Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийг 2012 онд төгссөн 11 “В” ангийнхныг урьж ярилцлаа.
2022 онд 10 жилийн ойтойгоо золгох ангийнхны хамгийн гэгээлэг сайхан дурсамжийг хуваалцсан юм. Хүн бүрийн сэтгэлд хүүхэд нас, тэр дундаа арван жилийн хөгжилтэй дурсамж хэзээ ч мартагддаггүй. Тэдний гэнэхэн насны инээд наргиантай, хөөр хөгжөөнтэй үеийг нь эргэн дурслаа. Тус ангийн төгсөгч Гэрэлмаагийн Эрхэмбаяр ийнхүү ангийнхаа гэнэн томоогүй түүхийг хуваалцлаа.
“Биднийг төгсдөг жил манай сургуулийн захирлаар Даваахүү гэдэг багш томилогдон ирж, эрэгтэй хүүхдүүдийг зөвхөн хар брюкен өмд өмсөнө хэмээн журам гаргаж байв. Тухайн үед “nike, kobi”-ийн пүүз ид моодонд орж байлаа. Тэгээд л пүүзэн дээрээ цайвар хөх өнгийн жинсэн өмд өмсөж гангардаг байж. Хар өмд өмсөх ёстой ч ангийн 17 хөвгүүнээс ердөө гуравт нь байсан юм. Манай анги чинь гурван давхарт байдаг. Өглөө хичээл эхлэхээс 30 минутын өмнө хөвгүүд цонхны доор цуглаад, түрүүлж ангидаа орсон нь цонхоор өмдөө шиднэ.
Түүнийг нь дараагийн гурав нь ээлжилж өмсөөд л хичээлдээ орно шүү дээ. Ингээд бүтэн жил явсаар төгсөж билээ. Их сахилгагүй байж. Мөн өөр хөгжилтэй дурсамжууд их бий. “Монгол HD” телевиз байгуулагдаад удаагүй байсан юм. “Ангийн драма” гэсэн реалити шоунд оролцохоор болов. Тэр үед телевизээс өгсөн зохиолын дагуу жүжигчилсэн тоглолт бэлдэж байсан юм. Би чинь тэр хавиар ангийхнаа цуглуулаад л өөрөө жүжгээ найруулаад, зохион байгуулна, гол дүрд нь өөрөө тоглочихно оо. Тэгээд л дөрөвдүгээр байранд шалгарч билээ. Бас болоогүй ээ, сургуулийн хажуугийн 31 дүгээр байранд “Spider” гэдэг компьютер тоглоомын газар байдаг байв. Зургийн хичээл дараалан хоёр цаг ордог байсан юм. Багшийг “Хичээлээ хийж байгаарай. Багш нь гарчихаад ирье” гээд ангиас гарах хооронд нэг давхрын цонхоороо гарч хөдөлмөрийн хичээлээ бөөндөө нийлж тасалсан тэр үе нэлээд зоригтой алхам байсан юм билээ” хэмээн инээмсэглэн ярилаа. Энэхүү хөгтэй дурсамжийг сонсоод, арван жилдээ бүгд л ийм сахилгагүй байдаг шүү хэмээн бодогдож байлаа. Тэд дэггүй байсан ч урлаг спорт, сурлагаараа тэргүүний анги байсан аж. Ангийн хөвгүүд нь урлагийн үзлэгээрээ дуулна, бүжиглэнэ. Бусад ангиуд мэргэжлийн хүн авчирч урлагийн номероо бэлдэж байхад тус ангийнхан өөрсдөө жүжигчилсэн тоглолт, бүжиг, дуу гээд бүгдийг бэлддэг байсан гэнэ. Тэр ч бүү хэл ангидаа “Pink links” гэдэг охидын хамтлагтай. Мөн анги удирдсан багш нь дуулах, гитар тоглох авьяастай. Ангийн хүүхдүүддээ зөвлөдөг хамгийн мундаг зөвлөгч багш нь байж.
Сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багт зургаан хүүхэд байсан бөгөөд хөвгүүд спортод их сонирхолтой учир сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болон Биеийн тамирын Нараа багшийнхаа нэрэмжит тэмцээнийг жил болгон хүлээдэг. Учир нь тэдний өрсөлдөгч 11 “А” анги тус тэмцээнд алтан медалийг нь авчихдаг байсан учраас даагаа нэхэн төгсдөг жилдээ тус ангийг хожиж байсан нь тэдний хувьд хамгийн бахархам, аз жаргалтай нандин зүйл байсан хэмээн Г.Эрхэмбаяр дурслаа.
2012 онд 50 дугаар сургуулийг 11-ийн гурван бүлэг төгсөж байсан гэнэ. Тус ангийг англи хэлний багш Ц.Туулын удирдлагад ангийн дарга А.Солонго болон Д.Нансалмаа, Б.Лхагварагчаа, Ц.Отгонзаяа, Б.Урангоо, Наранцацрал, Халиунаа, Болдмаа, Эгшиглэн, Энхчимэг, Р.Мягмарсүрэн, н.Тэлмүүн-Санаа, Г.Эрхэмбаяр, Д.Далай, Б.Балжинням, Л.Сугарсүрэн, Ч.Батзориг, Чинзориг, Ж.Амартөр, П.Энхбат, Мөрөн, Д.Пүрэврагчаа, Г.Төгөлдөр, Г.Энх-Амар гэсэн нийт 36 сурагч төгсөж байжээ. Математик, англи хэлний хичээлдээ хамгийн шилдэг нь охидуудаас н.Есүй, хөвгүүдээс Бат-Эрдэнэ “толгой цохидог” байв. Нийгмийн ухаан, түүхийн хичээлийг Сарантуяа, Биеийн тамирын хичээлийг дунд ангийн багш Б.Эрдэнэчулуун заадаг байсан аж. Харин физикийн хичээлийг З.Энхтөр, дунд ангид дуу хөгжмийн хичээлийг МУСТА Л.Отгонцэцэг зэрэг алдар гавьяатай, мундаг багш нар заадаг байжээ. Энэхүү эрдэмтэн багш нар сурагчдадаа хүн хүнээ хайрлах, хариуцлага хүлээдэг байх, цагийн юмыг цагт нь амжуулдаг байх зэрэг ёс суртахууны мөн чанарыг сургасан аж. Мөн нийгэмдээ үлгэр дуурайлал үзүүлэх, бусдад туслах зорилгоор байнга л сайн үйлсийн аян зохион байгуулж байсан ангийнхан одоо салбар салбартаа гялалзаж явна. Тухайлбал, Нийслэлийн тээврийн цагдаагийн албанд, дуучин, Төрийн ордонд мэргэжилтэн, хувиараа бизнес эрхэлж байгаа бизнесмэн гээд залуучууд энэ л ангиас төрөн гарчээ. Мөн Ж.Амартөр нь байгууллагуудын арга хэмжээг зуучилж өгдөг вэб сайтыг ажиллуулдаг байна.
Дашрамд сонирхуулахад, AMC нэрээр олонд танигдсан дуучин Г.Энх-Амар энэ ангийг төгсөж байсан юм. Мөн тус ангийн н.Тэлмүүн-Санаа нь Азийн фитнесс модель агентлагийн аварга гээд дурдаад байвал маш олон авьяаслаг залуучууд энэ л ангиас төрсөн байна.
Техник технологи улам хөгжсөөр урьдын адил төгсөөд л холбоогүй болдог үе хэдийнэ өнгөрч. Одоо тэд фэйсбүүк, инстаграм зэргээр байнга холбоотой байдаг. Цаг гарган уулзаж тухайн үеийн ангийн хөгтэй дурсамжаа ярьж, чөлөөт цагаараа зааланд тоглох, нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэдэг хэмээн арван жилийн дурсамжаа сэтгэл догдлон ярьсан юм. Мөн 2022 онд ангийнхаа 10 жилийн уулзалтаар анги удирдсан багш Ц.Туул, Б.Эрдэнэчулуун нартайгаа нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлж хуучны сайхан дурсамжаа ярьцгаая” хэмээн сэтгэлийн үгээ хэлсэн юм.
Хүн бүрийн сэтгэлд нэг л уяатай байх бага насны эгэлхэн дурсамж, санаанд оромгүй үйл явдлаар арвин нэг ангийхны сэтгэл хөдөлгөсөн дурсамжаар ийнхүү аяллаа.
Д.ОТГОНТУЯА