Categories
мэдээ нийгэм

“Өвгөн хуурч” комик киноны гол дүрд Рокит бэй тоглоно


“Хандгай” дүр дээр суурилсан “Өвгөн хуурч” нэртэй бүрэн хэмжээний мөүшн комик кино нь 80 минут үргэлжлэх хугацаатай байхаар төлөвлөжээ. Уг киноны гол дүр болон хөгжмийн продюсероор Рокит Бэй ажиллах юм.

“Хандгай” төслийн зохиолч, найруулагч С.Жамбалцэрэн “Би 10 жилийн сурагч байхдаа Хандгай гэдэг хочтой хүүхэд байсан. Өөрийнхөө хочоор зохиолынхоо гол дүрийг сонгосон. Орчин үеийн залууст “Өвгөн хуурч” хөдөлгөөнт комик киногоо хүргэхийн тулд хип хоп хөгжмийн хэмнэлээр үлгэр ярих болно. “Хандгай” комик цуврал маань 2018 оноос хойш олон нийтийн сүлжээнд танигдсан. Энэхүү бүтээлийг маш сайн зохиолтой, чанартай хийхийг зорьж байна. “Өвгөн хуурч” нэртэй хөдөлгөөнт комик кино нь 2021 оны төгсгөлд үзэгчдийн хүртээл болно” гэв.

Уран бүтээлчид төслийнхөө зорилгыг хүүхэд, залууст Монголын уламжлалт соёлыг орчин үеийн соёлтой нэгтгэн харуулах, өвөрмөц онцлог шингээсэн “Хандгай” дүрээр дамжуулан залууст итгэл найдвар, урам зориг өгөхөд оршиж байгааг онцолж байлаа.

Монголд залууст зориулсан үндэсний комикс, анимэйшн дүр дээр суурилсан цуврал бүтээл ховор байдаг. Энэ цаг үед “Хандгай” дүр нь цуврал комикс, хүүхэлдэйн кино, дүр дээр суурилсан цогц контент болон хөгжиж, амжилттай үргэлжилж буй юм. Төслийн хүрээнд комик киноноос гадна дуучин Рокит Бэй болон бусад дуучдын дуунаас бүрдсэн “Өвгөн Хуурч” цомог пянз ба дижитал, график видео клип, “Өвгөн хуурч” Хандгай арт тоглоомын багц,, арт ном, маркетинг болон медиа хөтөлбөрүүд зэргээс бүрдсэн цогц контент, эвент, дагалдах бүтээгдэхүүн бүхий цогц ажлыг хийх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *