Сэтгэл зүйн сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэлзүйч Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.
-Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеэр ажиглагдсан зүйл нь нэр дэвшигчид айлуудаар явж мөрийн хөтөлбөрөө танилцуулж, тараах үед ихэнх айлууд хаалгаа тайлж өгөхгүй, дургүйцлээ илэрхийлсэн байна.Сэтгэл зүйн үүднээс энэ байдлыг юу гэж тайлбарлах вэ?
-Иргэдийн сонгогчийн боловсролтой ихээхэн хамааралтай. Нөгөө талаас улс төрийн намууд, нэр дэвшигчид өрсөлдөгчөө муулсан, гүтгэсэн хар пиар шинжтэй мэдээ мэдээллүүд, элдэв бичлэг нэвтрүүлэг ихээр цацаж байгаа нь нөлөөлж байна. Хар пиар мэдээ, мэдээлэл нь иргэд, сонгогчдыг хэнд итгэхээ мэдэхгүй, аль мэдээлэл нь үнэн, аль нь худлаа эсэхийг ялгаж салгах аргагүй болгож байна.Нэг өглөө сэрэхэд л сайн гэж итгэж найдаж дэмжиж байсан хүнийх нь тухай нууц бичлэг, янз бүрийн эвлүүлэг, гүтгэлгийн чанартай сөрөг мэдээллүүд цацагдсан байдаг. Өнгөрсөн 2012 оны сонгуулиас хойш хар пиарыг улс төрийн намууд, нэр дэвшигчид бие бие рүүгээ хүчтэй шидэлцэж байгаа. Энэ байдал даамжирсаар эргээд иргэд сонгогчид сонгуульдаа идэвхгүй оролцох, ямар ч нам, улс төрийн хүчин гарсан бүгд л адилхан, дээгүүрээ идэж уугаад дуусдаг, иргэд бидэнд нэмэр тус болохгүй гэх мэт ийм хандлага сэтгэлгээ иргэдэд давамгайлж байна. Улстөрчид хамгийн бүтэхгүй муу хүмүүс байдаг гэдэг ийм бодолтой болсон хүмүүс эргээд сонголт хийхдээ маш дургүй болдог гэсэн үг. Хэн нэг нэр дэвшигч хаалга тогшоод мөрийн хөтөлбөрөө өгөх гэхээр уурладаг, өөдөөс нь шидэж хүртэл бухимдлаа илэрхийлж байна. Улстөрчид гэж хамгийн муу хүмүүс байдаг, энэ хүмүүсээс болж улс орон хөгжихгүй байна гэдэг мэдээ мэдээллээр өдөр бүр цэнэглэгдсэн учраас иргэд сонгуульдаа идэвхгүй, сонгууль өгөх дургүй, хэн ч гарсан хамаагүй гэдэг байдлаар хандаж байна. Тийм учраас нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг судалдаггүй, уншиж мэдэхийг хүсэхгүй, хаалгаа тайлж өгөхгүй уурлаж байна. Манайхаас бусад улс орны иргэд сонгуульдаа оролцохдоо амар тайван байж, сонгох эрхээ эдэлж байгаадаа баяртай байдаг. Ирэх дөрвөн жилийн улс орны хөгжил, өөрсдийн төлөө хийж байгаа хамгийн чухал шийдвэр гэдгийг мэддэг учраас ач холбогдол өгч оролцдог.
Харин монголчууд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэхдээ их дургүй байгаа нь баттай эх сурвалжаас мэдээлэл авч чадахгүй байгаатай ихээхэн холбоотой.
-Иргэд сонгуульдаа оролцох дургүй байгаад нийгмийн өөр ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?
-Сонгогчийн боловсрол дээшлэхэд иргэдийн амьжиргааны түвшин, орлого чухал. Иргэд хэдий хэмжээний сайн орлоготой, амьдралын түвшин сайн байна, авч байгаа цалин нь амьдралд хангалттай хүрч байна, тэр хэмжээгээр чанартай боловсрол эзэмшиж, илүү сайхан амьдрах, өдрийнхөө хоолыг яаж олох вэ гэдэгт биш нийгмээрээ яаж эрүүл байх уу, яаж илүү сайхан нийгмийг бүтээх үү гэдэгт нь санаа тавьж чадна. Яг үнэндээ ядуурал их, стресс ихтэй нийгэмд өөрөөсөө бусдыг бодох, улс орон хөгжих эсэх нь иргэдэд хамаагүй байна. Хоногийн хоолтой байна уу, гал алдахгүй байх уу, өмнөх ажлаа яаж зохицуулах уу гэдгээс өөрийг бодох сөхөөгүй иргэд олон байгаа нь үнэн.
-Сонгуулиа өгч байгаа иргэдийн багагүй хувь нь сонгууль болох өдрөө хэнд өгөх эсэхээ шийддэг тухай судалгаа байсан?
-Олон судалгаа байдаг. Иргэдийн дийлэнх нь саналаа хэнд өгөх эсэхээ сонгуулийн сүүлийн өдрүүдэд шийддэг гэсэн судалгаа бий. Нийт сонгогчдын арав гаруй хувь нь сонгуулийн өдөр хэнд өгөхөө шийддэг гэсэн баримт ч байна. Нэгэнт нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаагүй, хэн хэн гэдэг ямар боловсролтой хүмүүс манай тойргоос нэр дэвшиж байна вэ гэдгийг судалж мэдээгүй хүмүүсий хувьд хэнийг ч сонгосон ялгаагүй гэдэг байдлаар хандаж, сонгуульдаа ач холбогдол өгөхгүй, сонголтоо нэг өдрийн өмнө хийх, сонгууль өгөх өдрөө хэдхэн цагийн өмнө хэнд саналаа өгөх эсэхээ шийдэх, бусдаас хэнд саналаа өгвөл зүгээр вэ гэж асуудаг, эсвэл аль аятайхан харагдсан хүнээ дугуйлах зэрэг үйлдлүүд гаргах нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцохдоо дуртай хүн ховор байна. Энэ хоёр нам өрсөлдөөд л байна, хэн нь гарах юм бол доо л гэж бодоод байгаа болохоос цаана нь бидний амьдалд чухал том шийдвэр гарах гэж байгааг бодохгүй байгаа нь сонгогчдын боловсрол ямар түвшинд байгааг харуулж байна. Төрийн байгууллага, хороо дүүргийн ажилтнуудын ихэнх нь улстөржсөн. Улс төрийн нам эвсэлд ажиллаж, бусдад ухуулга сурталчилгаа хийдэг. Ялангуяа хороо, нийгмийн ажилтнууд айлуудаар явж өөрсдийн нэр дэвшигчдийг ухуулж сурталчилж, сөрөг пиар хийдэг. Өрхийн эмнэлэг, хорооны ажилтнуудтай иргэд байнга харилцаа холбоотой ажилладаг. Энэ хүмүүс улстөржиж, ухуулга сурталчилгаа хийх, хов живийн шинжтэй төлбөртэй захиалгатай мэдээллийг замбараагүй ярих нь иргэдэд нөлөөлж байна. Тэгэхээр мэдээлэл авахдаа цензуртай байх хэрэгтэй. Ямар эх сурвалжаас үнэн зөв мэдээлэл авах боломжтой вэ гэдгээ сонгож чаддаг, аль эх сурвалж найдвартай вэ гэдгээ мэддэг боловсрол маш чухал байна. Ялангуяа дэлгүүрийн худалдагч, хорооны ажилтнууд, өрхийн эмч нартай иргэд байнга уулзаж таарч байдаг. Энэ хүмүүсийн нөлөө маш их. Тиймээс намууд сонгуулийн ажилдаа энэ хүмүүсийг дайчилдаг болсон. Нөлөөлөх чадвартай ийм хүмүүсийг сонгуулийн ажилд дайчилж ойр ойрхон сануулж, аман сурталчилгаа хийлгэдэг. Үүнд нь итгэж сонголтоо хийдэг олон хүмүүс байгаа нь сонгогчийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.