Алба хаагчдын ажил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг зохицуулагч 2020” ур чадварын тэмцээн 38 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд С.Пүрэв ахлагчтай Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид тэргүүлсэн юм. Тэргүүлсэн багийн гишүүн Замын цагдаагийн зохицуулагч, дэслэгч Г.Гантулгатай ярилцлаа.
-“Шилдэг зохицуулагч 2020” тэмцээнд амжилттай оролцож багаараа тэргүүн байр эзэлсэнд баяр хүгэе?
-Баярлалаа. Би цагдаагийн байгууллагад арванхоёр дахь жилдээ ажиллаж байна. Тээврийн цагдаагийн албанаас жил бүр зохион байгуулдаг “Шилдэг зохицуулагч 2020” тэмцээнд баг хамт олноороо оролцон 36 багаас тэргүүн байранд шалгарлаа. Маш их баяртай байна. Өмнө нь 2017, 2018 онд бид тус тус дэд байр эзэлж байсан. Харин 2019 онд гуравдугаар байранд орсон бол энэ жил урьд жилийн амжилтуудаа бататгаж тэргүүн байранд шалгарлаа.
-Найман төрлийн тэмцээнд авхаалж самбаагаа уралдуулсан шүү дээ. Аль төрөл нь хамгийн өрсөлдөөнтэй байв?
-Энэ тэмцээн нь хууль эрх зүй, гадаад хэл, буухиа, уран жолоодлого, мотоцикл, шилдэг зохицуулалт мөн хэргийн газрын үзлэг, ослын схем зурагт ажиллах гэсэн төрлүүдтэй. Жил ирэх тусам тэмцээний зохион байгуулалт болоод багуудын дундах өрсөлдөөн чангарч байна. Илүү их ур чадвар шаардсан төрлүүд ч нэмэгдсэн байна. Тухайлбал, хэргийн газарт үзлэг хийх төрөлд би өөрөө оролцлоо. Харин англи хэл, хууль эрх зүйн мэдлэгийн тэмцээнд багаараа оролцсон. Гадаад хэлний тэмцээн дээр нэлээн өрсөлдөөнтэй байлаа. Хэргийн газарт үзлэг хийх төрөлд ч мөн өрсөлдөгчид чанга байлаа шүү.
-Нэг баг гурван хүний бүрэлдэхүүнтэй юм байна. Тантай хамт ямар алба хаагч нар орж өрсөлдөв?
-Миний бие Хэнтий аймгийн багаа ахалж ирсэн. Мөн надтай хамт замын зохицуулагч дэд ахлагч М.Эрдэнэбулган, Э.Эрдэнэсанаа нар тэмцээнд оролцлоо. Тэмцээн маань жил болгоны аравдугаар сард тогтмол цагтаа зохион байгуулагддаг. Дараа жил ч мөн адил тэмцээндээ баг хамт олноороо ирж оролцоно. Мэдээж хэрэг урьдын гаргасан амжилтуудаа бататгахын төлөө л зүтгэнэ дээ.
-Хоёр хүүтэй гэсэн. Хөвгүүд нь аавыгаа дуурайгаад цагдаа болно л гэж байгаа байх?
-Эхнэртэйгээ гэр бүл болоод арваннэгэн жил болсон байна. Одоо хоёр сайхан хүүтэй. Том хүү маань хоёрдугаар анги. Бага хүү хоёр настай, цэцэрлэгт явдаг. Манай хүүхдүүд цагдаа нарт их дуртай л даа. “Аав аа, тэр зам дээр цагдаа хүмүүсийг шалгаж байсан” гээд л… Том хүү маань “Би том болоод аав шигээ замын цагдаа болно” гэдэг. Бага хүү хэлд орж амжаагүй мөртлөө миний малгайг өмсчихсөн ёслоод л гүйгээд байдаг/инээв/.
-Нийслэл Улаанбаатар хотод ч гэлтгүй хөдөө орон нутагт жил ирэх тусам замын хөдөлгөөн ихэсч байна?
-Тийм шүү. Хэнтий аймагт жил ирэх тусам автомашинтай иргэдийн тоо нэмэгдэж байна. Тэр хэрээр замын хөдөлгөөний ачаалал ч их байна. Үүний хүрээнд бид уулзвар гарц бүрт гэрлэн дохио байрлуулсан. Мөн аймгаас сум руу явах замуудад хяналтын камер суурилуулж байгаа.
-Цагдаа нар замын хөдөлгөөн зохицуулаад эхлэхээр л замын түгжрэл улам нэмэгдчихдэг гэсэн яриа бий. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
-Ард иргэд жаахан өрөөсгөл ойлголттой байдаг юм билээ. Хэн нэг нь “Замын цагдаа уулзвар дээр гарч ирээд явуулахгүй түгжчихлээ” гээд сошиалд биччихвэл тэрийг улам цааш нь тараагаад байдаг. Уулзварууд дээр ямар зохицуулалтыг яаж хийдэг талаар төдийлөн мэддэггүй байж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх шаардлагагүй л дээ. Жишээлбэл, замын хөдөлгөөн ихтэй байгаа үед уулзварууд түгжигдчихдэг. Хааш хаашаа хөдөлгөөнгүй болж тэг зогсолт болдог. Энэ үед замын цагдаа нар камерын хяналтын төвтэй холбогдож замын хөдөлгөөнд оролцогчдыг гарцаар саадгүй нэвтрүүлэхийг зорьж ажилладаг шүү дээ.
-Замын зохицуулагч хийхэд хүндрэлтэй зүйл нь юу вэ?
-Бороотой, цастай, шуургатай ямар ч үед ажлаа тасалдуулахгүй хийж л байдаг хүмүүс шүү дээ. Хүйтэнд ч бай, халуунд ч бай доод тал нь долоогоос найман цагаар гадаа ажилладаг. Гэхдээ бид ажил мэргэжилдээ хайртай. Ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэж ажиллана гэдэг бахархал. Бид нэг ч иргэн, нэг ч гэр бүл битгий гэмтэж бэртээсэй, нэг ч зам тээврийн осол бүү гараасай хэмээн ард иргэддээ сэтгэл зүтгэлээ зориулж ажилладаг.
-Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт хандаж юу гэж хэлэх вэ?
-Нийслэл болоод аймгуудад доод тал нь хоёроос гурван авто курсүүд бий. Тэр дундаа Улаанбаатар хотод олон ч жолооны сургалт байдаг. Ер нь дүрмээ мэдэхгүй жолоочид хөдөлгөөнд оролцох нь ихэссэн. Үүний улмаас зам тээврийн осол ч их гарч байна. Тийм учраас нийт жолооч нартаа хандаж хэлэхэд, нэгдүгээрт жолооны сургалтдаа бүрэн гүйцэд суугаад дүрмээ сайн сурах хэрэгтэй. Хоёрдугаарт, замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, хэн хэнийгээ хүндэтгэж харьцаасай гэж хэлэх байна.
С.ЛХАМСҮРЭН