Энэ удаагийн “Танайд өнжье” булангаа Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Улаанбаатар хотын “Хангарьд” шагналт зураач Г.Дунбүрээгийн урлангаас бэлтгэлээ. Түүнийг Улаанбаатар хотын түүхийг харуулсан олон арван зураг зурсныг хүмүүс андахгүй. Хотын сэдвээр гайхалтай бүтээл туурвидаг тэрбээр “Арван ямаа”, “Фронтод”, “Хүрээ Майдар”, “Монгол транс” зэрэг зургуудаараа алдартай. Тэрбээр урлангийн гадна биднийг “Урлан бол миний хоёр дахь гэр” хэмээн хүлээж авснаар түүний өрөөнд тухлав. Түүний урлангийн өрөөнд ороход уран зургийн гайхамшиг тэр чигээрээ нүд баясгах аж. Өрөөний ханаар битүү зураг ярайна. Эргэн тойронг харахад ихэнх зураг нь Их хүрээний үеийнхнийг амилуулсан байх. Урлангийнхаа шүүгээний хамгийн дээд талын буланд Төрийн шагналт Бямбын Ринчен гуайн хөргийг залсан байх аж.
Тэрээр “Аан, тэр зургийг харж сууна уу. Миний хүндэлж явдаг эрхэм. Өдгөө нийслэл хот байгуулагдсаны 381 жилийн ой болж байна. Би Улаанбаатар хотын түүхийг 1974 оноос эхэлж зурж эхэлсэн. За бараг тэрнээс ч өмнө дөө. 1968 оноос эхэлж зурсан юм уу даа. Би Бямбын Ринчен гуайтай уулзаж Их хүрээний тухай түүхийг асууж явсан удаатай шүү дээ” хэмээн их л бахархалтайгаар хүүрнэх нь тэр.
Нийслэлийн бүхий л газрыг судлан зурж, түүх болгон үлдээдэг. Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ нэртэй байгаад 1924 оноос Улаанбаатар гэгдэх болсон манай нийслэлийн үе үеийн судалбар зургаар дүүрэн ном түүнд бий гэнэ лээ. Баруун хүрээ, Зүүн хүрээ, Гандан, Маймаа хот, Есөн гудамж, Өндөр хоршоо зэрэг газруудыг уран зургааг илэрхийлжээ. Зураач Г.Дунбүрээ Монгол орны Богд нэртэй бүх уулыг зуржээ.
Тэрбээр нийслэл маань дөрвөн уулынхаа дунд хүн чулууны хонхорт алтан тэвшийн хөндийд байгуулагдсан хэмээн өөрийн зурсан “Дөрвөн уулын савдаг” зургаа гаргаж ирэн тайлбарлав. Богд хан уулын савдаг нь дөрвөн уулынхаа савдагийн эв эеийг хичээнэ гэж хадаг барьсан Хангарьд, Сонгинохайрхан уулын савдаг хөх өвгөн нь муу муухай бүхнийг зайлуулдаг, Чингэлтэй уулын савдаг гахай нь эд баялгийг хуримтлуулдаг, харин Баянзүрх хайрханы савдаг нохой нь эд баялаг, эзнээ хамгаалдаг гэх домогтой гэдгийг Бямбын Ренчин гуай надад хэлж байсан” хэмээн хуучлав. Тэрээр үргэлжлүүлэн “Арван улаан ямаа” гэх зургаасаа болж Намын төв хорооноос банга хүртэж байсан талаараа ярихдаа “Тэр зургийг 1968 онд зурсан юм. Би малчин хүний хүүхэд. Хөдөө төрж, өссөн. Намайг тав, зургаан настай байхад мэргэн Гомбожав гэдэг айл манайхтай өвөлжсөн гэдэг. Манайх хониндоо ямаагүй. Мэргэн өвөө надад ишиг бэлэглэсэн юм билээ. Тэр ишиг маань ихэрлэсээр арав болчихсон. Үүнээс үүдэж арван ямаа, тэмээ, адуу, хонь, үхэр зурах болсон. Бүгдийг нь зурсан л даа. Тэр үед залуу зураачдын үзэсгэлэнд миний зурсан арван ямааны зураг тавигдсан юм. Тэр үед чинь байнга л хянана, шалгана. Ганц миний зураг гэлтгүй өөр хэд хэдэн хүний зургийг хөрөнгөтний үзэл суртлыг сохроор даган баяслаа, марксизм, ленинизм мэдэхгүй байна, судлахгүй байна гэж шүүмжилсэн. Ингээд Намын төв хорооны 28 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор уран бүтээлийг худалдаж авахгүй, гадаадад томилолтоор явуулахгүй гэх зүйлс тусгагдчихсан. Хамгийн гол нь хүйтэн хошуутай мал зурлаа. Хоёрдугаарт, арьсыг нь хуулсан 10 ямаа гэдэг хөрөнгөтний үзэл суртал шингэсэн байна. Тэр үед улс төрийн товчооны ги-шүүдийн тоо арав байсан юм билээ. Тэднийг ямаагаар төсөөлж зурлаа гэж хардсан” хэмээн инээмсэглэлээ. Үргэлжлүүлэн “Идээшиж буй арван адуу” зургийнхаа тухай ярихдаа “Энэ зураг маань Төв хорооныхонд таалагдаагүй учраас нийтэд дэлгэгдээгүй. Бүр сүүлд 1972 онд байшингийн дээврээс олж авсан юм. Дахин сэргээж Уран зургийн галерейд хадгалуулсан. Тухайн үед залуу зураачдын үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг бүгдийг нь Төв хорооноос хянадаг. Хэрэв тэд ямарваа нэг бүтээлийг намын эсрэг байна гэж үзэх юм бол зурсан хүнийг нь сургуулиас хөөж, 45 хоногоор хөдөө мал маллуулдаг. Түүнчлэн зурсан зураг бүрийг нь ирж шалган, сүүлдээ бүр шалгах ч үгүйгээр үзэсгэлэнгээс шууд хасах тохиолдол ч цөөнгүй байсан даа. Гэхдээ энэ бүхэн надад маш том сургамж болсон. Их ч хат суулгасан” хэмээв.
Их хүрээ бол Г.Дунбүрээ гуайн уран бүтээлийн гол сэдэв бөгөөд тэрбээр Монголын хуучин нийслэлийн мартагдсан дүр төрхийг уран бүтээлийн аргаар хойч үе, монголчууд, хүн төрөлхтөнд сэргээн үлдээхийг зорьдог аж. Г.Дунбүрээ гуай 1974 онд анх удаа Их хүрээ гэх үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Тэрээр Их хүрээтэй холбоотой 10 гаруй үзэсгэлэн гаргасан гэнэ лээ. Энэ үзэсгэлэнгээ Москва, Франц, Япон гээд нэлээд хэдэн улсад гаргаж байсан аж. Гадныхан түүний Их хүрээний үзэсгэлэнг их сонирхдог байсан гэнэ.
Түүний уран зурагтай хэрхэн холбогдсон талаар асуухад “Нэгдүгээр ангиасаа л эхэлж зураг зурсан. Тэр зураг маань одоо ч надад бий. Ер нь хүүхэд насанд зураг л их зурна шүү дээ. Арван жилийн сургуулийн багш маань зурах аргад анх дурлуулсан гэх үү дээ. Би 1958-1960 онд Пионерын ордны дугуйлангийн багш төрийн хошой шагналт, ардын зураач О.Цэвэгжавын дугуйланд хоёр жил сурсан. 1965 онд Улсын багшийн дээд сургуулийн зураг, хөдөлмөрийн ангид элсч төгссөн. Түүнээс хойш Монголын урчуудын эвлэлийн хорооны уран бүтээлчээр ажилласан. Надад дүрслэх урлагийн ухааныг төрийн хошой шагналт, ардын зураач О.Цэвэгжав, Төрийн шагналт зураач Г.Одон, Монгол, Францын ардын зураач Б.Чогсом нар заасан. Ардын зураач Б.Чогсом багш маань өдгөө 90 насыг зооглосон байна. Би бүхий л багш нараараа бахархаж явдаг. уг нь анх Пионерын ордны дугуйланд бөхийн секцэнд явж эхэлсэн юм. Тухайн үед бөхийн секцэнд Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарын аваргатай цуг хичээллэж байлаа. Тэгээд 45 хоног болоод л би ер нь барилддаг хүн биш юм байна гээд зургийн дугуйланд орсон доо” хэмээн хуучилсан юм.
Түүний ширээн дээр судалбар зураг их хөглөрөх аж. Энэ талаараа “Нэг бүтээл төрөн гаргахын тулд судалбарыг их хийдэг. Уран бүтээлч хүн заавал судалбар зураг хийж байж түүнээсээ үндэслэн дараа дараагийн бүтээлээ хийдэг. Би бодит реалист зураг зурдаг. Гэхдээ бодит зүйлийг егөөдөж, ёгтлолоор уран бүтээлээ гаргах дуртай. Миний бүтээл гадагшаа их ойлгогддог. Монгол уламжлалын өнгийг өөрийнхөө уран зурагт шингээх гэж боддог. Тэр дундаа монгол хүний зан араншинг судалж, бүтээлдээ шингээхийг их боддог хүн. Мэдээж гадаад, дотоодын сонгодог уран бүтээлчдээс суралцалгүй яахав. Миний хувьд үндэснийхээ соёл урлагийг хөгжүүлэхэд анхаарч явдаг даа. Ямар ч урлаг уран бүтээлийн хүмүүс Монгол Улсын баялаг. Бүр нөхөгдөшгүй баялаг шүү. Зураач хүн өөрийн гэсэн арга барилтай байх ёстой. Хэнийх нь мэдэгдэхгүй байж болохгүй шүү дээ. Бичгийн хүмүүс дэвтэр бал нийлүүлж явдагтай адил зураач хүн судалбар хийх нь их чухал. Судалбар зураг зурахад мэдрэмж их шаарддаг” хэмээн хэлж байв. Үргэлжлүүлэн “Зураачид уран бүтээлээ зарна, худалдана гэж бүтээдэггүй. Миний зурсан уран бүтээл тухайн хүний таалалд нийцэж байвал бүтээл эзнээ олно гэж байдаг. Уран зураг, уран зохиол, хөгжим гурав салшгүй холбоотой. Би зураг зурахдаа зохиол унших, ая сонсоод суух дуртай. Ер нь зураач хүнээс оюуны асар их тэвчээрийг шаарддаг. Монгол хүний бүтээл байна гэдгийг хараад л мэдэхээр хийж бүтээх ёстой. Зураач хүн өөрөө өөрийгөө байнга л хөгжүүлж байх хэрэгтэй” хэмээн хуучилсан юм.
Би түүх судалдаг хүн. Түүхийг судлахгүйгээр ямар ч зураг зурдаггүй. Цээжний бангаар бүтээл туурвидаггүй. Алтан үеийн олон мундагуудтай ажиллаж байлаа. Аав маань лам байсан учраас хүмүүс манайд их ирнэ. Тэр хүмүүс Их хүрээний тухай их ярьж өгдөг. Энэ бүхэн намайг Их хүрээний зураг зурахад томоохон түлхэц болсон. Тэдний хэлж ярьсныг тэмдэглэж аваад өөрсдөөр нь гарын үсгийг нь зуруулчихдаг байсан хэмээн нэмж хэлэв.
Зураач маань ирэх жил үзэсгэлэн гаргахаар зорьж байгаагаа дуулгасан. Тэрээр лакен зураг ч зурдаг юм билээ. 2010 онд Г.Дунбүрээ гуай МУУГЗ цолыг хүртжээ. Өдгөө эл эрхэм уран зурагтай амьдралаа холбоод 59 жил болсон байна. Бүхий л бүтээлдээ сэтгэл оюунаа шингээдэг ч хуруу даран нэрлэх бүтээлүүдээ ”Фронтод”, “Монгол транс”, “Арван ямаа”, “Арван адуу” гээд нэрлэдэг юм билээ. Хүндэлж явдаг эрхэм Б.Ренчин гуайн хөргийг ч зурсан хэмээн үзүүлж байсан юм. Бидний яриа түүний нутаг ус, ижий аавынх нь тухай үргэлжиллээ. Өдгөө түүний гэрт ижий, ааваас өвөлж ирсэн бурхан ширээ ч бий гэдгийг хэлж байв. Г.Дунбүрээ гуай аав ээж талаасаа хоёулаа тайжийн удамтай гэнэ. Зураач маань Төв аймгийн Өндөрширээт сумын хүн аж. Аав нь лам хүн байж, 40 гарсан хойноо хар болж гэрлэсэн гэнэ лээ. Тэрээр “Намайг гарахаас өмнө мэргэн хүн аавд маань “Танай бурхан ширээний дор хоёр хүү тоглож байна. Дунбүрээ, Дунхорол гэсэн нэр өгөөрэй гэж хэлсэн юм” гэнэ лээ. Тухайн үед аав, ээж маань ингэж хэлснийг нь мартчихаж. Жилийн дараа нөгөө ламруу нэр хайрла гээд аав давхиад очсон чинь урдаас нь жилийн өмнө нэр өгчихсөн гэж загнасан гэдэг. Би ганц дүүтэй. Дүүг маань Г.Дунхорол гэдэг. Ардчиллын 30 жилийн ойгоор дүү маань Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсон” хэмээн хуучлав. Түүний гэр бүлийн хүнийг П.Жаргалсүрэн гэдэг. Гэрийн эзэгтэй Монгол Улсын автотехникийн анхны эмэгтэй инженер болж байж. Өдгөө гэр бүлийн хоёр ханилаад 52 жилийг ардаа үджээ. Гэрийн эзэгтэй автобус баазын ерөнхий инженер, тухайн үеийн Тээврийг удирдах газрын түүний орлогч даргаар олон жил ажилласан гэнэ лээ. Гэр бүлийн хоёр хоёр хүү, хоёр охинтой. Хүүхдүүд нь бүгд өөр өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг гэнэ. Дөрвөн хүүхдийн маань нэг нь ч зураач болоогүй ч ач зээгээс минь зурдаг хүүхдүүд бол бий бий хэмээн Г.Дунбүрээ гуай хэлж байв.
Г.Дунбүрээ “Одоогийн IV дэлгүүрийн суурин дээр анх Богдын шар ордон байсан. Тухайн үед энэ газрыг Зүүн Хүрээний төв, гол тэнхлэг гэж үзэж Дэчингалав, Шүтээний аймаг, Майдарын сүм зэргийг босгосон байсан юм. Миний аав Дэчингалав сүмд шавилан суудаг байж билээ. Тэгтэл Дэчингалавын сүмийн үлдэгдэл алтадсан шармалаар Гадаад явдлын яамны орой дээрхийг бүрчихсэн. Тус архитектурыг МУУГЗ, Төрийн шагналт зураач Д.Чойдог гэдэг хүний төслөөр хийж байлаа. Тэр үеэс өнөөдрийг хүртэл тэсч үлдсэн барилга байшин нийслэлд маань их ховор болжээ” хэмээн хуучилсан юм.
Зураач Г.Дунбүрээ урлан дахь ажлын өрөөндөө амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг болох нь анзаарагдаж байв. 1977 онд Шаамарт Зохиолчдын урлан байгуулагдахад зохиолч Д.Намдаг, Э.Оюун нарын эрхэм хүмүүстэй хамт гар нийлэн ажиллаж байсан түүхтэй. Түүний хүрээ байшингийн бүхэл бүтэн цомог нь түүхийн үнэт дурсгал болон үлджээ.