Categories
мэдээ цаг-үе

Агаарын орон зайн жинхэнэ эзэд буюу нислэгийн хөдөлгөөн удирдагчдын нэгэн өдөр

Үүлэн хөх тэнгэрийн доохнуур, хөрст алтан дэлхийн дээгүүр хязгааргүй орчлонг эзэгнэнхэн төрсөн хүмүүс бол нисгэгчид, агаарын тээврийн салбарынхан. Тэр дундаа нислэгийн хөдөлгөөний удирдагчид бол агаарын орон зайн жинхэнэ эзэд юм. Цаг нарыг хатуу чанга баримтлан ажилладаг эдгээр хүмүүсийг нислэгийн хөдөлгөөн багатай энэ үед ярилцах, сурвалжлах боломж олдсон юм. Хотын гудамж хөл хөдөлгөөн ихтэй, энд тэндгүй яарсан хүмүүс намрын шаргал нарны дор алхална. Иргэний Нисэхийн Ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөн удирдагчид ажилладаг өндөр цамхагийн зүг яваа минь энэ. Иргэний Нисэхийн Ерөнхий газрын Хэвлэлийн төлөөлөгч Б.Алтантуул угтан авлаа. Цамхаг бүхий “Нислэгийн хөдөлгөөн удирдах төв” гэх онцгой байр руу харуул, хамгаалалтын шалгалт дор нэвтрэн дотогш ороход Монголын Нислэгийн удирдагчдын холбооны үе үеийн дарга нар ширээ тойрон сууцгаасан байв. Цаанаа л сүрдэм, бахархал дүүрэн эдгээр хүмүүс хуучин цагийн ажил, нислэгийн удирдлага, холбооныхоо талаар дурсамж яриа өрнүүлэн кофе уун, тухалцгаажээ.

Эдгээр хүмүүс бүгд Нислэгийн удирдагчид, нэрлэвэл Б.Алтанцом, П.Пүрэвсүх, Х.Батсайхан, Г.Бат, Ё.Эрдэнэбат, Г.Ганхуяг, Г.Мөнгөнхуяг, Г.Батбулган гээд, Нислэгийн удирдагчдын холбооны үе үеийн тэргүүнүүд, өдгөө салбартаа ихэвчлэн удирдах албан тушаалын ажил хашиж буй, агаарын хөлгийг газраас удирддаг “шонхорууд” цуглацгаасан байлаа.

МОНГОЛ УЛСАД НИСЭХ ХҮЧИН БАЙГУУЛАГДСАНЫ 95 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

“Монгол Улсад нисэх хүчин байгуулагдсаны 95 жилийн ой энэ онд тохиож байна. Иргэний нисэх хүчин, цэргийн нисэхтэй анх нэгдмэл байгаад 1986 онд тусдаа салсан түүхтэй. Тиймээс хуучин үеийн үйл явдлуудын түүхэн баримт нь голцуу Батлан хамгаалах яамтай холбогддог. Тиймээс Батлан хамгаалах яамны архивт иргэний нисэхийн удирдагчдын талаарх нэлээд баримт хадгалагддаг” хэмээн Иргэний Нисэхийн Ерөнхий газрын дэд дарга Б.Алтанцом хуучиллаа.Тэрбээр яриагаа үргэлжлүүлэн “Би 1984 онд Хуучин ЗХУ-д их сургууль төгсөж ирээд энэ салбарт ажиллаж эхэлснээсээ хойших түүхийг сайн мэднэ. 1984 оноос өмнөх түүхийг ахмад үеийнхнийхээ ярьсан яриа, үлдээсэн тодорхой баримтын түвшинд ойлголттой байдаг. Түүхийг сөхөж харахад их сонин. Наад зах нь намайг анх төгсөж ирэхэд “Нислэгийн удирдагч” гэх мэргэжлийн нэршил нисэх хүчинд байгаагүй. Монгол Улсын Нисэх хөдөлгөөн удирдах дүрмийн дагуу “Диспетчер” гэдэг мэргэжлээр бид ажилладаг байсан. Тэр үед гэтэл “Диспетчер” гэх ажилтан юу хийдэг байсан бэ гэхээр бүртгэл хийдэг байлаа. Онгоц, нислэгийн үйл ажиллагаа удирддаггүй байсан гэсэн үг. Асар их бичиг цаастай л орооцолддог байлаа. Одоогийнх шиг тоног төхөөрөмжийн хангалт байгаагүй. Өөрөөр хэлбэл, орчин үед ашиглагдаж байгаа энэ бүх тоног төхөөрөмжийн ажил нь цаасан дээр байлаа шүү дээ. Нислэг удирддаг гол багаж нь командын байранд богино долгионы станц, пелинкатор, салхи заагч л байсан. Тэр үеийн Нислэгийн удирдагч буюу диспетчерүүд дэвтэр хөтөлдөг. Тэгэхдээ улаан, цэнхэр харандаагаар хөтөлнө. Тухайлбал, нислэг дууссан бол улаанаар, үргэлжилж байвал цэнхэр зураасаар тэмдэглэгээ хийнэ. Үүгээрээ нислэгийн үе шатыг дамжуулдаг байсан. Нислэгийн зөвшөөрөл авсан бол нэг нарийхан цэнхэр зураас татна, онгоц хөөрвөл цэнхэрийгээ талаар будна. Тухайн үеийн нислэг удирддаг арга ийм л байлаа. Тэгээд онгоцоо толгой дотроо баримжаалж удирдана. Онгоцны өндөр, чиглэл гээд бүгдийг нь цаасан дээр буулгаж хадгалдаг байсан. Нэг үеийн нислэгийн удирдагч, манай Х.Батсайхан гэхэд 20 онгоц нэгэн зэрэг удирдаж байсан. Тухайн нислэгийн удирдагчийн чадвар маш өндөр байсныг гэрчлэх хүн дээ” хэмээн хуучиллаа. Энэ үед хамт ширээ тойрч суусан нөхдийн нэг, өдгөө Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Технологи үйл ажиллагааны хэлтсийн дарга Х.Батсайхан “Тухайн үед одоогийнх шиг техник, тоног төхөөрөмж байсангүй. Илтгэл, цагийн тооцоогоор л нислэгүүдээ удирдаж байв. 20-25 онгоц нэгэн зэрэг буух тохиолдол ч бий. Зөвхөн иргэний нисэхийн бус цэргийн, геологийн олон онгоцууд тэр үед нисэж байлаа шүү дээ. Үүнийг нэг удирдагч, нэг коммандаар л удирддаг. Орчин үеийн ачаалал, нөхцөл байдалтай харьцуулбал, өндөр ачаалалтай, маш хариуцлагатай ажиллаж байжээ. Би 38 жил энэ салбарт ажилласан” хэмээн дурслаа.

Б.АЛТАНЦОМ: НИСГЭГЧИЙН АЖЛЫГ БИЕЭРЭЭ МЭДЭРДЭГ ХҮН Л НИСЛЭГИЙН УДИРДАГЧИЙН АЖЛЫГ ХИЙНЭ

Б.Алтанцом “Олон улсын байгууллагад элсэх процедур амаргүй юм байна лээ. Тухайн үед бид капитализм нийгмийн нарийн ширийн зүйлсийг гадарлахгүй олон улсын байгууллагад хэдэн бичиг өгөөд л элсчихнэ гээд амар юм бодсон л доо. Олон улсын байгууллагад элсэхийн тулд гишүүнчлэлийн тоо, ажлын орчин, ажиглагчаар оролцсон байх гэх мэт олон зүйлсийг мэдэхгүйгээр шууд гишүүнээр элсэнэ гээд л очиж байсан. Анх 1996 онд Токио хотод ажиглагчаар Нислэг үйлдэгчдийн холбооны хуралд бид оролцсон. Тэр үед холбооны анхны ерөнхийлөгч Д.Гантөмөр, Ж.Дэмбэрэл дарга бид гурав тус хуралд ажиглагчаар оролцож нэлээд мэдээлэлтэй болсон. Олон улсын холбоонд гишүүнээр элсэхэд тавигдах шаардлага энгийн мөртлөө нэлээд үе шаттай ажил байсан. Тухайн улсынхаа төрийн байгууллагаас зөвшөөрөл, гэрчилгээтэй байх, ажиглагчаар оролцсон байх, тэдэн гишүүнчлэлтэй байх гэх мэт шаардлага байсан. Эдгээр шаардлагыг биелүүлээд 1998 онд гишүүнээр элссэн. Харин Монгол Улсын Хууль зүйн яаманд бүртгүүлсэн нь 1996 онд юм” гэлээ.

Нислэгийн удирдагч гэх мэргэжлийг тэр бүр энгийн хүн бүрийн хийж чадах мэргэжил биш, маш мэдрэмжтэй, мэдлэгтэй хүн хийдэг онцгой мэргэжил. Тэр ч утгаараа нислэгийн удирдагч хүн ямар байх ёстой вэ гэж хүмүүс Б.Алтанцом даргаас их асуудаг гэнэ. “Энэ мэргэжлийг ганц өнцгөөр тайлбарлах боломжгүй юм билээ. Нэгдүгээрт, зориг зүрх хэрэгтэй. Хоёрдугаарт, математик загварчлал өндөр байх хэрэгтэй. Гуравдугаарт, хурдан шаламгай шийдвэр гаргадаг байх. Дөрөвдүгээрт, мэргэжилдээ хайртай, үнэнч байх ёстой. Англи хэлний мэдлэгээс гадна эрүүл биетэй, сэтгэл зүй сайтай ийм хүнийг л шалгаж авч Нислэгийн удирдагч гэх нисэхийн салбарын нарийн мэргэжлийг эзэмшиж байгаа. Олон хүний амь нас хариуцдаг өндөр хариуцлагатай ажил шүү дээ. Нисгэгчийн ажлыг өөрөөрөө буюу биеэрээ мэдэрдэг ийм хүн л энэ ажлыг хийнэ” гээд тэрээр инээмсэглэлээ.


НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ УРДАА БОГД ХАН УУЛТАЙ УЧРААС ЗӨВХӨН НЭГ ЧИГЛЭЛЭЭРЭЭ БУУЖ ХӨӨРДӨГ ОНЦЛОГТОЙ

Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцахдаа хамгийн дээд давхар буюу Цамхагт нь нэвтэрлээ. Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын аэродромын Нислэгийн удирдагч Д.Нямгэрэл энэ цамхагт ажлаа гарын арван хуруу шигээ мэдэж ажилладаг нэгэн. Тэрбээр замчлан цамхгийн хэсгийн нарийн ширийн зүйлсийг ярьж өглөө. Цамхгаас Нислэгийн удирдагч нь Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд бууж хөөрч байгаа агаарын хөлгүүдэд бүх зөвшөөрлийг өгч ажилладаг, нислэгийн хөдөлгөөн удирдах үндсэн нэг цэг юм. Тэрбээр “Манай нисэх онгоцны буудал урдаа Богд Хан уултай учраас зөвхөн нэг чиглэлээрээ бууж хөөрдөг онцлогтой. Баруун хойноосоо бууж, зүүн урдаасаа хойшоо хөөрдөг шүү дээ. Агаарын зайг гурав ангилдаг. Нисэх буудалд бууж хөөрч байгаа хэсгийг аэродромийн хэсэг гэнэ. Зурвасаас хөөрөөд дээш 2200-6150 хүртэл ойртолтын бүс гэнэ. Харин 6150-14600 метрээс дээших бүсийн нислэгийн хэсэг болно. Өөрөөр хэлбэл, хариуцлагын бүсээр нь аэродром, ойртолт, бүсийн гэж ангилна. Аэродромийн онцлог нь цамхгаас бууж хөөрч байгаа онгоцыг шууд нүдээрээ хардаг. Мөн нислэгийн хамгийн хэцүү удирдлагын хэсэг бол буух мөн хөөрөх буюу аэродромийн бүс юм. Энэ үе нь нисэх багт ажиллагаа их байдаг учраас нислэгийн удирдагч үүнд нь анхаарлаа сайн хандуулж, нисэх багийн аюулгүй ажиллагааг хангадаг газар” хэмээн ажлынхаа тухай тайлбарласнаа “Агаарын хөлөг саатлаа гэж ярьдаг шүү дээ. Агаарын хөлөг бүрт үйлдвэрлэлээсээ шалтгаалан агаарын салхины лимит буюу хязгаар гэж бий. Монгол Улсын цаг уур эрс, тэс салхи ихтэй. Тэр дундаа өглөөгүүр зүүн урдаасаа хойшоо салхилдаг. Харин үдээс хойш баруун хойноосоо урагшаа салхилдаг. Үүнээс гадна Улаанбаатар хотод утаатай байдаг учраас хэдий хөөрч, буух зурвас зам гэрэлтүүлэгтэй ч агаарын хөлөг зурвасаа харахгүй байх үе бий” гэсэн юм. Хашаан дотор агаарын хөлөгт саатал үүсвэл тусламж үйлчилгээг хүргэх галын машинаас эхлээд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээтэй холбоотой бүх л асуудлыг шийдэх техник хэрэгсэл байнга бэлэн байдаг” гэв. Цамхгаас бууж Нислэгийн хөдөлгөөн удирдах төвийн хоёрдугаар давхарт өнжлөө. Нислэгийн хөдөлгөөн удирдах ажил буюу агаарын хөлөгт агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх ажил 24 цагийн турш тасралтгүй үргэлжилж байдаг юм билээ. Тиймээс Нислэгийн удирдагчид гурван ээлжинд хуваагдан ажилладаг. Хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, ажлын арга барил бүгд олон улсын стандарт ёс журмыг дагадаг юм байна. Нислэгийн удирдагчийн хийдэг гол ажил нь агаарын хөлгийн нисгэгчтэй холбогдон нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг газраас үзүүлэх, ингэхдээ нислэгийн аюулгүй байдлыг эрхэмлэх, агаарын хөлөг хоорон дахь аюулгүйн зайчлалыг баримтлах гээд секунд, минут анхаарал сарнихгүйгээр анхаарал төвлөрч, өндөр хариуцлагатай ажиллах юм. Мөн мэргэжлийн англи хэл шаарддаг. Нисгэгч болон нислэгийн удирдагч хооронд ямарваа нэгэн мэдээлэл үнэн зөв, ойлгогдохуйц байх ёстой. Тоог хүртэл хэлэхдээ арай өөрөөр хэлэх жишээний, нисэхийн англи хэл гэж тусдаа мэргэжлийн хэллэгтэй, түүний мэдлэгийн түвшинг өндөр шаарддаг юм байна.


“НИСЛЭГИЙН УДИРДАГЧИД ТАРХИНДАА 3D ЗУРАГЛАЛ БИЙ БОЛГОН ТӨСӨӨЛЖ АЖИЛЛАДАГ”

Нислэгийн хөдөлгөөн удирдах төвийн хоёрдугаар давхарт хэсэг ойртолтын болон бүсийн нислэгийн нислэгийн хөдөлгөөн удирдах Нислэгийн удирдагчид байрлаж ажилладаг. Ажлын өрөөнд ороход маш нам гүм, хэн ч тэнд чанга ярьж, бусдад саад учруулж болохгүй. Чихэвч зүүсэн нислэгийн удирдагчид ажиглалтын дэлгэц ширтэн агаарын хөлгийн нисгэгчтэй англи, эсвэл монголоор ярьж суух юм.

Ойртолтын бүсийн Нислэгийн удирдагчид нь нисэн ирж байгаа болон нисэн гарч байгаа агаарын хөлгүүдийг ажиглалтыг удирдлагын дэлгэцэн дээр харах бүрэн боломжтой юм. Нэг үгээр хэлбэл 2100 метрээс дээш 6150м хүртэл ажиглалтын удирдлагын үйлчилгээ үзүүлж удирддаг хэсэг юм байна. Энэ давхарт ер нь ээлжийн ахлагч, ойртолтын болон бүсийн нислэгийн удирдагчид ажиллаж байсан. Тэд олон улсынхаа стандартынхаа дагуу дээд тал нь хоёр цагийн хугацаанд ажиллаад 30 минут завсарлаж, амарна. Хүний нөөцөөсөө хамаараад 8-12 цаг ажиллаад ээлжээ солино.

Ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэсгийн гол онцлог нь онгоц өндөр алдаж, авах процесс явагдаж байдагт бий. Өөрөөр хэлбэл, маш богино хугацаанд асар хурдан маневарладаг. Энэ үед Нислэгийн удирдагч нарын анхаарлын түвшин маш өндөр байх ёстой. Мөн шийдвэрийг хурдан зөв гаргах шаардлага тулгарч байдаг. Энэ бол эрсдэл бүхий хэсэг юм. Доороос онгоц хөөрч байна, дээрээс маш хурдтай онгоц өндөр алдаж байна. Тэгэхээр энэ агаарын хөлгүүдийг хооронд нь аюулгүйгээр зайчлах хугацаа маш богинохон. Энэ хэсэгт нислэгийн удирдлагын үйлчилгээ нь дээд тал нь арван минут үргэлжилдэг байна.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэсэг гэдэг нь“Монгол Улсын агаарын орон зайн хамгийн өндөр дээд хязгаар хүртэл нисч буй агаарын хөлөгт удирдлагын үйлчилгээ үзүүлж байгаа чухал үүрэг бүхий хэсэг. Тодруулбал, 6150м-ээс дээш өндөрт нисч байгаа агаарын хөлгийг удирдаж буй Нислэгийн удирдагчид. Ихэвчлэн манай улсын агаарын замаар дамжин өнгөрч буй олон улсын агаарын хөлгүүдэд нислэгийн удирдлагын үйлчилгээ үзүүлдэг хэсэг юм билээ. Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэсэг маань зургаан секторт хуваагддаг юм байна. Нэг секторт нь л продецур удирдлага буюу дэлгэц харахгүйгээр агаарын хөдөлгөөний хоорондох зай хол зайчлалыг хангуулаад удирдлагын үйлчилгээ үзүүлж байгаа. Харахгүй, автомат системгүй удирдахдаа агаарын хөлгийн дуудлага, маяг, хурд, агаарын зам, хаанаас явж байгаа, регистрийн дугаар гээд бүх мэдэээллийг Нислэгийн удирдагч өөрөө тархиндаа тооцоолон удирддаг. Өөрөөр хэлбэл, Нислэгийн удирдагч тархиндаа хичнээн агаарын хөлөг, агаарын аль замуудаар явж байна, давхацлыг бодож 3D зураглалыг толгойдоо бий болгож төсөөлж ажиллана гэсэн үг. Харин ажиглалтын сектортой хэсгүүдэд агаарын хөлөг хоорондын зайчлалыг 30км-т бариулж удирддаг байна. Одоогоор Ковид цар тахалтай холбоотойгоор олон улсын дамжин өнгөрдөг нислэг 60 хувь хүртлээ буурчээ.

ГАДНЫ НИСЭХИЙН ТУРШЛАГЫГ
МОНГОЛД НЭВТРҮҮЛНЭ ГЭДЭГ НЭЛЭЭД ЯРВИГТАЙ АЖИЛ

Монгол Улсын агаарын зай онцлогтой. Өөр улс орнуудтай харьцуулаад туршлага судлаад тэдний тэргүүн туршлагуудыг нэвтрүүлье гэхэд их ярвигтай гэнэ. “Манайд 90-ээд хувь нь дамжин өнгөрөх нислэг байдаг. Дотоодын болон олон улсын хөөрөлт, бууралтын нислэг маш бага хувийг эзэлдэг. Орон нутгийн нислэг үйлдэгдэж байгаа хэдий ч 5 хувь нь байгаа. Үүнээс гадна хамгийн онцлог зүйл бол шөнийн хоёр цагаас нислэгийн эрчимжилт ихэсдэг. Энэ нь зургаан цаг хүртэл үргэжилдэг. Нислэгийн удирдагчдын хувьд маш их ачаалалтай үе. Нислэгийн удирдагч ч гэлтгүй ер нь энэ цаг үед хүний бие физиологи унтаа байдалд ордог, амар ч байх ёстой үе” хэмээсэн юм.

Ухаанаар бодоход энэ ачаалал нь зүүн өмнөд Азиас хөөрч байгаа болон Европоос хөөрч байгаа агаарын хөлгүүдийн урсгал хоёр талаас зэрэг орж ирдэг гэнэ. Ингээд урсгалын давхцал Монгол Улс дээр таардаг. Манайхтай төстэй нислэгийн хөдөлгөөний урсгалтай газар байдаггүй талаар ч тэд дурдсан юм. “Аль аль талдаа өглөө очих гээд байгаа хэрэг. Тэгэхээр өдрөөсөө илүү шөнийн цагт илүү ачаалалтай байдаг. Өндрийн давхацлууд их үүснэ. Үүнд нислэгийн удирдагч маш их ур чадвар гаргаж, анхаарлаа төвлөрүүлж ажиллах хэрэгтэй байдаг. Гэхдээ үүндээ тааруулаад хүний нөөцөө бүрдүүлж оновчтой зөв хуваарилалтаа хийгээд ажиллаж байна. Эргээд эрүүл мэнд болон стресс цаашлаад насжилтад нөлөөтэй байдаг” гэсэн юм.

Агаарын хөлөг маягаас хамаараад тодорхой хэмжээгээр төлбөр авдаг юм. Энэ нь улсын төсвийг бүрдүүлдэг. Тийм ч учраас өнгөрөлтийн нислэг их байх нь Монгол Улсад ашигтай. Одоогоор цар тахлын улмаас агаарын хөдөлгөөн багассан. Гэхдээ удахгүй эдийн засаг сэргэж хуучин хэвэндээ орох үед агаарын тээвэр ч гэсэн сэргэх байх гэж итгэж байна. Монгол Улсын агаарын орон зай өөрөө их том. Нэг секторын хэмжээ гэхэд л Европын хичнээн ч улсын хэмжээтэй байгаа юм.

Олон мянган хүний амь нас, аюулгүй байдлыг хариуцаж ажиллаж байгаа нислэгийн удирлагын багийнханд богинохон хугацаанд дуг хийж стресс ядаргаагаа тайлах боломж нөхцөлийг бүрдүүлжээ.Түр амралтын болон, интернэтээр аялж хэлний мэдлэг ур чадвараа сайжруулах, цай, коффе уунгаа дуртай кионогоо үзэж амрах өрөөнүүдтэй. Энэ ажлын хамгийн чухал зүйл бол цаг баримтлах. цагийг минут секунд бүрээр хэмждэг нь байгууллагын соёл гэнэ.Коридорт гадаад болон дотоодоос авч байсан олон шагнал, цом өргөмжлөл харагдана. Энэ нь нислэгийн удирдагч нар нь ямар их спортлог хүмүүс вэ гэдгийг илтгэх аж. Нислэгийн удирдагч өндөр чадвартай байхаас гадна эрүүл чийрэг мөн сэтгэл зүйн хувьд маш өндөр түвшинд бэлтгэгдсэн байх ёстой гэдгийг тэд дурдсаар байсан юм.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *