Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан ажлын хэсэгт ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, ЭМЯ-ны газрын дарга Н.Гэрэлт-Од, газрын дарга Д.Нарантуяа болон бусад албаныхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 155 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 118 тохиолдол нь эх орондоо ирж байгаа иргэд, 37 тохиолдол нь ачаа тээврийн жолооч байна. Эдгээр нь Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдлын 43.6 хувийг эзэлж буй.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол Улсад нэвтэрч байгаа ачаа тээврийн жолооч нарын шинжилгээгээр сүүлийн 15 хоногт 14, зургаа хоногт зургаан тохиолдол батлагдаад байгаа юм. Тиймээс Алтанбулагийн чөлөөт бүсийг түр хугацаагаар хаасан.
Өнөөдөр Сэлэнгэ аймагт Улсын Онцгой комиссын зарим гишүүд холбогдох албаныхантай 10 цагт хуралдаж Алтанбулагийн боомтыг хаах эсэхийг хэлэлцэж байгаа аж.