ГССҮТөв үүсч хөгжсөний 60 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эрүүл мэндийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн мэс заслын эмч, клиникийн профессор А.Эрдэнэбилэгийг “Монгол Улсын гавьяат эмч” цол, тэмдгээр шагнасан юм.
А.Эрдэнэбилэг эмч Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул. Сумынхаа найман жилийн дунд сургуулийг 1982 онд төгссөн. 74 хүүхэд төгссөнөөс сурлагаараа хоёрдугаар байранд орж байжээ. Сургуулиа төгсөөд малын эмч болохоор бэлдэж байсан ч хувиар нь ирээгүй гэнэ. Ингээд Говь-Алтай аймгийн Анагаахын дундын эх барих бага эмчийн ангид элсжээ. Үүний дараа 1986 онд Анагаахын их сургуулийн эмчилгээний ангид элсэн суралцсан байна. Гэтэл АУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн сурлагаар эхний 15-д ордог оюутнуудыг сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан болгох зорилгоор ялган авч тусгай групп байгуулсан байна. А.Эрдэнэбилэг эмч уг тусгай группт багтаж 1992 онд Анагаахын их сургуулийг онц дүнтэй төгсөж тэнхимийн багшаар шууд хуваарилагдсан аж.
30 ГАРУЙ ЖИЛ ЭМЧ, БАГШ ГЭСЭН ХОС МЭРГЭЖЛЭЭР АЖИЛЛАСНЫГ МИНЬ ТӨР ЗАСАГ ҮНЭЛЛЭЭ
“Мэс заслын эмч гэдэг бол дан ганц нэг хүний ажил биш, баг хамт олны бүтээл байдаг. Тийм ч учраас намайг өдий зэрэгт хүргэж байгаа нь ГССҮТ-ийн үе үеийн ахмад эмч нар, одоо ажиллаж байгаа залуу эмч, шавь нарын минь хамтын бүтээл. Энэ цол хамт олны минь гавьяа шагнал гэж бодож байна даа.
Биднийг оюутан байхад АУИС-ийн зургадугаар курсэд бүтэн жил субординатурын дадлага гэж хөдөө мөн хотын төвийн эмнэлгүүдэд тус тус зургаан сар дадлага хийж мэргэжлийн чиг баримжаагаа олж төгсдөг байлаа. Миний хувьд гэмтлийн эмч болохоор тавдугаар курсээсээ эхлэж сонирхсон. Ингээд хуучин гэмтлийн эмнэлэгт Г.Дэмид багшийнхаа удирдлаганд нэг жил ажиллаж, Гэмтлийн эмнэлгийн бурхадууд болох Н.Даш, Г.Дагва, Ө.Даваасамбуу, Ж.Олзвой, С.Хүнбиш, Ц.Дэмбэрэл, Б.Гомбо, Б.Чоёндорж, Д.Мишигдорж, Х.Баттөмөр, Б.Борхурга нарын сайхан эмч нараас ихийг сурч, гэмтлийн эмч болох чин хүсэл эрмэлзэлтэйгээр 1992 онд төгсөөд, шууд АУИС-ийн мэс заслын хоёрдугаар тэнхимийн гэмтлийн багшаар ажиллах тушаал гараад, маргааш нь элсэлтийн шалгалтын комисст орж ажиллаж эхэлсэн юм. Тэр цагаас хойш одоог хүртэл АШУҮИС-д багш, тэнхимийн эрхлэгч, ГССҮТөвд эмч, тасаг, клиникийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажиллаж байна” гэлээ.
Гэргий Г.Тунгалаг болон ач нарын хамт
“МИНИЙ ХИЙЖ БАЙГАА МЭС ЗАСАЛ БҮХЭН АНХНЫХ”
А.Эрдэнэбилэг эмч зургадугаар курстээ Гэмтлийн эмнэлэгт орсон талаар дээр дурдсан. Энэ цагаасаа хойш сургуулиа төгсөх хүртлээ нийт 197 хагалгаанд оролцжээ. “Миний хийж байгаа мэс засал бүхэн анхных. Мэс засал хийж байгаа үйлдэл бүхэн дахин давтагдахгүй, дахин давтагдсан ч хагалгаа хийлгэж байгаа өвчтөн нь өөр хүн, тухайн өвчтөний эмгэг эрхтний байрлал, хэлбэр, хэмжээ үүсгэсэн шалтгаан, механизм нь ямар нэг байдлаар ялгаатай байдаг. Манайхан энэ хагалгааг насаараа, наснаасаа олон хийлээ гэдэг. Тийм биш шүү дээ. Анх 1991 онд хуучин гэмтлийн эмнэлэгт оюутан байхдаа хүлээн авах тасагт Т.Баянхүү /АУ-ны доктор/ гэж эмчтэй жижүүр хийж байх үед вагонд дайруулсан 13 настай хүүгийн шилбэ тайрах мэс засалд орж, хэдий амь насны заалтаар хагалгаа хийж мөчийг нь тайрсан ч гэсэн хүний эрхтэнг авч байгааг анх удаа харсан болохоор маш аймшигтай байсан. Мөн хүүхдийн түнхний эмгэгийг мэс заслаар эмчлэх аргыг Монгол Улсад гэмтэл согогийн албыг үндэслэн байгуулагч АУ-ны доктор, төрийн соёрхолт Г.Дэмид, Б.Гомбо багшаасаа, чөмөгт ясны хугарлыг мэс заслаар эмчлэх Г.А.Илизаровын аппарат эмчилгээний аргыг төрийн соёрхолт Ө.Даваасамбуу багшаасаа анх суралцаж байлаа” гэсэн юм.
Үргэлжлүүлэн тэрээр “Энэ жил ГССҮТ байгуулагдсаны түүхт 60 жилийн ой болж байна. Энэ байгууллага үүсч хөгжихөд Наваанцэрэнгийн Даш, Гажидын Дэмид, Гомбосүрэнгийн Дагва зэрэг манай ахмад буурал эмч нар их үүрэг гүйцэтгэсэн. Энэ хүмүүсээс би маш их юм сурсан. Тэдний ач гавьяа тус дэмжлэгээр өдий зэрэгтэй явж байна. Гэмтлийн эмнэлэг хуучин 150 ортой, гуравхан тасагтай байсан. Одоо бол 16 төрөлжсөн нарийн мэргэжлийн тасагтай. 500 гаруй эмч ажилчидтай. Монгол Улсын хэмжээнд үйлчилдэг үндэсний төв болон ажиллаж байна. Тэгэхээр энэ эмнэлгийн үйл ажиллагаатай миний амьдрал салшгүй холбоотой. Харин техник технологи, багаж хэрэгслийн тухайд өдөр шөнө шиг ялгаатай. 2000 он хүртэл гэмтлийн багаж хэрэгсэл бүгд Оросоос орж ирдэг байсан. Яахав, 1990-ээд оны сүүлчээс гадаад харилцаа сайн хөгжөөд дэлхийн олон улсын түвшинд хийгддэг мэс заслын багаж тоног төхөөрөмжүүд орж ирсэн” гэлээ.
“МЭС ЗАСЛЫН ЭМЧ ХЭЗЭЭ Ч НЯЦАЖ БОЛОХГҮЙ. “БИ ҮҮНИЙГ ХИЙНЭ, ЧАДНА” ГЭСЭН ЗОРИГТОЙГООР ХАГАЛГААГАА ХИЙХ ЁСТОЙ”
1992 онд АШУҮИС-ийн багшаар ажиллаж эхэлснээсээ хойш А.Эрдэнэбилэг эмч Монголд гэмтлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж ирсэн. Анагаахын сургуульд төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалт гэж бий. Энэ сургалтыг 20 гаруй жил хариуцан сургаж ирсэн хүн бол тэр. Монголд гэмтлийн мэс заслын эмчээр төгссөн 250 гаруй эмч бий. Энэ талаар А.Эрдэнэбилэг эмч “Осол гэмтэлд орсон хүний аль ч эртхтэн гэмтэж болно. Автомашины осолд ороход толгойгоо юм уу хөлөө гэмтээе гэсэн зүйл байхгүй. Харин ийм хүн ирэхэд ямар ч тохиолдолд тэр хүний бүх эртхэн системд тусламж үйлчилгээ үзүүлэх чадвар, хандлага, мэргэжил, мэдлэгтэй байх ёстой. Үүгээрээ гэмтлийн эмнэлгийн эмч нар онцлогтой” хэмээв.
Гэмтлийн эмнэлгийн яаралтай хүлээн авах тусламжаар Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 400-500 хүн үйлчлүүлж байна. Түүний 40-50 хүнийг мэс засалд оруулдаг. Жилдээ арав гаруй мянган яаралтай мэс засал хийгддэг төв. Хагалгаа болгон л хүнд болдог гэдгийг тэрээр ярьсан юм. “Би гучин мянган хүнд эрүүл энх, аз жаргал бэлэглэжээ. Үүнд амархан хагалгаа гэж байхгүй шүү дээ. Хавсарсан хүнд гэмтэл гэж бий. Хүн осол гэмтэлд өртөхөд олон эртхэн нэгэн зэрэг гэмтдэг. Үүнийг хэсэгчилж орхиж болохгүй. Нэгэн зэрэг л шийдэх хэрэгтэй. Ер нь бол хавсарсан хүнд гэмтэл хамгийн хэцүү. Одоо харин техник технологи хөгжөөд сайхан болсон байна. Ер нь мэс заслын хүн хэзээ ч няцаж болохгүй. “Би үүнийг хийнэ, чадна” гэсэн зоригтойгоор хагалгаагаа хийх ёстой. Чадахын төлөө тэмцэнэ. Харин тэр тэмцэх тэмцлээ би өөрөө л олох ёстой” гэж эмч маань ярилаа. Гэмтлийн эмнэлэгт мэс заслын эмч хийж, хажуугаар нь их сургуульд багшилна гэдэг ар гэр орхигдох асуудал цөөнгүй. Энэ талаар А.Эрдэнэбилэг эмч “Гэр бүл гэдэг маш чухал. Би 1992 оноос ГССҮТ-ийн эмч, АШИУҮС-ийн багш гэсэн хос мэргэжлээр ажилласан учраас надад маш том хариуцлага ногдсон. Нэгдүгээрт, би оюутан хохироож болохгүй. Хоёрдугаарт, өвчтөн хохироож болохгүй. Тэгэхийн тулд би өөрийгөө дайчилсан. Өнгөрсөн хугацаанд гэр бүлдээ үнэндээ анхаараагүй. Би эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж энэ мэргэжлээрээ хүний дайтай ажиллаж өөрийн болгохоор зүтгэсэн” гэхэд бидний яриаг сонсож суусан түүний эхнэр Г.Тунгалаг “Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумынх л даа. Нөхөр бид хоёр Говь-Алтай аймгийн Анагаахын дунд сургуульд сурч байхдаа 1984 онд танилцаад 1985 онд гэр бүл болж байсан. 1987 онд хүүтэй болсон. Нөхөр маань Анагаахын дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод зургаан жил сурах хугацаанд би Завхан аймгийн Тосонцэнгэл хотын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн сувилагчаар ажилласан” хэмээн инээмсэглэсээр хайлсан тосоо бидний өмнө тавилаа. А.Эрдэнэбилэг эмч цай оочингоо “1992 онд би ч сургуулиа төгсөөд эхнэр хүүхдээ Улаанбаатар хотод авч ирж байсан. Тухайн үед амьдрал ч хэцүү байлаа. Ингээд эхнэр маань хотод ирээд Сайд нарын Хоёрдугаар эмнэлэгт ажилд орсон. Хүүхэд харах хүн байхгүй. Сурч байсан оюутныхаа байранд таван жил амьдарсан. Тэр таван жилийн хугацаанд ч би гэр бүлдээ үнэхээр анхаарал хандуулж чадаагүй. Манай хүүг оюутнууд бүгд таньдаг болчихсон. Хүү маань “Манай аав, ээж хоёр ажилд явчихсан, та намайг хараад өгөөч” гээд л өөрийгөө харуулчихдаг байсан гэж байгаа юм” гэж бид хөөрөлдлөө. А.Эрдэнэбилэг эмч “Тухайн үед гэмтлийн эмч нар ч ховор байсан. Ард үлдсэн бүх зүйлийг миний хань зохицуулна. Миний ар талыг дааж, миний амьдралыг залгуулж явсан ханьдаа их баярладаг” юм гэж эхнэрээрээ бахархан ярилаа. Үргэлжлүүлэн тэрээр “Одоо манай хүү 33 настай. Амьдралын утга учир болсон гурван ачтай. Гурван ачаараа бахархаад л баярлаад л одоо хэсэгтээ л амсхийж байна. Хүү маань эдийн засагч мэргэжилтэй. Одоо хувиараа бизнес эрхэлж байна. Бэр маань санхүүгийн мэргэжилтэй. Ач нар маань эмч болно л гээд байдаг шүү дээ” хэмээгээд инээмсэглэлээ.
САЙН ЭМЧ БОЛ САЙН БАГШ БАЙХ ЁСТОЙ
А.Эрдэнэбилэг эмчийн үндсэн мэргэжил хүний их эмч. Энэ талаараа “Манай АШУҮС-ийн багш нар өвөрмөц. Эмч, багш гэсэн хос мэргэжилтэй. Бид гагцхүү эмч мэргэжлээр сураад төгссөн. Харин мэргэжлийн ур чадвар дадлагаар л багш хийдэг. Тэгэхээр сайн эмч бол сайн багш байх ёстой. Гэмтлийн эмнэлгийн хамгийн чухал зүйл бол рентген зураг. Бидний үед рентген зургийг цаг гаруй хүлээж байж гаргадаг байлаа. Хагалгаан дээр тийм зураг авна гэсэн ойлголт ч байхгүй. Авсан ч цагийн дараа ирнэ. Одоо бол 1-2 минутын дотор л гаргадаг болж. Бидний үед мэдрэмж, сэтгэл буюу ур чадвар шаарддаг байлаа. Өнөөгийн залуу эмч нар ур чадвараа хөгжүүлэх тал дээр дутагдалтай. Ерөөсөө л цахим буюу техник технологид л найдчихаад байна. Хагалгаа хийхэд телевизээ асааж харж байгаад хадчихаж байна. Бидний үед гаднаас нь тэмтэрч, мэдэрч хагалгааг хийдэг байсан. Мөн сайн эмч болохын тулд сайн сэтгэл зүйч байх хэрэгтэй. Залуу эмч нар “Би маш том хагалгаа хийчихлээ” гэдэг. Хийсэн хагалгааны дараа яаж өвдөх, яаж босох гэдэг талаас сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ёстой. Ур чадвар, сэтгэл хоёр хамт байж л үр дүнд хүрнэ.
Эмч мэргэжилтэн бэлтгэнэ гэдэг хоёр талтай. Нэгдүгээрт чанар, хоёрдугаарт тоо. Манайхан тоон дээр анхаараад байна шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд, гурван сая хүнээс давсан эмч бэлтгэгдчихээд байна. Тэгэхээр чанартай эмч мэргэжилтэн бэлтгэх тал дээр бодлого ч алга. Энэ олон сургуулиудыг цөөлөх хэрэгтэй” гэсэн юм.
А.Эрдэнэбилэг эмчийн утас дуугарсаар.Түүний шавь, нутаг усныхан түүнд баяр хүргэж ойр ойрхон залгасаар… Гэрийн эзэгтэй Г.Тунгалаг “Нөхрийг минь гавьяат авахад бид хоёр руу олон хүн утасдаж баяр хүргэж байна. Хорь гучин жилийн өмнө хагалгаа хийлгээд эрүүл болоод эдгэсэн хүн хүртэл ярьж баяр хүргэсэн. “Та намайг таньж байна уу, таны хүчээр 20,30 жил амьд явна шүү дээ” гээд баярлаад хэлж байгаа хүн хүртэл байна. Тэгэхээр бидний мэргэжил бол маш сайхан буянтай мэргэжил. Олон түмэнд буян үйлдэж, олон түмнээс баярлалаа гэдэг үг сонсож байгаагаараа бахархаж явдаг юм даа” хэмээн инээмсэглэлээ. А.Эрдэнэбилэг эмч “Монгол оронд ГССҮТ үүсч хөгжсөний 60 жилийн ой болж байна. Үе үеийн ахмад эмч нар, одоо ГССҮТ-д ажиллаж байгаа эмч, мэргэжилтэн, сувилагч бүх шавь нартаа түүхт 60 жилийн ойн мэндийг хүргэе. Бүгдээрээ эрүүл энх, сайн сайхан байгаасай гэж хүсье” гэсэн юм.
С.ЛХАМСҮРЭН