Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл 99.2 хувьтай байна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 99,2 хувьтай байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр ярив.

Өвөл зам, замын байгууламжийн цас мөсний халтиргаа гулгаанд давс 3227 тонн, бодис 4175 тонн нөөцөлжээ. “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаа “Шахмал түлшний үйлдвэрт 14 шугам ажиллаж байна. Угаарын хийн хордлого үүсэх эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, эрсдэлийн түвшинг тодорхойлж байна” гэлээ.

Түүнчлэн шуурхай зөвлөгөөнд өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийсэн. Цагдаагийн Ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, Цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар “Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын байдлаар 21.142 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 63.4 хувь нь нийслэлд гарчээ. Гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28.4 хувиар буурсан эерэг үзүүлэлт” гэв.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан “Нийслэлийн хэмжээнд энэ оны 10 дугаар сарын 6-наас 11 дүгээр сарын нэгний хооронд обьектын гал түймрийн 163, аврах ажиллагааны 15, нийт 178 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 190 иргэнийг аварч, 1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 46.3 хувиар буурсан” гэлээ.

Мэдээллийн дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар цаг үеийн нөхцөл байдал, бусад ажлын талаар тодруулж, санал солилцон, тодорхой чиглэлд үүрэг өглөө. Тэрбээр тодорхой асуудлаа дүүрэг, хороо хариуцаж ажиллах шаардлагатай. Төрийн ажил анхан шатнаасаа тогтвортой явах ёстой. Хотын хөгжил гэр хорооллоос эхэлдэг учраас тодорхой эрх үүргийг дүүрэг, хороонд нь өгнө хэмээв. Мөн “Сайжруулсан түлш худалдаалах цэгээс хол, бөөний болон жижиглэнгийн цэгүүд байдаггүй, машин явах боломжгүй өндөрлөг газар оршин суудаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сайжруулсан түлшээр хангах судалгаа гаргаж танилцуул. Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэхээр “Маскаа зүүцгээе, гараа угаая” хоёрдугаар аяны хэрэгжилтэд анхаарч, ханиад томуу болон халдварт өвчнөөс дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх, хүүхдийн эмнэлгийн орны тоог нэмэх шаардлагатай. Гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй барилга гэсэн хоёр холилдсон асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллага зохицуулж, хамтарсан ажлын хэсгийн байгуулах” тухай үүрэг чиглэлийг нутгийн захиргааны байгууллага, харьяа газар, дүүргийн удирдлагад өгч, хэрэгжилтэд анхаарахыг онцлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *