Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг аравдугаар сарын 1-10-нд зохион байгууллаа.
Энэ хугацаанд Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу томуугийн эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр эрсдэлт бүлгийнхэнд хийв. Тодруулбал, томуугийн эсрэг вакциныг аймгийн төвийн 2-5 насны хүүхэд, нийслэлд 6 сартайгаас 9 насны хүүхдүүдийг харьяа дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын болон түр цэгүүд дээр зохион байгуулсан.
Харин 65 буюу түүнээс дээш насныхан, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын болон бусад архаг суурь өвчтэй иргэд харьяа эрүүл мэндийн төвийнхөө дархлаажуулалтын нэгжид вакцинд хамрагдаж байгаа юм.
Дархлаажуулалтын явц 65 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд товлон зарласан хугацаанд дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй эрсдэлт бүлгийнхэн энэ долоо хоногтоо багтаж, харьяа эрүүл мэндийн төвдөө вакцинаа хийлгэх боломжтой аж. Мөн вакцин хийгдээгүй зарим сургууль, цэцэрлэгт энэ долоо хоногт багтан дархлаажуулахаар ажиллаж байгааг албаны хүн хэллээ.
Сайн дурын дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ?
Түүнчлэн иргэд сайн дураараа томуугийн вакцин хийлгэх боломжтой.
ХӨСҮТ-д Даваа-Баасан гарагт 08:30-16:00 цагт томуугийн вакцин хийж буй бөгөөд төлбөр 15,000 төгрөг.
Томуугийн эсрэг вакцинд хүүхдээ хамруулахад анхаарах зүйлс:
- Сүүлийн нэг сарын хугацаанд товлолын болон томуугийн вакцинд хамрагдаагүй байх, хэрэв хамрагдсан бол хойшлуулах ёстой
- Бусад насныханд эсрэг заалт байхгүй
- 6 сартайгаас 2 насны хүүхдүүдийг 2 тунгаар, 3-аас дээш насныхныг 1 удаагийн тунгаар дархлаажуулж байгаа.