ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт аялал жуулчлалын цогцолборыг байгуулах ажил үргэлжилж байна. Хэнтий аймгийн Дадал, Батноров, Норовлин, Дэлгэрхаан, Биндэр, Бэрх суманд нийт зургаан цогцолбор байгуулагдах юм. 13-р зууны үеийн түүх, соёлыг харуулсан эдгээр цогцолбор бүхэлдээ “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” нэртэй түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн болно.
Энэхүү бүтээн байгуулалтын нэг Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж байгаа “Андлалын Өргөө” хөшөө олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа. Үүнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ажил бүрэн дуусаагүй байна. Энэ асуудал дээр над руу яагаад дайрсныг би ойлгоогүй. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дадал суманд баригдах Чингис хааны цогцолборыг байгуулахаар болсон. Азийн хөгжлийн банкны санхүүжилт Хэнтий аймагт орох уу үгүй юу гэдэгт л би тухайн үед байр сууриа илэрхийлж байсан. Тиймээс холбогдох яамнаас нь тодруулах нь зүйтэй” гэв.
Мөн нийтлэлч У.Оргилмааг Авлигатай тэмцэх газраас хоёр удаа дуудаж байцаалт, мэдүүлэг авсан. Учир нь түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиас үүдэлтэй ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан гэх асуудалд холбогдуулан гэрчийн мэдүүлэг авсан тухай мэдээлэл цацагдсан. Үүнд “Гэрэл гэдэг хүнд хандаж хэлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслээс савраа татах хэрэгтэй. Хэнээр ч дарамтлуулсан бай би гомдлоо татаж авахгүй. Ингэх тусам нь би хардах болно” гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.