Categories
мэдээ соёл-урлаг

М.Бат-Ирээдүй: Монголчууд төдийгүй гадны жуулчид ирэхээрээ монгол бичгээр шивээс хийлгэдэг

Сүүлийн үед залуучууд биеийн ил харагдах хэсэгтээ шивээсийг гоёл маягаар хийлгэн энэ төрлийг сонирхож эхэлсэн юм. Монголын номер нэг “шивээсчин Бандгаа” хэмээн танигдсан “Bandga’s Tattoo Parlor” -ын шивээсчин М.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.


-Шивээс гэдэг зүйл хэдий үеэс ингэж урлаг болтлоо хөгжив. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Ихэнх хүмүүс Индианчуудаас үүсэлтэй хэмээн ярьдаг. Гэхдээ нүүдэлчин монголчууд, тэр дундаа Хүннүгийн олдворуудад шивээс байсан гэх судалгаанууд ч гарсан байдаг. Ерөөсөө л таван мянган жилийн өмнөөс шивээс гэдэг зүйл хөгжчихсөн байсан юм. 1950-иад онд Европт урлаг болтлоо хөгжөөд эхэлсэн. Харин манайд 1980-аад оноос цэргийн шивээсээс авахуулаад жижиг шивээсийг сонирхож, шивүүлж байв. Харин 2000-аад оноос хойш урлаг болон хөгжих замнал нь эхэлсэн. Тухайн үед шивээстэй хүмүүсийг хараад “хүнд гар”, “болохгүй газар” орсон хүмүүс шивээстэй байдаг гэх хандлагатай байсан. Одоо бол шивээс маш том урлаг болоод хөгжчихсөн байгаа юм.

-Японы “Якуза” нарын шивээс алдартай гэдэг юм билээ?

-Ерөнхийдөө хэд хэдэн бүлгэмийг нийтэд нь “Якуза” хэмээн нэрлэдэг. Тэд арслан, луу, булуу цагаан загас, сакура зэргийг биедээ дүрсэлж шивүүлдэг. Нэгэн таамаглалаар бол биедээ шивээс хийлгэх нь залуу якуза эцэг эхийн хараа хяналтаас гарч, “өргөмөл” эцгийнхээ хараа хяналтад орж байгааг илтгэдэг байж. Харин өөр нэгэн хувилбараар бол шивээс хийх урлаг нь шинэ хүнийг эрүү шүүлт, биеийн өвдөлт, зовлонг тэсвэрлэх эсэхийг үздэг шалгуур байсан гэдэг. Шивээстэй хүмүүс хамаагүй олон нийтийн газар явахгүй байх, ажилд авахгүй гэх мэт зүйл одоог хүртэл мөрдөгдсөөр байгаа. Гэхдээ энэ нь орон оронд янз бүрээр байна л даа. Жишээлбэл, Хавайд өөрийн цол тэмдгээ бие дээрээ шивүүлж байсан нь өдгөө шивээс урлаг болтол хөгжсөн байгаа юм. Миний бодлоор одоо Якуза нар шивээсгүй болсон юм шиг санагддаг.

-Шивээсний төрөл зүйл гэж байдаг байх?

-Ази, Европ, Америк шивээсний төрлүүд өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, япон шивээсийг зөвхөн япон хүн хийлгэхгүй, дэлхий даяар хэн ч хийлгэж болно. Уран зурагтай адил орон орны онцлогоос хамаараад төрөл зүйл гэж байдаг. Жишээлбэл, Хавай шивээс, Маури Маяа, Америкийн шивээс гээд бүгд өөр. Харин манай улсад тийм төрөл ховор байдаг болохоор үндэснийхээ өв соёлыг агуулсан шивээсийг сурталчлах, дэлхийд таниулахын төлөө зорьж байгаа. Гадны орнуудад хүмүүс нь ямар ч юм бодохгүйгээр шивүүлчихдэг. Харин монголчуудын хувьд сүр хүч, сайн сайхныг бэлгэдсэн шивээс хийлгэдэг. Арай л өөр шүтлэгтэй гэх юм уу. Үүнийг дагаад монгол зураг дагаад хөгжиж байна.

-Монгол хэв шинжийг агуулсан шивээсийг гаргаж ирж байгаа гэсэн үг үү?

-Аливаа зураг болон шивээсэнд зохицдог зүйл нь уран бичлэг буюу каллиграфи. Гадныхан бол монгол бичгээр бичсэн шивээсийг мэддэг болчихсон. “The HU” хамтлагийнхны шивээсийг хараад их гайхдаг шүү. Монголчуудын хувьд тэнгэр заяатай гэдэг утгаараа Чингис хаан, Мөнх тэнгэр, Хангарьд гэх мэт сүрдмээр шивээс хийлгэдэг. Монголчууд төдийгүй гадны жуулчид ирэхээрээ монгол бичгээр их шивүүлдэг.

-Одоо ямар улс шивээсээр тэргүүлж байгаа вэ?

-Шивээс хийлгэдэг хүмүүсийн тоо болон чадвараараа Хятад улс нэлээд хөгжөөд сайн болчихсон. Мөн Тайвань, Тайланд гээд Азийн орнууд энэ талаар хаагдмал байсан. Одоо бол аль ч улс оронд нээлттэй.

-Таны хувьд хэзээнээс эхэлж шивээс сонирхож эхэлсэн бэ?

-Анх 1996 онд Польшид амьдарч байхдаа энэ талын мэдлэгийг судалж, ийм төрлийн урлаг байдаг юм байна хэмээн бүр түүнд дурлаад, шивээсчин болох зорилготой ирж байлаа. Тэгээд 2002 онд Дүрлэх урлагийн сургуулийн Монгол зургийн ангийг төгсөөд шууд л шивээсчин болсон. Түүнээс хойш одоог хүртэл тасралтгүй шивээс хийж байна.

-Шивээс хийх амаргүй байх. Хамгийн удаандаа хэдэн цаг шивээс хийж байв?

-Тэгэлгүй яахав. Шивээс гэдэг урлаг хамгийн их цаг зарцуулагддаг. Бүтэн биеийн шивээсийг ойролцоогоор 40 цаг сууж хийдэг. Гэхдээ өдөрт 5-6 цагаар тасалж хийнэ гэсэн үг. Ерөнхийдөө долоон өдөр болдог гэх юм уу. Шивээсний өнгө, ажиллагаанаас шалтгаалаад хугацаа нь янз бүр байдаг.

-Үнийн хувьд сонирхуулбал?

-Гадны орнуудад цагаар үнэлдэг. Дундаж ханш нь 250 доллараас дээш байдаг. Харин манайд харьцангуй хямд. Нурууны бүтэн шивээс ойролцоогоор 5-6 сая төгрөг болно. Тухайн шивээсний хэмжээнээс хамааран үнэ тохирох маягаар хийж байгаа.

-Шивээс хийх арга технологиос хуваалцахгүй юу. Бэлэн зураг харж шивэх үү. Өөрөө зохиомж маягаар сэтгэж зурах уу?

-Анх гар аргаар зүүгээ ариутган даавуугаар ороож, байгаад шивдэг байсан. Дараа нь хоёр ороомогтой машин хэрэглэдэг болсон. Одоо бол дэлхий даяар техник технологи хөгжөөд сүүлийн үеийн хамгийн сайн чанарын нэг удаагийн зүүгээр шивдэг. Тиймээс ямар нэгэн халдвар дамжих, айдасгүй болсон. Цаг хугацаа өнгөрөх тусам шивээсний соёл нь улам төгөлдөржиж байна. Анхлан суралцагчид бол ямар нэгэн зураг хараад шивдэг. Харин мэргэжлийн зураач хүн хийж байгаа тохиолдолд биен дээр нь шууд зурдаг.

-Таны гаран дээрх нохойны шивээс сонирхолтой юм?

-Би өөрөө морь жилтэй. Бас нохой жилтэй ивээл гэдэг утгаараа Хасар, Басар хоёр нохойг өөд өөдөөс нь харуулж шивсэн. Нохой гэдэг хүний хамгийн үнэнч анд гэдэг шүү дээ. Тиймээс өөрөө зургийг нь зураад Америкт очиж шивүүлж байсан юм.

-Шивээс ер нь хувь заяанд нөлөөлдөг юм болов уу?

-Хувь хүний шашин шүтлэг, сүсэг бишрэлээс шалтгаалаад нөлөөлж болно. Ер нь хоёр талтай. Өөрт нь тохирохгүй, хар энергитэй дүрс гэх мэт байдаг. Тиймээс хувь хүн өөрөө бодож, судалж байж шивүүлэх хэрэгтэй. Дүрс болгон л өөр өөрийн утгыг илэрхийлж байдаг болохоор тэр болгон тайлбарлах боломжгүй. Тухайлбал, Японы мөрөг загасны тухайд гэвэл энэ нь өөрөө урсгал сөрж явдаг болохоор амьдралд шантрахгүй гэсэн утгыг илэрхийлдэг. Урсгал сөрж яваад голын эхэнд очин хадан хясаа өөд үсэрч гараад луу болдог гэсэн домог бий. Азиуд ихэвчлэн энэ загасыг шивүүлдэг.

-Сүүлийн үеийн залуус ямар шивээсийг голчлон хийлгэж байна вэ?

-2000-аад оны үед хүмүүс айдастай, зориг муутай байсан болоод ч тэр үү жижигхэн шивээс хийлгэдэг байсан. Харин одооны залуучуудын заавал нэг төрлөөр биш, өөрсдийн сонирхлоор шивүүлдэг. Заавал нэг төрлийн зүйл шивүүлж байгаа гэсэн баригдмал зүйл байхгүй их гоё чөлөөтэй болсон.

-Залуудаа шивээс хийлгэхээр хөгшрөөд муухай болчихдог гэдэг?

-Хөгшрөхөөс айж байгаа бол шивүүлж яах юм. Залуу насандаа энэ төрлийн зүйлийг хийж үзэх хэрэгтэй.

-Шивээсчдийн тэмцээн гэж зохиогддог уу?

-Ер нь орон оронд тэмцээн байнга болдог. Би гадаадад явахдаа ганц нэг тэмцээнд оролцдог. Их сонирхолтой. Сүүлийн дөрвөн жил Өмнөд Монголын шивээсний том тэмцээнд шүүгчээр ажиллаж байгаа. Монголд энэ урлаг илүү хөгжвөл гадны жишгээр үзэсгэлэн, тэмцээнүүд зохионо.

-Ер нь шивээсний төрлөөр мэргэшсэн судлаач байдаг юм болов уу?

-Шивээс судлаач гэдэг мэргэжлийн хүн байхгүй. Шивээсчид өөрөө л сайт дээрх мэдээллийг хараад суралцдаг гэх юм уу. Англи хэлтэй байхад бүх л зүйлийг сурч чадна.

-Цаасан дээр зурах, хүний арьсан дээр зурах тэс өөр. Нарийн мэдрэмж шаарддаг байх?

-Хүний бие хөдөлдөг учраас “хөдөлдөг уран зураг” гэж ярьдаг. Нэг газар нь шууд шивнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ хүн босч явбал ямар харагдах бол, гар нь хөдлөхөөр яах бол гэдгийг мэдэж байж л зургаа зурна. Мөн хүний өвддөг өвддөггүй хэсэг гэж байдаг. Гар, мөрний хэсэг бол хамгийн бага өвдөлттэй. Харин цээж, хавирга гээд яс, шөрмөс ойрхон газар их өвддөг.

Д.ОТГОН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *