Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн 25-1-2 хэсгийн санал авах байранд саналаа өглөө.
.Саналаа өгснийхөө дараа Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогчдод хандан үг хэллээ. Тэрбээр, “Үндсэн хуульд заасан эрх үүргийнхээ дагуу саналаа өглөө. Орон нутгийн сонгууль бол маш чухал. 15 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 31.5 хувьтай байна. Бага байна. Залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Иргэнийхээ эрх үүргийг биелүүлэх хэрэгтэй. Сонгуульд оролцоогүй байж, дараа нь хариуцлага нэхэх нь уялдаагүй байна. Жишээлбэл, сүүлд нийслэлээс хүүхдийн автобусыг өндөр үнээр худалдаж авсан талаар маргаан гарч байна. Хэрэв олон намын тогтолцоотой, тендерт хяналттай хандсан бол энэ мэт маргаан гарч, иргэдийг талцуулахгүй байх жишээтэй. Өөрчлөлтийг сонгуулиар хийдэг нь ардчиллын зарчим. Тиймээс орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.
Зургадугаар сард болсон 2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтад Ерөнхийлөгч 17:00 цагт саналаа өгсөн бөгөөд сонгогчдын ирцийн мэдээллийг авч байгаад идэвхжүүлэлт хийж байгаагаа хэлсэн. Энэ удаад мөн УИХ-ын дарга, Ерөнхий сайдын дараа саналаа өгч байгаа юм.
Орон нутгийн сонгуулийн санал хураалт 20:00 цагт дуусна.