Гавьяатын одонгоо Төрийн тэргүүнээсээ гардаж авчихаад, төв талбайд цугласан олны зүг гэнэ сэрэггүй инээмсэглэсээр гарч ирсэн шинэхэн гавьяат Жижирдоржийн Мөнхсайханыг энэ удаагийн “Танайд өнжье” буландаа онцоллоо.
Урлагт олон жил зүтгэж өөрийн гэсэн тодоос тод зам мөрийг үлдээж, жинтэй уран бүтээлүүдийг туурвиж яваа хөдөлмөрийг нь төр үнэлж Монгол Улсын Гавьяат rүжигчин хэмээх эрхэм цолыг хүртээсэн, найр наадам үргэлжилсэн завгүй үеэр нь ярилцаж таарсан юм.
Урлагийнхны ажил цаг наргүй, тэр дундаа төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан гавьяатад баяр хүргэж, дайлж цайлах байгууллага түүнийг тойрч хүрээлсэн хүн бишгүй олон.
Ж.Мөнхсайхан гавьяатын гэр бүлийнхэнтэй бямба гаригийн орой оройн зоог барингаа зургийн цомгоор “аялж” тэдний нандин сайхан дурсамжийг уншигч олонтой хуваалцахаар цаг тохирч нэгэн үдшийг түүний гэр бүл, тойрон хүрээллийн дунд өнгөрүүлсэн билээ. Бямба гаригийн өглөө эрт утас дуугарч байна. Ж.Мөнхсайхан гавьяат “Өглөөний мэнд ахын дүү, баларсан юм боллоо. Шагналыг минь угаахаар манай хэдэн найз Тэрэлжид бяцхан арга хэмжээ зохиож байгаа юм. Би өчигдөр чамд хэлсэн дээ. Манай гэрийнхэн оройдоо амжиж ирж чадахгүй нь. Яах вэ. Та Тэрэлжид хүрээд ирэх боломж байна уу” хэмээв.
Ингээд бид төлөвлөсөн ажлаа зохицуулчихаад харуй бүрийтэй уралдан Тэрэлжид очлоо. Гавьяатын эхнэр Э.Бямбасүрэн “Сайн явж ирсэн үү. Ах, эгч хоёрыгоо ёстой уучлаарай” гэсээр угтаж, хоол цай, идээ унд болов. Гавьяат ч “Төлөвлөснөөс буруу хазгай юм болж дүүгийн ажлыг баллах шахлаа. Уучлаарай” гэсээр угтав. Өнөөгийн манай нийгэмд хүнээс уучлалт гуйна гэдэг том соёл.
Гавьяатын шагналыг тэмдэглэхээр найз Кёкүшюзан Д.Батбаяр дотны цөөхөн хэдэн найзыг нь урьсан нь энэ аж. Биднийг арга хэмжээ болж буй гэрт ороход УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр, жүжижгчин М.Баярмагнай, Монголын Чопперын холбооны тэргүүн, Монголын Таэквондогийн холбооны дэд ерөнхийлөгч тэргүүтэй 30 гаруй хүн сууж байв. Баярт ирсэн хүмүүс гавьяатад зориулж дуу дуулах, бүжгэнд урих зэргээр түүнийг сандалд тухлах завдал үл олгоно. Өөрөө ч их хөдөлгөөтэй хүн. Эхнэр Э.Бямбасүрэн нь “Өдрийн сонин”-ны сэтгүүлч хэмээн зочдод танилцуулж, уйдаахгүй гэсэндээ хэрэндээ л тэрүүгээр хоол цай гээд байж суух газраа олохгүй гүйх нь эдний гэрийнхэн “За гэвэл ёогүй хүмүүс” юм даа гэдэг бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байлаа.
Ингээд завгүй зочдын хажуугаар цаг гаргаж дурсамжаа уншигч олонд хуваалцахаар Ж.Мөнхсайхан гавьяат эхнэр Э.Бямбасүрэнгээ хөтөлж биднийг дагуулсаар өөрсдийн байрлаж буй гэрт орлоо. Бидний яриа түүний гавьяат цол хүртсэнээс эхлэв.
Э.Бямбасүрэн “Хүний гавьяанд бахархаж, баярлана гэдэг чинь сайхан зан чанар шүү. Бид хэд сүүлийн зургаан хоног иймэрхүү л байдалтай байна даа” хэмээн яриагаа эхлүүлэв.
МУГЖ Ж.Мөнхсайхан айлын гурван хүүхдийн гурав дахь нь. Тэрбээр дээрээ ах, эгч хоёртой айлын бага. Эгчийг нь Ж.Өнөгэрэл, ахыг нь Ж.Алтангэрэл гэдэг аж. Тэрбээр 1972 онд хүмүүний энэ орчинд мэндэлжээ. Тухайн үед аав, ээж нь залуу хүмүүс байсан учир түүнийг зургаан сартай байхад нь Яармагт эмээгийнх нь өвөр дээр аваачжээ. Эмээгийнхээ өвөр дээр найман нас хүртлээ эрхэлж өссөн тэрбээр гэртээ ирэхдээ эжий, аавыгаа танихгүй шахам байжээ. Тэр үед аавыгаа “Ах аа” хэмээн дуудах тохиолдол ч байсан талаар дурсаж байв. Ингээд эмээгийн өврөөс аав, ээжийн энэрэл хайранд умбасан авьяаслаг Ж.Мөнхсайхан сургуулийнхаа урлагийн үзлэгийн авралын оч, шинэ жилээр алиалагч болдог байсан гэнэ. Гэхдээ багадаа урлагийн хүн, тэр дундаа жүжигчин болно хэмээн бодож ч байгаагүй талаараа ийнхүү хуучилсан юм. “40 дүгээр сургуулийг буюу арван жилээ төгсөх хүртэл би ийм мэргэжилтэй болно доо гэсэн бодол байгаагүй. Намайг урлагт хөл тавихад нэг л үг нөлөөлсөн. Есдүгээр ангид байхад миний аав тэнгэрт дэвшсэн. Аав ээжид “Миний хүүг урлаг бараадуулбал зүгээр юм байна” гэж хэлсэн гэдэг. Аав минь намайг өөрөөс минь ч илүү их мэдэрч, сонсож, ойлгодог байж” хэмээн дурслаа.
Жижирдоо агсан Соёлын яамны Хянан шалгалтын байцаагч, Говь-Алтай аймгийн уугуул хүн байжээ. Харин ээж Г.Мөнхцэцэг нь Баянхонгорынх аж. Эжий, аавтайгаа өнгөрүүлсэн үй олон нандин дурсамжнаас сэтгүүлч миний асуултад хариулж суухад нүдэнд нь тусах гуниг, баярын харцыг гэргий нь хэзээний мэдэрчихсэн гараас нь атгаад л битүүхэн дотроо санаа алдаж суув.
Ж.Мөнхсайхан эхнэрээ хайрлаж, хүндэтгэх нь түүний үйлдэл бүрээс илт мэдрэгдэнэ. Энэ хоёрыг гавьяатын ажил, амьдралын алтан портенор Магсарын Баярмагнай танилцуулж байжээ. Гэргий Э.Бямбасүрэн Магнайтай нэг нутаг, хар багаасаа тоглож өссөн гэнэ. Энэ талаар Э.Бямбасүрэн “Жүжигчин М.Баярмагнай бид хоёрыг 2003 онд танилцуулж байлаа. Анхны болзоонд ч явж үзэлгүй л гэр бүл болсон доо” хэмээн инээв.
Эхнэр Э.Бямбасүрэнтэй
Ж.Мөнхсайхан гавьяат эхнэрээ танилцуулахдаа “Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайрын Цоржгэмпил овогтой Даваасүрэнгийн Эрдэнэхоролын Бямбасүрэн гэдэг” хэмээн танилцуулахад Бямбаа эгч “Пээ, бүр ингэж танилцуулах юм уу” хэмээн инээлдэв. Тэрбээр айлын том охин бөгөөд дороо хоёр дүүтэй аж.
Тэд голомтоо бадрааснаас хойш гурван охин, нэг хүүгийн ээж, аав болжээ. Хамгийн том охин М.Энхдөлгөөн 25 настай бол бага хүү 12 настай гэнэ. Ганц хүү нь Ж.Мөнхсайханы 37-ных нь жил дээр мэндэлжээ. Мөн зээ охин Анир нь ч мөн хулгана жил төрж, өвөө, хүү, зээ гурвуул хулгана жилд хорвоод мэндэлжээ. Энэ талаар Э.Бямбасүрэн “Монгол хүн аливааг бэлгэшээж амьдардаг. Амины ганц Анир минь төрснөөр манайх гурван хулганатай болсон” гэв.
Гавьяат жүжигчин Ж.Мөнхсайхан МУСГЗ С.Лхасүрэн, Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн удирдлага дор 1996 онд СУИС-ийг төгсжээ. Оюутан насныхаа дурсамжийн талаар тэрбээр “Надад байсан жижигхэн өгөгдлийг хөгжүүлсэн хоёр багшийнхаа ачаар өнөөдрийн энэ түвшинд хүрлээ. Би оюутан байхдаа сургуулиа хаях гэж байсан удаатай. 1994 онд бүгд л ганзагын наймаа эрхэлж байсан үе. Тэр салхинд би ч өртөж, арагшаа наймаанд явдаг байлаа. Таван төгрөгийн бараа харчихаад явж байхад багш маань “Одоо чи хөрсөн дээрээ буу” гэж хэлсэн. Намайг “Сургуулийн төлбөр өндөр байна” гэхэд маргааш манайд хүрээд ир гэсэн. Тэр өдөр намайг СУИС-иас хөөхөд бэлэн байсан, би ч сургуулиас гарна гэсэн бэлтгэлтэй очсон. Сургуулийн захиргааны хурлаар орлоо. Сургалтын төлбөрөө төлөөгүй, 20-иод хоног хичээлээ тасалсан гэсэн “ял” сонслоо. Сургуулиас гаргая гээд “алх тогшдогийн даваан дээр” миний багш “Хэрвээ Жижирдоогийн Мөнхсайханыг хөөх гэж байгаа бол намайг сургуулиас гаргачих. Би хичээл заахаа больё” гэж хэлсэн. Гарна гэсэн бэлтгэлтэй зогсож байсан хүн чинь гайхаад энэ хүн чинь юу хэлчихэв гээд гайхаж, эргэсэн дээ. Багш орой манайд хүрээд ир гэсэн. Яваад очтол 11600 төгрөг өгдөг юм байна. Тухайн үедээ маш их мөнгө л дөө. Багш “За, миний хүү энэ сургуулийг л хаяж болохгүй шүү. Төлбөрийн чадвар, янз бүрийн асуудал байвал маргааш энэ мөнгөөр төлбөрөө төл” гэсэн. Маргааш нь багшийнхаа өгсөн мөнгөөр сургалтын төлбөрөө төлсөн. Уг нь нөгөөдөр нь наймаанд явах байсан. Наймаанд явах бүх ажлаа болиулаад, бүрмөсөн наймаа гэгч зүйлийг хаясан. Надад хүн ингэтлээ итгэж байхад хүн л юм чинь бас юм бодно доо. Ингээд л би урлагийн хүн болохоор эргэж буцалтгүй шийдэж, сургуулиа төгссөн шиг төгсөж, ажилласан шиг ажиллаж явна” гэв. Амьдралыг нь чиглүүлсэн багш нь хэн болох талаар асуухад “Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Сайхансүрэнгийн Лхасүрэн багш маань миний аав гэж хэлэхэд болохоор хүн. Миний багш надад нэг л зүйлийг хэлсэн. “Чи бүтээх гэж байгаа дүрээ яг тэр нөхцөлд нь очоод судалж бай” гэсэн. Намайг өвгөнтийн хөндий рүү хоёр гурван удаа ч хөөж явуулж байлаа. Ер нь тухайн нөхцөлийг нь мэдэхгүй бол дүрээ бүтээж чадахгүй. Намайг хүмүүс “Ээж, эмээ, хэрсүү хүүхдийн дүр маш сайн бүтээдэг гэдэг. Арга ч үгүй биз би чинь найман нас хүртлээ эмээгийнхээ өвөрт, мээмийг нь хөхөж өссөн хүн. Хүн мэддэг зүйлээ маш сайн хийнэ шүү дээ” гэсэн юм.
МУГЖ М.Баярмагнай, МУГЖ П.Эрдэнэзаан нарын хамт
Сургуулиа төгссөн жилийнхээ аравдугаар сарын 2-ны өдөр УДЭТ-т ажилд орж, 2002 он хүртэл долоон жил ажиллажээ. Үүнийхээ дараа “Өнгөт инээд” хамтлагт орж зургаан жил ажиллаад өөрийн продакшныг байгуулжээ. Тэрбээр энэ талаар “Эрдэнэзаан надаас хоёр жилийн өмнө төгссөн, дээд төгсөлт. Харин М.Баярмагнай надаас долоо дор төгссөн. Биднийг “Өнгөт инээд” хамтлаг учруулж, мөр зэрэгцэж бүтээл гаргах хувь олдсон. “Өнгөт инээд” хамтлагт байхдаа тусдаа гарч өөрсдийн хамтлагаа байгуулъя гэж ярилцсан. Энэ хамтлагтаа бид чинь олон жил ажиллачихсан, ээнэгшин дасчихсан байлаа. Би зургаан жил, Заан найман жил ажилласан байсан. Өлзий эгч, Хүслээ ах хоёртоо “Дүү нар нь одоо тусдаа гарч өөрсдийн бүтээлээ туурвилаа” гэж хэлэх мөч хамгийн хэцүү байсан. Яаж хэлэхээ мэдэхгүй тээнэгэлзэж байсан юм. Ийм мөчид шийдвэр гаргах хүн хэрэгтэй юм билээ. Тэр хүн миний найз П.Эрдэнэзаан. “Одоо болсон, бид эрийн цээнд хүрлээ. Шувуу хүртэл даль жигүүрээ ургахаар үүрээ орхиод нисдэг” гээд энэ мэдээгээ эгч, ах хоёртоо хэлээд гарсан даа. Хэлж тайвшраад гурвуулаа гараад, байгаа мөнгөөрөө нэг хонины толгой, шил архитай аваад Туулын эрэг дээр очиж хамтлагийнхаа нэрийг юу гэх үү гээд их ярилцсан. Тэгээд “Маск” дээр тогтсон. Театрын бэлгэдэл нь инээсэн, уйлсан хоёр маск байдаг шүү дээ. Ингээд бид Монголын хошин урлагт театрчилсан бүтээлийг гаргахаар өрх тусгаарлаад өдгөө 15 жил болж байна. Бид байгуулагдсан цагаасаа эхлээд өдийг хүртэл энэ л бүлээрээ явна даа. Хамтрагчаа алдахгүй байхыг эгч, ах хоёр минь сургасан” хэмээн хуучлав.
УДЭТ-т ажиллаж байхдаа бүтээсэн дүрийнхээ талаар тэрбээр “Долоон жил ажиллах хугацаандаа би 5-6 гол дүр бүтээсэн. Энэ дүрүүдээ бүгдийг нь хайрлаж явдаг. Гэхдээ дүрүүдээс минь хамгийн содон нь гэвэл би Ардын жүжигчин С.Сарантуяа эгчийн байгуулсан Драмын мэргэжлийн төвийн тэмцээнд оролцохоор болсон юм. Тэр үед би сонгодог урлагийн оргил болсон Шекспирийн “Отелла” жүжигт тоглосон. 40 минутын турш хоёр хүний дүрд хувирах бүтээл туурвисан. Тухайн үед С.Сарантуяа эгч “Манай төвийн шугамаар зохиогдох Олон улсын фестивальд энэ жүжгээ тогло” гэж хэлсэн. Тэр фестивальд УДЭТ-ын жүжигчдийг хамарсан “Ромео, Жульетта”, “Хаан түүх” гэсэн хоёр том бүтээл шалгарсан. Гуравдугаарт нь өчүүхэн миний бүтээсэн дүр багтаж орсон. Тэр үед би Английн театрын найруулагчаас “Гамлет” жүжгийн номыг хүлээж авч байсан. Тухайн үед орчуулагч нь зөв орчуулсан уу, үгүй юү, сайн мэдэхгүй байна. Ямартаа ч надад “Та бол дэлхийн энтэй жүжигчин. Та үүнийгээ сайн хөгжүүлээрэй” гэж хэлсэн. Тухайн үед их омогшиж билээ” гэв.
Нээрэн ч түүний дүрдээ орох, хувирах чадвартай маргах хүн байхгүй. Урлагт 30 шахам жил хөдөлмөрлөсний дараа тэрбээр ийнхүү гавьяатын цол тэмдгээр энгэрээ мялааж, олон түмэн ч үүнд нь баяртай байгаа. Биднийг ийнхүү хуучилж суухад үүд тогшиж “Таныг одоо түр хүрээд ирээч гэнээ. Нэг арга хэмжээ болох гээд таныг хүлээгээд байна” гэсээр нэгэн эмэгтэй орж ирэв. Ийнхүү бидний дурсамж, дурдатгал яриа өндөрлөсөн юм. Гадаа жиндүү ч гавьяатын баярын үйл ажиллагаа халуун дулаан уур амьсгалтай, амгалан үдшийг намуухан аялгуун дор тэд баяраа тэмдэглэсээр үлдэв.
Тэрбээр “Би хошин урлагийг үгүйсгэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, хүн бүхэнд таалагдах албагүй. Аливаа зүйл 100 хувь хүнд таалагддаггүй. Тиймээс таалах нэгийг нь ав, таалахгүй нэгийг нь хая. Хөдөлмөрлөж байвал эргэн тойрныхоо сөрөг зүйлийг харах сөхөөгүй байдаг. Гэтэл бэлэнчлэх сэтгэлгээтэй, хөдөлмөрлөхгүй байгаа хүмүүс хүний алдаа дутагдлыг хүлээгээд, хараад сууж байдаг юм байна. Хүн болгон л хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг бид ойлгосон” хэмээн ярьж байсан нь бодууштай л санагдсан юм.
Р.ХИШИГЖАРГАЛ