Categories
мэдээ цаг-үе

Жордан анх навчин тамхи сорж ялалтаа тэмдэглэх эхлэлийг тавьсан гэж бодсон уу. Худлаа

Мэргэжлийн сагсан бөмбөгийн НБА-гийн ээлжит улирал “Лос Анжелес Лейкерс” багийн ялалтаар өндөрлөж, ковидтой, улс төрийн тэмцэлтэй, цөөхөн хоногийн ажил хаялттай бас хамгийн их сунжирсан үйлийн үртэй 2019/2020 улирал ингэж нэг юм төгсгөлийн цэгээ хатгалаа. Леброн Жеймс- Жимми Батлерын өрсөлдөөн Орландагийн хаалттай бүсэд хэрхэн өрнөхийг шимтэн үзсэн сагсан бөмбөг сонирхогчдыг нэг хэсэгтээ ярих юмтай, маргах сэдэвтэй өнгөрүүлж чадсан гэдэгт итгэж байна.

Гэхдээ энд тэр спорт талынх нь өрсөлдөөний тухай хүүрнэх гэсэн юм биш ээ, цомоо тэвэрсэн “Лейкерс”-ийн тоглогчдын баяр хөөр, цэнгүүнтэй зэрэгцээд хүн бүр навчин тамхи баагиулах агшинг тодотгох гэсэн юм. Энэ ялалтаа тэмдэглэхдээ сигар зууж, оргилуун дарсан шүүршүүрт умбах заншил хаанаас үүссэн юм бол оо. Хүмүүс үүнийг Майкл Жордан анх сэдсэн, өнгөрсөн зууны наяад оны дундаас үүссэн гэж боддог юм билээ. Гэтэл эх үүсвэр нь бүр эртнийх, тэгээд ч Жордан биш өөр нэг эрхэм анх навчин тамхи баагиулж хүч чадалаа илэрхийлсэн түүхтэй гэдгийг гадны нэг сайтад нийтэлснийг харлаа.

НБА-гийн түүхэн дэх шилдэг дасгалжуулагчдын жагсаалтын эхэнд бичигддэг Ред Ауэрбах хэмээх агуу хүн бий. 1957-1966 оны хооронд “Бостон Селтикс” багийг дасгалжуулагчийн суудал дээрээс есөн удаа НБА-гийн аварга болгож байсан Ред Ауэрбах гурван зүйлд нугасгүй дуртай нэгэн байжээ. Кола, хятад хоол тэгээд навчин тамхи. Бас тэрбээр дасгалжуулагч нар хэлбэрдэж, онгирохыг үзэн яддаг байв. “Зарим нэг дасгалжуулагч, тэмцээн дуусахад хоёр, гуравхан минут үлдчихсэн, баг нь 25 онооны зөрүүтэй хожиж явахад сүржигнээд л, талбайн захаар ууртай алхалж, тамирчдаа загнаад үсэрч цовхчоод байхаар уур хүрдэг юм.

Түүнийг телевизороор харуулж байгаа, сурвалжлагч, сэтгүүлч нар анзаарч байгаа гэдгийг мэдчихээд тэгж дөвчигнөж байгаа байхгүй юу. Угтаа “би энд гол хүн нь, би босс” гэдгээ харуулах гэж тэгж байгаа юм уу. Минийхээр бол ийм үед тоглолт дуусчихлаа гээд дараачийн тоглолтынхоо талаар бодоод сууж байх ёстой юм шиг. Юугаа хийж үсчэн хашгирч уурлах юм бэ. 25 онооны зөрүүг 30 болго гэж хашгирах юм уу. Тийм учраас би, баг маань ялах нь ойлгомжтой болсон үед сандалдаа шигдээд тамхиа асаан үзэгч аятай тухлан суух дуртай” гэж Ред хэлж байжээ.

“НБА-гийн босс Морис Подолофф тэгэхэд надад сэлгээний сандал дээр сигар татаж болохгүй гэж хэлсэн. Уг нь тэр үед залуучууд бүгдээрээ сэлгээнд сууж байхдаа янжуур татаад амардаг л байсан шүү дээ. Тэгээд би Морист “Уучлаарай босс. Би ямар чиний хувийн онгоцонд сууж яваа юм уу. Яахаараа янжуур татахад зөвшөөрдөг, навчин тамхи болохоор хориглодог билээ. Тэгж таарахгүй ээ” гэж хариулснаас хойш юм дугараагүй. Зарим дасгалжуулагч нар гомдол нэхээд, дургүйцээд байдаг боллоо. Би тэднийг доромжилж байна, чадал чансаагаа харуулж байна гээд. Тэгэхээр нь би “үгүй ээ, ямар ч дээдсийн зан гаргаагүй, би навчин тамхины реклам хийж мөнгө авч байгаа юм аа” гэсэн чинь бага зэрэг тайвширч билээ”

Үнэндээ бол Ред Ауэрбахыг мэдэх нэгэн түүнийг ялахын тулд ямар ч хорон арга гаргаж чадах хүн гэдгийг шууд хэлнэ. Тэр сигар асааж суусан бол өрсөлдөгчдөө “танайх дуусаа, би ялчихлаа” гэдэг мэдээлэл өгч байгаа ба түүний хорон санаа, дарамтын нэгээхэн хэсэг ч байх магадлалтай байсан юм гэдэг. Ауэрбах зүгээр нэг дасгалжуулагч байсангүй. Тэр орчин цагийн сагсан бөмбөгийн тоглолтын тактикийн үндэс суурийг тавьсан шинэчлэгч байлаа. Төвийн тоглогч тойрсон хамгаалалт, тоглолтын хэмнэл, холбогчийн хөдөлгөөн гээд бүхий л шинэчлэл нь түүнд 11 удаагийн НБА-гийн аваргын бөгж хайрлаж бүх цаг үеийн шилдэг арван дасгалжуулагчийн эхэнд бичигдэх боломж өгсөн юм. Гэхдээ тэр ялахын тулд ямар ч хорон аргыг жижиг гэлгүй ашигладаг зальтан байв. Бостон хотод зочилж ирсэн өрсөлдөгч багийнхныгаа зочид буудалдаа шөнө дунд унтаж байхад нь галт түймрийн дохио асааж сэрээнэ, хувцас солих өрөөнийх нь халуун усыг хаачихна, их завсарлагааны үед амралтын өрөөнийх нь дулааныг хэт нэмээд заримдаа таг хааж хүйтэн өрөөнд чичрүүлнэ гээд л. Талбай дээр гарсан бол бас зүгээр байхгүй. Өрсөлдөгч багийнхаа залуу тамирчдыг “чи бол лидерийнхээ сүүдэр нь, бөмбөг зөөгч нь” гэж доромжилно, бөмбөгийг шүүгчид өгөлгүй өөр тийш нь хаяж өөрийнхөө багт хамгаалалт руу шилжих хэсэг хором олж авна гэх мэт. Тэгээд тухалж байгаад сигараа асаана даа. Зарим багийн балиашигуудын уурыг түүний тамхи хичнээн их хүргэдэг байсан гээч. Нэгэнтэй нь бүр зодолдож түр саатуулах руу ачигдаж байсан юм билээ. За тэгээд Лиг тэр чигтээ Ауэрбах тамхи асаана гэдэг ялалтын бэлгэ тэмдэг, тамхины утаа өрсөлдөгчийнх нь нүүр лүү үлээгдэнэ гэдэг “та нар замхран алга болж буй утаа” гэсэн үг гэдгийг ойлгодог болжээ. Тэгээд сигар ба “Селтикс” гэдэг ойлголт салшгүй болж олон жилийг өнгөрөөсөн. Хамгийн гайхалтай нь Ред нэгэнт л сигараа асаасан бол баг нь хэзээ ч хожигдож байгаагүй юм билээ.

“Ред халааснаасаа навчин тамхи гаргаад асааж байх юм” гэж “Селтикс”-ийн домогт тоглогч Фрэнк Рэмси яриад “Би түүнд Ред байж бай, бид хожих болоогүй байна шүү дээ. Ялагдчихвал яах юм бэ гэтэл “бид ялна аа айлтгүй” гэж билээ. Сэтгэлд гэрэл нэвтрээд тэнцүү явсан тэр тоглолтыг арчаад өнгөрөөсөн” гэж өгүүлсэн байдаг. Түүний тамхи ба ялалтын агшин 1966 оны плей оффын финалийн цувралын долоо дахь тоглолттой холбогдон үлдсэн бас нэг түүх бий. Бараг л анх удаа тамхи, ялалт хоёр бие биенээсээ холдох шахсан мөч шүү дээ. “Бостон” гуравдугаар үед 19 онооны зөрүүтэй “Лейкерс”-ийг тэргүүлж дөрөвдүгээр үе дуусахад 16 секунд дутуу байхад зургаан онооны хожилтой ялж явлаа. Ред тамхиа асаасан боловч “Лейкерс”-ийнхэн зүтгэсээр оноог 95:93 болгон довтолгооны дөрвөн секундтэй үлдэж байсан юм билээ. Гэвчиг бостончууд шүд зуун ялалт байгуулан балиашигуудтай хамт талбай дээрээ бүгчин, тэр дунд хүмүүст өргүүлэн тамхиа зуусан Ауэрбахын дээш шидэгдэх зураглал дэлхийгээр нэг тархаж байжээ.

Түүнээс хойш Ауэрбух дасгалжуулагчийн албанаасаа буун менежерийн суудалд тухлан түүний алдарт сигар нийтийн хараанаас холдсон ч гэлээ бүрмөсөн алга болоогүй. 1981 оны финалийн тоглолтын дараа цом тэвэрсэн залуухан Ларри Берд, Ред рүү дөхөн очоод нөгөө домогт тамхинаасаа хуваалцахыг хүсч тэр үед нь ойролцоо зогсож байсан Кевин Макхэйл “бүгдтэй нь хуваалцаач” гэснээр анх удаа хувцас солих өрөөнд, шампаансканд норж нүцгэрсэн залуус амандаа сигар зуун утаа гаргах зураг дэлхийд цацагджээ. Дараа нь Майкл Жордангийн эрин эхэлж угаасаа тоглолт бүрийн эхэнд сигар татдаг Майкл плей оффын финалийн тоглолтын эцэс бүрт утаа суунаглуулах урлагийг бүр л өндөр түвшинд тараагаа биз дээ. Ченнинг Фрай аваргалсныхаа дараа “Хүүхэд байхдаа Жорданы амандаа навчин тамхи зуучихаад цомоо тэврэн суухыг харах бүрдээ ингэж үзэх юмсан гэж мөрөөддөг байлаа. Бид бүгд л шүтээнүүдээ харж тийм оргилд хүрэхийн төлөө өсдөг” гэж ярьсан байдаг. Жордан НБА-д халзан толгой, урт шоорт, бугуйны боолт, хар оймс гээд зөндөө брэндийг нэвтрүүлсний нэг нь яалт ч үгүй өөрийн биш ч гэлээ өрөөлөөс авсан ялалтын сигар байлаа. Дараа нь “Нью-Джерси Девилз”-ийн хоккейчид, америк хөлбөмбөгийн “Стилерс”-ийнхэн гээд бүгд л цом тэврээд сигар асаадаг болсон. Сагсан бөмбөгчдийн талаар бол ярих ч юм байхгүй. Хожмоо түүнийг дуурайсан “Лейкерс”, “Даллас”, “Кливленд”, “Сан-Антонио”, “Голден Стэйт”-ын залуучууд зөвхөн нэг удаа, ганцхан хувцас солих өрөөнд энэ буруу зуршлыг давтахыг зөндөө харсан. Яах ч билээ дээ, бүтэн жил хөлсөө дуслуулан, хүчээ шавхсан залуус ганцхан удаа маазрахад болохгүй юм гэж юу байхав. “Голден Стэйт” гэснээс Стеф Карри ба навчин тамхитай холбоотой нэг сонин түүх байдаг юм билээ. Стеф 2016 оны финальд “Кливленд”-ыг 3:1-ээр хожин аваргалахад алхам дутуу байхдаа үнэтэй сигар худалдан авч шүүгээндээ хадгалж л дээ. Тэгээд юу болсныг балиашгууд сайн санаж байгаа байх. “Кливленд”-ийнхэн боломжгүйг босгон гурав дараалан ялж Карригийн навчин тамхийг асаалгахгүй үлдээсэн шүү дээ. Уг тамхиа найздаа хадгалуулан дахин НБА-д түрүүлэхээр өгөөрэй гэсэн юм билээ. Дараа жил нь аваргалж уг сигараа асаахдаа “хамгийн удаан хадгалж, асаагдсан ялалтын сигар” гэж хэлж билээ.

БЭЛТГЭСЭН Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *