Categories
мэдээ нийгэм

Малын хулгай, хүний амь хөнөөх болон хахууль авах гэмт хэрэг өссөн


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020 оны гуравдугаар улирлын байдлаарх шүүн таслах ажиллагааны тайлан мэдээг өнөөдөр танилцууллаа.

Шүүхийн захиргааны удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн референт Э.Ганцэцэг: Эрүүгийн хэргийн бүх шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хэрэг маргааны шүүн таслах ажиллагааны тайланг мэдээлэв. “Монгол Улсын хэмжээнд 2020 оны гуравдугаар улиралд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 7.2 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 5.5 хувиар тус тус өссөн байна.Анхан шатны шүүх нийт 10,827 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар, давж заалдах шатны шүүх 2,122 хэрэг хянан шийдвэрлэсэн нь мөн оны мөн үеэс 22.3 хувиар тус тус өссөн дүнтэй гарчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.Үүнд,

  • Хүнийг алах гэмт хэрэг 25 хэргээр буюу 14.5 хувиар,
  • Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 28 хэргээр буюу 10.0 хувиар,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 15 хэргээр буюу 10.3 хувиар,
  • Хүчиндэх гэмт 18 хэргээр буюу 6.4 хувиар,
  • Мал хулгайлах гэмт хэрэг 59 хэргээр буюу 20.8 хувиар,
  • Залилах гэмт хэрэг 144 хэргээр буюу 30.3 хувиар,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 52 хэргээр буюу 46.8 хувиар,
  • Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 30 хэргээр буюу 2.6 дахин,
  • Хахууль авах гэмт хэрэг 10 хэргээр буюу 55.6 хувиар,
  • Хахууль өгөх гэмт хэрэг 12 хэргээр буюу 12 дахин,
  • Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг 4 хэргээр буюу 4 дахин,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 160 хэргээр буюу 87.4 хувиар тус тус өссөн байна.

Харин зарим гэмт хэргийн тоо буусан байна.

  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 25 хэргээр буюу 3.0 хувиар,
  • Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг 14 хэргээр буюу 48.3 хувиар,
  • Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7 хэргээр буюу 35 хувиар,
  • Дээрэмдэх гэмт хэрэг 50 хэргээр буюу 18.7 хувиар,
  • Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх 16 хэргээр буюу 32.7 хувиар тус тус буурчээ.

Шүүхээс хянан шийдвэрлэсэн нийт хэрэгт 12,986 хүн, гурван хуулийн этгээдийг гэм буруутайд тооцжээ. Үүний 10,701 хүн, гурван хуулийн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар ял шийтгэл оногдуулсан” гэв.

“Хянан шийдвэрлэсэн гэмт хэргийн улмаас 12,442 хүн, 136 хуулийн этгээд, 266 төрийн байгууллага хохирчээ. Мөн гэмт хэргийн улмаас 97.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна.Нийт 474 хүний амь гэмт хэргийн улмаас хохирсон байгаа нь өмнөх оны мөн үеэс 26.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Түүнчлэн гэмт хэргийн улмаас 6,715 хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хөнгөн хохирол учирсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *