Categories
мэдээ цаг-үе

Ж.Солонго: Монгол кино үйлдвэрийг хувьчлаагүй. Харин монгол киног төр дэмжих үүрэгтэй

Монголын кино нэгтгэлийн захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Солонготой ярилцлаа.


-Сүүлийн үед Монгол кино үйлдвэр болон Аса цирк, Ард кино театрыг хувьчилах асуудал яригдаад байгаа. Тэгвэл “Монгол кино” үйлдвэрийг өмнө нь менежмэнтийн хувьчлалд авах яриа өрнөж байв уу?

-Монгол кино үйлдвэрт 2004 болон 2008 онуудад менежментийн хувьчлал хийх талаар ярьж байсан. Гэвч үүнийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн учраас аль ч үед дэмжигдээгүй. Менежмэнтийн хувьчлал хийх болоогүй, кино үйлдвэрийг ингээд гаргаад хаячихвал баларна гэж хэлээд оролцуулаагүй. Төр эхлээд кино урлагаа тодорхой хэмжээнд дэмжсэний үндсэнд хувьчлах хэрэгтэй биз дээ. Ингэхгүйгээр зүгээр л хаячихвал ямар ч хэрэггүй болно.

-Тэгвэл сая Монгол кино үйлдвэрийг хувьчлах сэдэв дахин сэргэх шиг боллоо?

-Монгол кино үйлдвэр Соёлын яаманд харьяалагддаггүй. Өөрөөр хэлбэл, төрийн мэдэлд бус, төрийн өмчийн хорооны үйлдвэрийн газар болчихсон байгаа юм. Хуучин л Соёлын яамны сайд хэлсэн байх. Үндсэндээ Соёлын яамны харьяанд “Цирк” зэрэг соёлын байгууллагууд ордог. Соёлын яаманд С.Чулуун сайд шинээр гарч ирээд Монгол кино үйлдвэрийг үзэж, саяхан манай гавьяат, ардын жүжигчидтэй уулзалт зохион байгуулсан. Тэр үеэр бид киноны хуульд саналаа өгч байр сууриа илэрхийлсэн юм. Түүнээс биш менежмэнтийн хувьчлал гэсэн ойлголт байхгүй. Энэ талаар анх УИХ-ын гишүүд асуухад нь мэдэхгүйгээр л “Хувьчилсан юм биш үү, тэр чинь төрд байна уу үгүй юү” гэж хэлсэн юм билээ.

Монгол кино үйлдвэр тусдаа байгууллага учраас үүнд хамаарахгүй. Одоо кино урлагт санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаас менежмэнтийн хувьчлал биш. Ер нь 1930-аад оноос хойш төрийн санхүүжилтээр түүхэн сэдэвт хэдхэн том кино хийсэн. Орос улсад урлагаа төрөөс дэмждэг. Гэтэл манайд ийм дэмжлэг байдаггүй учраас кино урлаг хол явдаггүй.

-Тэгэхээр анхнаасаа ямар ч хувьчлах, эсвэл төрд шилжих гэсэн ойлголт байхгүй байжээ?

-Тийм ээ. Манайх 1990-ээд оноос өмнө төрийн захиалгаар зургаа, долоохон кино хийж байсан. Тэр үед соёл урлагт өгөх нийт мөнгөний 47.2 хувийг зөвхөн кино дангаар авдаг байлаа. Өөрөөр хэлбэл, соёл урлагт өгч байсан мөнгөний тал хувийг кино урлагт өгч байгаад 1993 онд гэнэт зогсоосон. Төрөөс санхүүжүүлнэ гэдэг чинь кино хийх бүхий л зардлыг улсаас даана гэсэн үг. Тодруулбал, дулаан, ус цахилгаан, ажилчдын цалин, үйлдвэрийн байр болон нийгмийн даатгал зэрэг урсгал зардлыг төлдөг. Тэр үед Монгол кино үйлдвэрээс улсын захиалгатай 40 гаруй баримтат кино хийсэн. Ингээд 1993 оноос биеэ дааж орлогоо олох болсон. Ерөөс зах зээлд цирк, кино урлаг биеэ даан амьдарч чадах юм байна гэж шийдээд Цирк, Монгол кино үйлдвэр хоёрыг өөрсдөө биеэ даагаад амьдарцгаа гэж шууд аж ахуйн тооцоонд гаргасан.

Түүнээс биш кино үйлдвэрийг хувьчлаагүй. Монгол кино үйлдвэр биеэ дааж амьдрах гэж үзсэн. Яахав, эхний гурван сар ажилчдадаа цалин хөлсийг нь өгөөд хүргэсэн. Тэгсэн ч дараа сараас нь ажил үндсэндээ зогсонги байдалд шилжсэн байдаг. Одоогийн байдлаар Монгол кино үйлдвэр дулаан, цахилгаан, цалин, нийгмийн даатгал гэх мэтчилэн байгууллагынхаа бүх зардлыг өөрсдөө хариуцаж төлдөг. Бид сүүлийн 20 гаруй жил өөрсдийгөө санхүүжүүлээд учраа олоод явж байгаа гэсэн үг. Ер нь төр ийм олон байгууллагыг хувьдаа авч яах юм бэ. Заримыг нь хүмүүст өгч өөрсдөөр нь ажил хийлгэх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхгүй бүгдийг нь барьчихаад суугаад байвал явахгүй. Төрөөс одоо юу хүлээх юм. Энэ олон байгууллагыг санхүүжүүлээд байж чадах эсэх нь ч эргэлзээтэй.

-Мэдээж соёл урлагаа хөгжүүлэхийн тулд төрийн дэмжлэгийг бодлогоор дэмжих нь зүйтэй болов уу. Хууль эрх зүйн хүрээнд ямар зохицуулалт байдаг юм бол?

-Монголд кино урлагийн хуулийг 5-6 жилийн өмнөөс хөөцөлдөж ирсэн. Ерөөс хуультай байх нь зөв гэдгийг ч ярилцсан. Олон уран бүтээлчийн зүтгэл шингэдэг, асар их хөрөнгө шаарддаг салбар бол кино урлаг юм шүү дээ. Тиймээс ч үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин хэрэгтэй байгаа юм. Орост кино урлагийг төрөөс дэмжих хууль хамгийн анх гарсан байдаг. Гэвч зүгээр л Кино урлагийн хууль гэвэл хэтэрхий ерөнхий ойлголт болно. Тэр хууль гарснаар Оросын кино урлаг мундаг хөгжсөн. Тэгвэл төрөөс чухам яаж дэмжих вэ. Манайд гарсан хуулийн үзэл санаа нь анх киноны тухай хууль гэж явсан байдаг. Одоо бол киног төрөөс дэмжих тухай хууль болоод явж буй. Энэ нь ч зөв болсон.

-Соёлын салбарт гэвэл “Цирк”-т менежмэнтийн хувьчлал явагдсан байдаг?

-Циркийг улс санхүүжүүлж байгаад зогсчихлоо. Цирк бол гадаад дотоодод тоглолт хийж бизнес олох боломжтой. Гэхдээ циркийг хувьчилж авсан баг нь өөрөө буруу ажилласан. Тэдний уран бүтээлчид хоёр хуваагдаад тендерт орж, хоёр баг болсон байдаг. Тэгээд Асашёорюү Д.Дагвадорж тэргүүтэй нэг баг аваад цааш хөгжүүлсэн гэсэн үг. Харин нөгөө багийг гурван жил ажиллуулаад цалинг нь өгөөд явсан байгаа юм. Нэгэнт менежмэнтийн хувийн байгууллага учраас одоо та бүгд ашгаа өөрсдөө олно шүү гээд л… Гэтэл ашиг олоогүй, харин ч улсаас бэлэн юм ирвэл авчихаад сууж байдаг. Улмаар хөгжихөө болиод үндсэндээ зогсонги байдалд шилжсэн гэсэн үг. Дуурь, Драм, аймгийн соёлын төвүүд гэх мэтчилэн олон байгууллага ингэж улсаас цалингаа аваад дулаан, цахилгаанаа төлүүлээд явж байна. Энэ дундаас ганцхан кино үйлдвэр л өөрсдийгөө санхүүжүүлээд явж байгаа. Монгол кино үйлдвэр жил бүр татварт 100 гаруй сая төгрөг төлдөг. Үүнийг нь Төрийн өмчийн хорооноос хариуцдаг учраас биднийг ашигтай ажиллахгүй бол арга хэмжээ авна. Аж ахуйн байгууллагын хувьд үр ашигтай ажиллаж байж л төрийн өмчийн хороогоор үнэлүүлнэ. Одоо төрийн буюу Соёлын яамны мэдэлд очно гэж байгаа. Тэгэхээр Соёлын яам маань жил болгон 700 саяас нэг тэрбум төгрөгийн зардал гарч байж кино үйлдвэр цаашид явна. Монгол кино үйлдвэр одоо үр ашигтай байхын тулд гурван хүний ажлыг нэг хүн хийх маягаар яваа. Хэрэв төрийн мэдэлд очвол яг л хийх ёстой ажлаа л хийнэ.

-Монголд хичнээн хүн кино театрт билет захиалж кино үздэг бол. Энэ төрлийн судалгаа бий юү. Шинэ кино гарлаа гэхэд үзэгчдээс ашиг орлого нөхөж олж чаддаг уу?

-Ер нь 200 мянган хүн л кино үзэж байна гэсэн судалгаа бий. Ихэвчлэн ЕБС-ийн хүүхдүүд нь кино үздэг. Өөрөөр хэлбэл, цалин авдаг ажилчид кино үзэхгүй байна. Ингээд л хийх ажилгүй, гадуур тэнэж явахаар гээд л эцэг эх нь хүүхдүүддээ кино үзэх мөнгийг нь өгдөг. Түүнээс биш одоо кино үздэг хүн байхгүй боллоо. Жишээ нь, Херо энтертаймент “Би чамд хайртай”киноны хоёрдугаар ангийг нь зориуд бодлогоор хийсэн. “Би чамд хайртай” киног тэр үед үзэж байсан залуу одоо ажилтай, орлоготой болчихсон. Залуу насандаа үзэж байсан киног нь эргэж тавихаар хоёрдугаар ангийг нь үзэх сонирхол төрнө шүү дээ. Энэ нь бага зэрэг нөлөөлсөн боловч дахиад л үр ашиггүй. Тэгтэл үзэгчдийн орлогын 50 хувийг нөгөө кино театрууд авчихаж байгаа юм. Ер нь кино уран бүтээлээ гадагш гаргаж байж л ашиг олно. Монголд зардлаа нөхөж ашиг олно гэдэг үнэхээр хэцүү. Хамгийн гол нь их хэмжээний ашиг олохдоо биш, залуу үеэ зөв зүйтэй хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэхэд кино урлагийг ашиглах шаардлагатай байна. Ингэснээр гол үүргээ биелүүлнэ.

-Тэгэхээр менежмэнтийн хувьчлалд удирдлагын арга барил чухал гэсэн үг үү?

-Тэр циркийн том байшин дотор Д.Дагвадорж аварга ганцаар юу ч хийхгүй шүү дээ. Гол нь түүнийг зөв зүйтэй ажиллуулдаг циркийн менежмэнтийн баг л байх ёстой. Циркийн баг гурван жил менежмэнтээр явлаа. Өөрөөр хэлбэл, хоёр баг өрсөлдөөд нэг баг нь Д.Дагвадоржийг та энд оролцооч ээ гэсэн юм байна лээ. Менежмэнтийн хувьчлал хийгээд одоо Баянзүрх дүүргийн эмнэлэгт үр ашигтай ажиллаж байна. Үр ашигтай ажиллахгүй бол зүгээр улсаас цалин аваад л явбал цааш хөгжихгүй. Ерөөс менежмэнтийн хувьчлал гэдэг чинь багийн ажиллагаа. Тэгэхээр үүнийг зөв чиглүүлдэг команд л хэрэгтэй.Хэрэв улс циркийг авлаа гэхэд 700-800 сая төгрөгийг өөрөө төлж, хариуцаж явах байх. Чухам тэгж чадах уу, үгүй юү гэдэгт асуудал гарна. Төр засаг нь нэгнийхээ гаргасан юмыг дахиад л ингэх нь дэмий. Ер нь урагшаа л явах хэрэгтэй. Угтаа төр өөрийнхөө ачааллаас хөндийрч өгснөөр урагш явах ёстой. Энэ кино үйлдвэрийг авъя гэсэн санал маш их гардаг. Гэвч тэнд Монголын киног хөгжүүлье гэсэн хүн байдаггүй.

-Кино урлагаар дамжуулан үндэснийхээ соёлыг сурталчилж буй жишээ олон бий. Тэгвэл бид кино урлагаа таниулах боломжтой юу?

-Азийн орнуудад зориулагдсан жүжигчдийг тусдаа бэлтгэж байна. Жүжигчдэд багаас нь хятад, япон, солонгос хэл заадаг. Тухайн орны зах зээлд төрөлх хэлээр нь ярьдаг, дуулдаг жүжигчнийг илүү үзнэ биз дээ. Тэгэхээр одоо төрөөс кино салбараа дэмжих нь чухал юм. Энэ салбар бол танин мэдэх, соён гэгээрүүлэх, хувь хүний хүмүүжилд асар их нөлөөтэй. Үүнд нь тааруулж кино хийх үүрэгтэй. Тэр үүргийг нь төр киночдоор дамжуулж мөнгө өгөөд хийлгүүлэх үүрэгтэй. Төр үүргээ биелүүлж залуу үеэ хүмүүжүүлж чадахгүй байна гэдэг асуудалд орж байна.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *