин зуухныхаа битүүмжийг шалгаж эрсдлээс өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалах шаардлагатай” хэмээлээ.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, НОБГ болон төвийн зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах 105 дугаар ангийн 700 гаруй алба хаагч Чингэлтэй дүүргийн гэр хороолол бүхий 13 хороонд ажиллан, иргэдэд угаарын хий болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулах юм байна.

Мөн гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана.

Нийтэлсэн: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *