Categories
мэдээ цаг-үе

М.Цогтбаатар: Халамжаа зогсоохгүй бол ажил хийх хүн олдохгүй байна гэж гомдол ирдэг

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга М.Цогтбаатартай ярилцлаа.


-Халамж хавтгайрч байгаа тухай асуудал Засгийн газрын хэмжээнд хүрч яригдаж байна. Жишээ нь, саяхан Авлигатай тэмцэх газраас ноцтой зөрчил илрүүлсэн тухайгаа зарлалаа. Баян-Өлгий аймагт хийсэн шалгалтаар группт байдаг 400 гаруй иргэнийг шалгахад тал нь цоо эрүүл байна гэсэн. Яамнаас халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох үйл явцад ямар хяналт тавьж ажилладаг вэ?

-Баян-Өлгий аймагт болсон тэр зөрчил нь эмзэг бүлгийн магадлах комиссоор групп тогтоолгож, нийгмийн даатгалаас тэтгэмж завшсан асуудал гарсан. Тэнд эмч нар хуйвалдсан, эрүүл хүнийг өвчтэй болгож бичиг баримт хуурамчаар үйлдсэн ноцтой зөрчил илэрсэн. Энэ хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаа учраас хэрэг эцэслэн шийдвэрлэгдэхээр хэн хэний буруутай үйл ажиллагаа байсан бэ гэдэг нь тодорхой болох байх. Хөдөлмөрийн чадвар алдагдалтыг тогтоож байгаа комисс байгаа. Энэ комиссоос тогтоосон актын дагуу Нийгмийн даатгалын сангаас группийн тэтгэмж олгож байгаа процесс юм. Энэ үйл ажиллагааг явуулж байгаа байгууллага болгон дээр хяналтын ажилтнууд байдаг.

-Одоогийн байдлаар улсын хэмжээнд хичнээн иргэн нийгмийн халамжид хамрагдаж улсаас тэтгэвэр тэтгэмж авч байна вэ?

-Ер нь Нийгмийн халамжийн хүрээнд авч үзэх юм бол нийгмийн хамгаалал дотроо нийгмийн даатгал, нийгмийн халамж гэсэн хоёр төрөл байгаа. Хүн ажил хөдөлмөр эрхлээд юмуу сайн дураараа нийгмийн даатгал төлөөд явж байсан иргэн маань хөдөлмөрийн чадвараа алдах юм уу янз бүрийн эрсдэл учрахад нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж тусламжаа аваад явдаг. Хэрвээ хүн нийгмийн даатгалд шимтгэл төлж яваагүй бол нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж авах эрхтэй.

Хүмүүс энэ хоёрыг хольж ойлгоод байдаг. Нийгмийн халамжаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, харж хандах хүнгүй ахмад настан, хүчирхийлэлд өртсөн гэр бүл гэх мэт эмзэг байдлыг шалгуур болгож нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Үүнд давхардсан тоогоор 800 мянган хүн нийгмийн халамжийн сангаас ямар нэг байдлаар тэтгэмж авч байна. Давхарсан тоогоор гэдэг нь жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэтгэвэр авна, дээр нь байнгын асаргаатай бол байнгын асаргааны тэтгэмж авна, эм тарианы мөнгө гэж улиралдаа нэг авч байна, амралт сувилалд үйлчлүүлж байна. Дээр нь тусгай хэрэгсэл буюу таяг, өвдгөвч, сонсголын аппарат гэх мэт тусгай хэрэгслүүдийг авдаг. Энэ бүхнийг нийлүүлэхээр нэг хүн дээр таваас зургаан тэтгэмжийн үйлчилгээ үзүүлэх нь бий. Үүнийг давхардсан тоогоор авч байгаа гэж хэлээд байгаа юм. Жишээ нь, ахмад настан гэхэд ахмад настны тэтгэвэр тэтгэмжээс гадна насны хишиг, тусгай хэрэгсэл авах хөнгөлөлт, хиймэл шүд гэх мэт үйлчилгээ нэмэгдэхээр 800 мянга гаруй хүн болчихож байна. Харин нэг төрлийн халамжийн үйлчилгээ авсан 600 мянга гаруй иргэн байна гэсэн судалгаа байна.

-Нийгмийн халамжийн санд 2020 онд хичнээн төгрөгийн төсөв батлагдсан бэ. Жилд хичнээн төгрөгийг иргэдэд халамж, тэтгэмж хэлбэрээр олгодог юм бэ. Өнөө жил бас энэ тоо нэлээд өссөн байх?

-Нийгмийн халамжийн сангийн 2020 оны батлагдсан төсөв 1.343.0 тэрбум төгрөг. Үүнээс батлагдсан төсөв 750.3 тэрбум төгрөг. Цар тахлын арга хэмжээ авах шаардлагаар 592.8 тэрбум төгрөгийг нийгмийн халамжид нэмж олгогдохоор төсөвлөгдсөн. Нийтдээ Халамжийн 10 нэр төрлийн багц үйлчилгээний тэтгэвэр тэтгэмж байдаг. Үүнийг дотор нь задалбал 72 нэр төрлийн тэтгэмж болдог. Жишээ нь, нийгмийн халамжийн тэтгэвэр нь дотроо таван төрөл болж ангилагддаг. Ерөнхийдөө төсвийн хувьд нийгмийн халамжид жилдээ дунджаар 640 орчим тэрбум төгрөг төсөвлөөд зарцуулаад явдаг. Халамжийн тэтгэвэрт энэ жил 55 мянга 800 гаруй хүнд 92 тэрбум, 57 мянга 324 хүнд асаргааны 35 тэрбум, хүнсний толанд 242 мянга 992 хүнд 32.47 тэрбум, ахмад настаны хөнгөлт 20.29 тэрбум төгрөг гэх мэтээр төсөвлөгдсөн. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэг сая 169000 иргэнд 497.63 тэрбум, жирэмсэн эхийн тэтгэмжинд 89.42 тэрбум төгрөг олгож байна. Мөн алдар цолтой ахмад настанд олгох тэтгэмж 2430 хүнд 3.92 тэрбум төгрөг, насны хишигт, 22.88 тэрбум төгрөг төсөвлөн олгож байна. Эдгээрээс хамгийн их мөнгөн дүнтэй нь хүүхдийн мөнгөн тэтгэмж байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Монгол улсын нийт хүүхдийн 96 хувь нь авч байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжид жил болгон 240 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ жил цар тахалтай холбоотойгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тав дахин нэмэгдүүлсэн. Нэг хүүхэд 100 мянган төгрөг авч байна. Тэгэхээр зардал нь дагаад өссөн байгаа. Хүүхдийн мөнгөн тэтгэмж, хүнсний эрхийн бичгийг мөнгөн дүнг 16 мянган төгрөг байсныг 32 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг бас 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Эдгээр нь нийтдээ Улсын төсвөөс 592,8 тэрбум төгрөгийг нэмж зарцуулахаар төсөвлөсөн байгаа.

-Халамжийн мөнгө олгох үйл ажилагаанд жил бүр ноцтой зөрчлүүд илэрдэг тухай мэдээлэл гардаг. Баян-Өлгий аймгийн хэргээс гадна хамгийн сүүлд ямар зөрчлүүд гарсан бэ?

-Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа том арга хэмжээ учраас тодорхой хэмжээний зөрчил байдаг. Хувь хүний оролцоо орсон уу үгүй юү гэдгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар дээр улсын байцаагч нар ажилладаг. Тэндээс хяналт шалгалтаа төлөвлөгөөтэй хийж байна. Иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлж ирэх, мөн таяг, сонсголын аппарат, өвдгөвч, суултуур гэх мэт тусгай хэрэгсэл нийлүүлж байгаа төрийн бус байгууллагууд иргэнд чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ноцтой гэвэл зарим нэг эмч, хяналтын комиссоос эмчийн үзлэгээр буруу дүгнэлт гаргаж иргэнд өгсөн иймэрхүү зөрчлүүд байдаг. Еhalamj.mn ХНХЯ-аас зохион байгуулж байгаа ажлын хүрээнд халамжийн сангийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй байлгахаар төлөвлөөд ажиллаж байна. Хичнээн хүн хэдэн төрлийн халамж авч байна, нэг хүн дээд тал нь хэдэн төрлийн халамж хүртээд байгаа юм, хэдэн төгрөгийн хөнгөлөлт авч байгаа юм, нийт улсын хэмжээнд халамж авч байгаа хүмүүсийн тоо баримтыг шинэ системийн шинэчлэлийн хүрээнд олон нийтэд ил тод нээлттэй тавихаар ажиллаж байна.

-Халамжийн үйлчилгээ хавтгайрлаа гэдэг энэ сэдэв дээр яамны зүгээс цаашдаа ямар бодлого баримталж ажиллах вэ. Халамжийн бодлогыг хэт хавтгайруулан олгох нь ажил хөдөлмөр хийх хүн олдохгүй, ард иргэд бэлэнчлэх сэтгэлгээтэй болдог тухай олон орны жишээ байдаг?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр манай яам халамжаас хөдөлмөр эрхлэлт гэсэн зорилтын хүрээнд бүх бодлого үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байна. Хуулийн шинэчлэлийн хүрээнд олон үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн. Судалгаагаа хийчихсэн, батлуулах гээд явж байна. Давхардсан хөтөлбөрүүдийг нэгтгэх, заримыг нь хугацаатай болгох, зарим халамжийг олгохдоо хөдөлмөр эрхлэх нөхцөлтэй болгох гэх мэт өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна. Жишээ нь, дөрөв таван жил хүнсний талон авсан айлын амьжиргаа дээшлэхгүй хэвэндээ байгаад байна. Тиймээс хүнсний талон өгөхдөө хугацаатай болгох, хэрвээ хоёр гурван жил өгөөд зогсоодог, ажил хийж хөдөлмөр эрхлэх тэр нөхцөлтэй холбож өгөх хэрэгтэй.

-Халамж хавтайрлаа гэдэгтэй таны хувьд санал нийлэх үү. Энэ салбарт ажиллаж байгаа мэргэжлийн хүний хувьд нийгмээрээ шүүмжилж байгаа энэ асуудлыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Цар тахлын үед хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлсэн нь нөлөөлж байна гэж харж байна. Таван хүүхэдтэй айл байлаа гэхэд 500.000 төгрөг сар бүр авч байхаар нэмэгдсэн. Энэ бол тодорой хэмжээний мөнгөний орлого. Орлого гэнэт өссөнтэй холбогдуулаад халамж хавтгайрлаа гэдэг яриа их гарч байна. Дээр нь дэлхийн улс орнууд аль ч нийгмийн үед зорилтот бүлэг буюу нийгмийн эмзэг давхаргынхандаа хүрч үйлчилдэг. Хамгийн наад захын хэрэгцээ шаардлагыг нь хангаж, тусламж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай байдаг. Энэ үйл ажиллагаа аль ч улс оронд байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг халамжид зарцуулж байна гэдгээс хамаарч халамж хавтгайрсан уу үгүй юү гэдгийг харж болдог. Дэлхий нийтийн жишгээр хөгжингүй орнууд 1.6 хувийг нийгмийн халамжиндаа зарцуулдаг. Энэ тоо Монгол Улсын хувьд 1.9 хавьцаа байна. Тэгэхээр дэлхийн орнуудын дунджаас манайх арай илүү явж байна. Нөгөө талаас нийгмийн халамж хүртээд түүгээрээ амьдраад залхуурлыг бий болгож, бэлэнчлэх сэтгэлгээг бий болгож байна гэдэг шүүмжлэл гардаг. Манайд хүнсний эрхийн бичгийн талон өгдөг халамжийн үйлчилгээ байдаг. Халамжийн үйлчилгээгээ зогсоогооч ээ. Цалин аваад хийх хүн олдохгүй байна, улсаас үнэгүй хүнсээ авч идчихээд ажил хийхгүй хэвтээд байна гэдэг шүүмжлэл, гомдол санал манай яамд ирдэг. Тухайлбал, туслах малчин ажилд авна гэж санал болгохоор залуу туслах малчин олдоход бэрхшээлтэй байгаа гэсэн гомдлууд ирсээр байна. Яагаад гэвэл, хүнсний эрхийн бичиг, бусад нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө аваад амьдралд нь хүрч байгаа учраас хөдөлмөр эрхлэхгүй байна гэсэн санал гомдол ирдэг. Энэ мэт асуудлууд байгаа ч бас нөгөө талаасаа хүнсний эрхийн талон олгохгүй болчихвол өрх толгойлсон эхчүүд тухайн нөхцөл байдалд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хүмүүс яаж амьжиргаагаа залгуулах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Тиймээс манай яамнаас хүнсний эрхийн бичиг өгөх энэ халамж дээр хязгааралт хийх, хөдөлмөр эрхлэлтэй холбох тал дээр судалгаа хийгээд ажиллаж байна. 2018 оноос хойш хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой нөхцөл тавиад ажиллаж байна. Илүү нарийн нөхцөлтэй болгоё. Одоо тухайн шалгуурт нийцсэн л бол хэдэн жил хамаагүй хүнсний талон аваад явж байгаа. Дөрвөн таван жил хүнсний талон авч байгаа айлууд байна. Энэ хугацаанд нь тэр айлын иргэд хөдөлмөр эрхлэхгүй, ажил хийхгүй, амьдрал нь дээшлэхгүй яг хэвэндээ байгаад байгаа айлууд байгаа нь ажигдах нь бий.

-Хүнсний талоны мөнгөн дүн нь хэд байдаг вэ?

-Насанд хүрсэн хүн 16000 төгрөг, хүүхэд 8000 төгрөгийн хүнсний талон авдаг. Энэ маань цар тахалтай холбогдуулаад насанд хүрсэн хүний авч байгаа хэрэглээг 32000 төгрөг, хүүхдийнх нь 100.000 мянган төгрөг авч байгаа учраас нэмэгдүүлээгүй. Ер нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны судалгаагаар оноогоороо хамгийн доод түвшний өрхүүдэд хамгийн их хүрч байгаа нийгмийн халамжийн үйлчилгээ гэж тогтоосон байдаг.

Гэхдээ ерөнхий нөхцөл байдлын судалгаа хийж байна. Ямар нөхцөл дээр ямар өрхийг нийгмийн ямар халамжид хамруулахгүй байх вэ гэдэг дээр ялангуяа хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай хүнийг хүнсний эрхийн бичигт хамруулахгүй байя гэдэг бодлогыг хэлэлцэж байгаа. Халамж их олгосноор ажилгүйдэлд хэрхэн нөлөөлж байгаа асуудал өрх болгон дээр өөр өөр байдлаар гарч ирнэ. Хүүхдэд сарын хүнсэнд 8000 төгрөг гэдэг бол зах зээлийн ханшаар бодвол бага дүн. Зарим өрхөд амьдралд нь маш их дэмжлэг болж байна. Хүүхдээ хооллож чадаж байна, энүүгээр л амьдарч байна гээд эндээсээ өөрсдөө санаачлаад ажил хөдөлмөр цаашдаа эрхлээд явж байгаа өрх олон байна. Хувь хүний л хүмүүжил, хандлага, боловсролоос шалтгаалж байна. Халамж их олгосноор ажилгүйдэл нэмэгдүүлж, залхуурлыг бий болгож байна гэдэг сэдвийг ярих биш, судалж үзэх ёстой асуудал.

-Нийгмийн халамж авдаггүй хүн ам хэдэн хувийг эзэлдэг вэ?

-Авдаггүй хүн байлгүй яахав. Гэхдээ хүүхэдтэй айл болгон хүүхдийн мөнгө авч байна. Хүүхдийн мөнгө нийгмийн халамжаас л гарч байгаа болохоос анх зориулалт нь нийгмийн баялгийг тэгш хүртээх гэдэг ийм зориулалтаар олгож эхэлсэн. Хүүхдийн мөнгийг хасаад, 600 .000 хүн нийгмийн халамжийн ямар нэг төрлийн үйлчилгээг авч байна. Хэрвээ хүүхдийн мөнгийг халамж гэж үзвэл нэг сая 160 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авч байна. Тэгэхээр хүүхэдтэй айл болгон халамж авч байна гэж хэлэх байх.

-Энэ олон халамжуудыг нэмээд нэг өрх дунджаар Халамжаас 1,5 сая төгрөгийг сардаа авч байна гэдэг мэдээлэл гадуур гарсан. Энэ мэдээлэл бараг үнэн болж байгаа юм биш үү?

-Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болсноор иргэдийн авч байгаа халамжийн хэмжээ нэмэгдсэн. Гэхдээ амьдрал дээр таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй Нийгмийн халамжаас ямар тэтгэвэр, тэтгэмж авч болох вэ гээд үзэхээр, хүүхдийн мөнгө одоогоор 500,000төгрөг авна. Гэхдээ энэ мөнгийг Монгол Улс удаан хугацаагаар өгөх боломж байхгүй. Тэгэхээр нэг хүүхэд 20 мянга гэж тооцвол таван хүүхдийн 100.000 төгрөг, хүнсний эрхийн бичгийн 60 мянган төгрөг, өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмж гэж улиралдаа 400.000 төгрөг, сардаа хуваахаар 100.000 гаруй мянган төгрөг, цалингтай ээжийн 50 мянган төгрөг, одонтой эхийн мөнгө жилдээ 100.000 төгрөг гэхээр сардаа хуваахаар бага мөнгө гарна. Ингэхээр сардаа 400-гаад мянган төгрөгийг нийгмийн халамжаас авч байна гэсэн үг. Хүүхдийн мөнгөн нэмэгдсэнээр 800 мянга орчим төгрөгийг одоогоор авч байгаа юм байна. Хэрвээ нэг хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй гэж үзвэл 200.000 төгрөг нэмэгдэхээр байгаа. Гэхдээ амьдрал дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа сувилгаанд гарах зардал маш өндөр байдаг. Тэгэхээр энэ нь бас харьцангуй ойлголт.

One reply on “М.Цогтбаатар: Халамжаа зогсоохгүй бол ажил хийх хүн олдохгүй байна гэж гомдол ирдэг”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *